
Гурван жилийн өмнө Наталя Оросын Перм мужаас Америкад амьдардаг охиныдоо нүүж очсон юм. Гадаадад амьдрах нь өндөр настай хүний хувьд барахгүй даваа байсан тул тэрбээр нутагтаа буцаж ирээд хүүтэйгээ хамт амьдрахыг хүсчээ. Тэрбээр өөрийг нь нутаг буцаах дургүй байсан 60 настай охин Екатеринаг явуулахгүй бол ална гэж сүрдүүлж байж, Америкаас Финланд, Орос гэсэн хол замыг туулж иржээ.
Таягтай арай гэж алхдаг, дээр нь хол зам туулсан эмгэн Петрбург хотын галт тэрэгний буудал дээр хүүтэйгээ уулзана гэж бодож байсан боловч хүүгийнх нь оронд цагдаа нар түүнийг тосон авчээ. Удалгүй эмгэн эмнэлэгт ухаан орсон байна.
Эмгэний хүү 62 настай Михайл ээжийгээ телевизийн мэдээгээр хараад цагдаагын газар очсон аж. Тэрбээр ээжтэйгээ зургаан жил уулзаагүй гэж мэдүүлсэн байна. Михайл ээждээ Сортавала хотод байр авч өгье гэсэн боловч эмгэн хүйтэн газар гэж дургүйцжээ. Харин удалгүй Михайлын гэрт ирж түүнийг заналхийлэх болсон гэнэ. Эмгэний хүүхдүүд бие биенээ үздэггүй бөгөөд хэзээ ч сайн харилцаатай байгаагүй аж. Наталя эмгэн одоо Санкт Петрбургийн нийгмийн халамжийн төвд байгаа гэнэ. Халамжийн төвийн ажилтнууд эмгэнийг хахир, тэвчихийн аргагүй муухай ааштай хүн гэж гомдоллосон байна.
Харин Наталя эмгэн зөвхөн хүүтэйгээ уулзахыг хүсч байгаа аж. Түүнийг телевизээр гарсны дараа ач охин нь ирж, гэртээ байлгахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн гэнэ. Хүү Михайл нь ч түүнийг дахин харахгүй гэсэн аж.
Оросын гэр бүлийн хуульд зааснаар зөвхөн эрүүл саруул хүн эцэг эхийгээ асарч халамжлах ёстой юм. Харин Наталя эмгэний хүүхдүүд бүгд тэтгэвэрт гарсан аж. Одоогоор Петрбург хотын захиргаа эмгэнд өөр гэр орон байгаа үгүйг шалгаж байгаа гэнэ.
Хэн хэнийг нь буруутгах аргагүй энэ явдлаас нэг л зүйл тодорхой байгаа юм. Үр хүүхэд, ач зээ нар нь эцэг эхээсээ нүүр буруулж байна. Үнэн хэрэгтээ энэ явдал гэр бүлийн ёс суртахууныг биш хүмүүсийн харилцаа ямар болсныг харуулж буй бодитой жишээ юм.
О. Халиун