
Бундеслигийн тэмцээнд Германы нийт 24 клубын жин жингийн хамгийн шилдэг тамирчид оролцох бөгөөд жингээ үзүүлээд шууд дэвжээнд гарч барилддаг, мөн нийт таван үе барилддагаараа онцлогтой юм. Барилдааны туршид гурван үед ялалт байгуулсан тамирчинд ялалт өгдөг ажээ. Иймээс тамирчин хүнээс өндөр төвшний бэлтгэл сургуулилт, техник, тэсвэр тэвчээр шаардах нь ойлгомжтой.
Б.Наранбаатарын тухайд ойрын өдрүүдэд хилийн дээс алхах бөгөөд нийт есөн долоо хоногийн турш Германд байж, Бундеслигт зодоглохоор бэлтгэлээ базааж байна. Хөлбөмбөгийн лигийн адилаар багийн жин тус бүрийн тамирчид долоо хоногт нэг барилдаан хийдэг ажээ. Манай тамирчин эхний барилдаанаа дэлхийн аваргын мөнгөн медальт Молдавын тамирчин Тулбитай хийх юм.
Гавьяат тамирчин Б.Наранбаатар Монгол Улсаа төлөөлөн анх удаагаа энэхүү лигийн тэмцээнд өрсөлдөх бөгөөд гол зорилго нь цаашид Монголын тамирчдыг энэ тэмцээнд оролцох гарцыг олж нээх явдал гэнэ.
С.Цэлмэг