
Сүхбаатар дүүргийн шүүхийн өмнөх талбайд хоёр салаа үсэндээ лент зүүж бага зэргийн инээвхийлсэн охины зургийг хадгаар ороон энгэртээ тэвэрч зогсох эрэгтэй бол одоогоос хоёр жилийн өмнө хэрцгий алуурчдын гарт хүүхдээ алдсан Ц.Гончиг гэх хүн. Хадганд ороолттой зураг нь нөгөөх алуурчдын гарт амь үрэгдсэн Б охиных. Харин шүүхийн хойд хаалгаар дэгжин хувцастай гар цүнх барьсан 20 орчим насны эмэгтэй баяр наадамд хүрэлцэн ирж байна уу гэлтэй орж ирэв. Түүнийг Ө.Хэрлэнчимэг гэх. Тэрбээр өмгөөлөгч ээжтэй, генерал өвөөтэй, шоронгийн дарга нагацтэй нэгэн. Басхүү шүүх хурлыг таван удаа хойшлуулсан “овоо гэгчийн этгээд”. Энэ удаагийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд 11 цагаас товлогдсон ч шүүх бүрэлдэхүүн 11.30 цагт морилж, өмгөөлөгчид нэг нэгээрээ цуварч ирснээр хурал товлогдсон цагт эхлээгүй юм. Уг нь өчигдөр уг шүүх танхимд бага насны охин санаатайгаар хороосон хэрэгт сэжигтээр татагдсан Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэргийн шүүх хурал болох учиртай. Өмнө нь таван удаа хойшилсон шүүх хурлыг энэ удаад болох байх гэсэн таамгыг үүдэнд хөл гишгэх зайгүй цугларсан сэтгүүлчид ам дамжин ярьж зогсоно. Хөл гишгэх зайгүй сэтгүүлчид зогсож буй нь бас учиртай. Дүүргийн эрүүгийн танхимын үүдэнд зогсож буй дээрх сэтгүүлчдийг цагдаа дотогш нэвтрүүлэхгүй байгаа нь тэр. Хаана ч нэвтэрч сурвалжлага хийх эрхтэй, тэр дундаа нээлттэй шүүх хурлаас мэдээлэл бэлтгэх эрхтэй сэтгүүлчдэд дүүргийн шүүх хаалттай байх нь ийн хачирхал төрүүлнэ. Бид хамгаалагч цагдаад хэд хэдэн удаа орох хүсэлтээ дуулгасан ч сандал хүрэлцэхгүй гэсэн шалтаг тоочсоноор сэтгүүлчдийг мал аятай тууж гаргасан юм. Сурвалжлагч миний бие шүүх танхим руу орж үүдэнд зогсох цагдаагийн ахлагчид “Бид нээлттэй явагдах шүүх хурлаас сурвалжлага хийх эрхтэй” гэж учирлатал, тэрбээр биед бүдүүлгээр халдаж дал мөрнөөс барин чирч гаргаснаар “Хэрэв шүүх хурал хойшлохгүй эхлэхэд хүрвэл хэвлэл мэдээллийнхэн орох ч үлгэр болох нь ээ” гэж бодоход хүргэсэн юм . Ингээд бид шүүх танхимын үүдэнд нэлээд удаан хүлээсний эцэст шүүх бүрэлдэхүүн хурал дахин хойшилсон болохыг мэдэгдэв.Шүүх хурал хойшилсон шалтгаан мөн л өмгөөлөгч ирээгүй гэсэн тайлбарыг өгөв. Өмнө нь таван удаа хойшилсон хуралд өмгөөлөгчид ирээгүй гэх шалтаг сонсогдож байсан. Энэ удаад ч алдсангүй онов бололтой. Өмгөөлөгч ирсэнгүй. Тодруулбал сэжигтэн н.Сарантуяагийн өмгөөлөгч Ганбат шалтгаангүй шүүх хурал тасалсан байна. Бяцхан охиныноо зургийг энгэртээ тэвэрсэн Ц.Гончиг гуайг шүүх танхимаас гарч ирэхийг сэтгүүлчид хүлээх зуур эл хэрэгт сэжигтээр татагдсан эрэгтэйн ээжтэй уулзлаа. Тэрбээр сэтгүүлчдэд нэрээ хэлэхээс татгалзав.
-Өөрөө хүн амины хэргийн сэжигтэн эрэгтэйн ар гэрийн төлөөлөл гэсэн…?
-Энэ хэргийг хэн үйлдсэн, хэн хохирогч, хэн хилс хэрэгт гүтгэгдсэн гэдгийг шүүх бүрэлдэхүүн тогтоох учиртай. Бид шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Бага насны хүүхдийн амь насыг хохироосон гэх хэрэгт сэжигтээр татагдсан хүүхдүүдийн нэгнийх нь ээж юм, би. Энэ хэрэгт хэвлэл мэдээллийнхэн маш их ач холбогдол өгч байх шиг байна. Намайг хүртэл алуурчин болгоод бичсэн байна лээ./ сонин үзүүлэв/. Сэтгүүлчид ч гэсэн хэн нэгнийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө буруутгаж бичих ёсгүй шүү дээ. Хэний ч нэр төр адилхан.
-Та яг хэнийнх нь ээж вэ. Хүүхэд чинь гэмт хэрэгт холбогдолгүй гэх үндэслэл бий юу?
– Эл хэрэгт миний хүү холбогдон шалгуулж байна. Хүн амины хэрэгт шалгуулж буй хүүхдүүд бүгд хилсээр гүтгэгдсэн гэж бодож байна. Миний хүү ч хүн алаагүй.
-Гэм буруутай эсэхийг нь мэдээж шүүх тогтооно. Харин таньд хилсээр гүтгэгдсэн болохыг нотлох баримт бий юу?
-Тэр гэрчийн мэдүүлэг өгч буй н. Азжаргал гэдэг хүнийг сэжигтнээр татагдан шалгуулж байгаа хүүхдүүд бүгд танихгүй гэж байна лээ . Хохирогч Ц.Гончиг гэдэг хүн тэр гэрчийг хаанаас гаргаж ирсэн юм бүү мэд. Зохион байгуулалтай юм биш үү гэж бодоход хүргээд байна.
-Хүүгээ буруугүй гэдгийг нотлох баримт байна уу. н.Азжаргал гэдэг гэрчийг сэжигтнүүд танихгүй гэдгийг нь та яаж мэдэж байгаа юм?
-Угаасаа л зохион байгуулалттай, хилсээр хүүхдүүд гүтгэж байгаа юм чинь. Тэгэж ярьвал эл хэргийн хохирогч охин чинь биеэ үнэлэгч байсан юм. Эцэг эх нь зоддог гээд манай танилын гэрт байя гэж хүртэл хэлж байсан.
Тэрбээр маш их уурлаж, Сүхбаатар дүүргийн шүүхийн хашаан дотор хашгирч гарав. Мөн тэрээр өөр нэгэн мөрдөн байцаагчтай холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд дуулгасан юм. Гэвч бид уг эх сурвалжийн баталгаагүй мэдээллийг авахыг хүссэнгүй.
Харин энэ үеэр шүүх танхимаас гарч ирсэн бага насны хүүхэд онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэгт сэжигтнээр татагдсан 16 орчим настай охиноос ярилцлага авахыг хүссэн боловч түүний эгч О зөвшөөрсөнгүй.
-Дүү тань дээрх хүн амины хэрэгт сэжигтнээр татагдсан гэсэн үү. Насанд хүрсэн үү, хэдэн настай вэ?
-Хууль хяналтынхан угаасаа Ө.Хэрлэнчимэгийн танил найз нарыг нь бүгдийг нь шалгаж байгаа шүү дээ. Манай дүү насанд хүрээгүй. Энэ хэрэгт хэлмэгдэж буй хүүхдүүд ч олон байгаа. Дүүгээс яриа авч болохгүй шүү. Шүүхийн эцсийн шийдвэр гартал бид мэдээлэл өгөхгүй.
-Дүү тань Ө.Хэрлэнчимэгийг өмнө нь таньдаг байсан уу?
-Танил байсан.Гэхдээ хэрэг гарах үед хамт байгаагүй.
-Одоогоор эл хэрэгт сэжигтнээр татагдсан хүмүүсээс хэд нь хоригдож байгаа вэ?
-Ө.Хэрлэнчимэгтэй хамт түүний гурван найз. Нийт дөрвөн хүн хоригдож байгаа гэсэн.
-Дүү тань цагдан хоригдоогүй юу?
-Үгүй. Эл хэрэгтэй холбоотой баримт дурдая. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2008 онд эл хэрэг үйлдэгдсэн бөгөөд сэжигтнээр татагдсан Ө.Хэрлэнчимэг хохирогч охиныг найз залуутайгаа хардаж хоолойг нь боож амийг нь егүүтгэсэн гэх хэрэгт Улсын мөрдөн байцаах газар шалгуулж нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92.2-оор зүйлчилэн ял төлөвлөсөн. Гэвч өнгөрсөн хугацаанд Сүхбаатар дүүргийн шүүхэд таван удаа товлогдож хойшилсон шүүх хурал өчигдөр мөн хойшлов. Хэдийгээр хохирогч охины эцэг хэвлэл мэдээлэлд удаа дараа өмгөөлөгч, шүүгч нарт хандан “ Охиныг минь хороосон этгээдүүдийг яллаж өгөөч” гэсэн хүсэлтийг тавьсан ч эл хэргийн шүүх хурал дахин хойшилсон нь олон нийтэд хүргэх сэтгэл гонсойлгосон мэдээ байв. Ингээд амь үрэгдсэн охины эцэг Ц.Гончиг шүүх хурал хойшилсны дараа сэтгүүлчдэд хандсан юм.
-Шүүх хурал дахиад хойшиллоо?
-Миний балчир охины аминд хүрсэн онц ноцтой хэргийн шүүх хурал дахин хойшилж буй нь харамсалтай байна. Хэдийгээр эл хэргийг нотлох баримт хангалттай бүрдсэн ч шүүх хурал ингэж удааширч байгаад эсэргүүцэж байна. Шүүх хурлын өмнө би бүх сонин хэвлэлд хандсан. Монгол Улсын шударга Ерөнхийлөгчийг энэ шүүх хуралд суугаач гэсэн хүсэлтийг тавина.
-Ерөнхийлөгчид дээрх хүсэлтээ хэдийгээр тавих вэ?
-Өмгөөлөгчтэй зөвлөлдөнө. Хэвлэлийн бага хурал зарлана. Эл хүн амины хэргийн сэжигтнүүдэд өмгөөлөл явуулахаар ажиллаж буй өмгөөлөгчид шүүх хурлыг санаатай хойшлуулж ял завших боломж эрэлхийлж байгаа нь Монгол Улсын хуулийг уландаа гишгэж байна гэж үзэхээс өөр аргаггүй юм. Би Ерөнхийлөгчийг шударга ёс гэж байдаг бол шүүх хуралд оролцооч гэж энэ улсын иргэний хувиар хүсэх байна.
-Хохирогчийн өмгөөлөгчийн эрхийг түтгэлзүүлэх гомдол гаргасан гэж сонссон?
-Танилгүй хүчин мөхөс намайг өмгөөлөгчгүй болгож, хэргийг өөрсдийн талд шийдэх гэсэн оролдого гэдэг нь олон түмний өмнө тодорхой байгаа шүү дээ. Тэд манай өмгөөлөгч н.Баасанхүүг шүүх хуралд ёс зүйгүй үг хэрэглэсэн, миний хэвлэл мэдээлэлд өөрийн хүсэлтээр өгсөн ярилцлагыг өмгөөлөгч зохион байгуулсан гэх үндэслэлээр гомдол гаргасан байна лээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч н.Баасанхүүг ёс зүйгүй үйлдэл гаргаагүй гэж үзсэн. Тиймээс дараагийн шүүх хуралд манай өмгөөлөгч бүрэн эрхтэй оролцоно.
Хэдийгээр өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон ноцтой хүн амины хэргийн шүүх хурал дахин хойшилсон ч хохирогчийн ар гэрийнхэн хэвлэл мэдээллийнхэнд хандан хэвлэлийн хурал зарлаж Ерөнхийлөгчийг шүүх хуралд суугаач гэсэн хүсэлтийг дамжуулж байна. Хэвлэл мэдээлэлийнхэн ч шударга ёсны төлөө хохирогчийн ар гэрийнхний Ерөнхийлөгчид тавих хүсэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Үүнд Ардын эрх сонин ч нэгдэж байна. Бид дараагийн мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Н.Түвшин