Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны даргыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны даргыг сонгожээ

Сүүлийн хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн Ардчилсан намын аймаг, дүүргүүдийн намын хороодын дотоод сонгууль өндөрлөлөө. Харин дотоод сонгуулийг тойрсон маргаан тасрахгүй байна. Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан гээд цөөнгүй дүүрэг хоёр зэрэг хурал зарлаж, ҮЗХ-ныхоо сонгуулийг тус тусдаа явуулсан мэдээ бий. Энэ мэт намын дотоод сонгуулиас үүдэн гарсан элдэв маргаан болон дүрмийн бус аливаа шийдвэрийг Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо хэлэлцэн шийдвэрлэдэг. Анх энэ хороог Үндсэн дүрмийн хороо нэрээр байгуулж байсан шиг санагдаж байна. Тэгвэл өчигдөр үдээс хойш 16.00 цагаас хуралдахаар зарлагдаад байсан намын Хяналтын ерөнхий хорооны хурал орой 19.00 цагаас хуралдаж,  Хяналтын ерөнхий хорооны даргыг шинээр томилжээ. Өмнө нь энэ албан тушаалыг хашиж байсан Д.Бямбаа төрийн албанд шилжиж ажилласан тул Хяналтын ерөнхий хороо сүүлийн 7-8 сар даргагүй байсан юм байна. Үүнээс шалтгаалан тус хороогоор намын гишүүдээс гаргасан өргөдөл гомдлыг хэлэлцэх боломжгүй байжээ. Харин өчигдөр оройны хурлаар Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны даргаар урьд нь  тус хорооны гишүүнийн сонгуультай байсан Л.Доржсүрэнг сонгожээ. Тэр ч бас мөн л МоАХ фракцид хамаардаг юм байна.

Б.ЗАЯА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж