“Эрдэнэс МГЛ” тогтоолыг хэрхэн зөрчив

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс МГЛ” тогтоолыг хэрхэн зөрчив

“Эрдэнэс МГЛ” ХХК  “Таван толгой”-н орд газар олборлолт явуулах оператор компанийг сонгон шалгаруулах тендер зарласан. Уг орд газрыг ашиглахад гар бие оролцоно хэмээн байгуулагдсан Монголын 2000 орчим компанийн нэгдэл болох “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК тус тендерт оролцоогүй нь олныг гайхахад хүргэж олон асуултын тэмдэг тавигдахад хүрсэн юм. Харин тендер хууль бусаар зарлагдсан нь уг тендерт оролцохгүй байх шалтгаан байсан тухай уг нэгдлийн зүгээс тайлбарлаж байна. Монголын стратегийн орд газруудын лицензийг эзэмшигч “Эрдэнэс МГЛ”ХХК нь  УИХ- ын баталсан тогтоол шийдвэрийг хэрхэн зөрчсөн гэж тэд үзэж байна. “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХК-ээс гаргасан тайлбарыг хүргэж байна.

УИХ-ЫН 2010 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 9-НИЙ ӨДРИЙН 39 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙВ

Энэ 2010 оны долдугаар сарын 9-ны өдөр УИХ  “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоол батлан гаргасан билээ.

Энэхүү тогтоолын 1-д “Тавантолгойн нүүрсний ордод  ашиглалтын үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс-Таван толгой” компанийг байгуулж, ашиглалтын  тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх” гэж заасан байна.

Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулах ёстой бөгөөд Компанийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу уг компанийн дүрмийг юуны өмнө боловсруулах ёстой байв.

Олон улсын томоохон хөрөнгө оруулагчид, уул уурхайн аваргуудын анхаарлыг татаж байгаа дэлхийн хэмжээний томоохон орд болох Тавантолгойн ашиглалтын лицензийг хуваалгүй бүхэлд нь эзэмших төрийн өмч давамгайлсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Монголын төрийн өмчит компаниудаас анх удаа  гадаадын нэр хүндтэй биржүүдийн бүртгэлийн шалгуурыг ханган бүртгэгдэх олон улсын хэмжээний  компани төдийгүй Монголын иргэн бүр хувьцааг нь эзэмших анхны компани болох юм.

Ийм учраас уг компанийн үйл ажиллагааны үндсэн хууль нь болох дүрэм журмыг боловсруулахдаа нэгдүгээрт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн засаглалын хэм хэмжээг тусгасан; хоёрдугаарт, хариуцлагатай уул уурхайн зарчмыг тусгасан байх ёстой бөгөөд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн 1.3-т заасны дагуу  ҮЭ байгууллага болон ажил олгогч эздийн байгууллагын оролцоог хангах ёстой.
Ингэсэн нөхцөлд Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болон бүх иргэдийн  ашиг сонирхлын нэгдлийг хангах бөгөөд гадаадын томоохон биржийн бүртгэлийн шалгуурыг хангах боломжтой болох юм.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхийн тулд дүрэм, журамдаа сайн засаглалын болон хариуцлагатай уул уурхайн зарчмыг тусгахаас гадна эдгээр зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж чадахуйц Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх ёстой. Ийм учраас дараагийн шатанд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд тавих шаардлагыг нийтэд зарлаж, ТУЗ-д нэр дэвшүүлэх ажиллагааг ил тод явуулах ёстой.
Дээрх тогтоолын 2-т “Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараахь арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх:
а/Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;

б/хувьцааны 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн  үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах;

в/хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах” гэж заасан байна.

Тогтоолын энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн гэдгийг хэрхэн тодорхойлох тухай журмаа гаргаад, үүнд нийцүүлэн Тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдан авах авах  эрхтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалт гаргах ёстой.
Үүний дараа нэг аж ахуйн нэгжид хэдэн ширхэг хувьцаа оногдох, нэгж хувьцааны нэрлэсэн үнэ ямар байхыг тодорхойлж, аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах ёстой.

Тавантолгойн ордын жинхэнэ эзэд нь монголчууд өөрсдөө байх ёстой гэсэн уриан дор Монголын 1500 компани нэгдэх үйл ажиллагаа 2-хон долоо хоногийн дотор явагдаж,  1.5 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй үндэсний нэгдэл байгуулагдаж байсан бол аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх ажлыг Засгийн газрын агенлагуудын оролцоотойгоор хийж, анхны 30-40 тэрбум төгрөгийг босгох ажилд  дээд тал нь нэг сарын хугацаа л шаардана.

     Дээрх ажиллагааг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэсэн үед төр хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн зохистой хэлбэр болсон төрийн өмч давамгайлсан “Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой болно.

Үйл ажиллагаа нь тогтворжсон, татвараа төлдөг, өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа үндэсний компаниуд хувьцааных нь 10 хувийг эзэмшдэг, үлдэх 90 хувийг Монголын төр эзэмших учраас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зохистой хэлбэр гэж үзэж байна. Монголын нийт иргэдэд  хувьцаа эзэмшүүлэх улмаар хөрөнгийн биржээр тодорхой хэсгийг арилжих хүртэл төрийн мэдэлд хувьцааны 90 хувь нь байх болно.

Монголын иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх ажил тодорхой хугацаа шаардана. Гэхдээ энэ ажлыг хүн амын шинэчлэсэн бүртгэлийн ажлыг хийж дуусахтай зэрэгцэн дуусгах боломжтой.
 
Сүүлийн сард олон улсын санхүүгийн томоохон байгууллагуудын оролцоотой хөрөнгө оруулагчдын хэд хэдэн семинар гадаад, дотоодод болж, Монголд хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцлээ.
    
Олон улсын санхүүгийн зах зээлийн гол оролцогчид Монголд, ялангуяа Монголын уул уурхайд хөрөнгө оруулахад бэлэн байгаа нь эдгээр семинарын явцад тодорхой харагдлаа.

    Монголдоо л томоохон санхүүч гэж тооцогддог УИХ-ын гишүүн О.Чулуунбат Монголын уул уурхайн сэтгүүлд Тавантолгой төслийн санхүүжилтийн асуудлаар өгсөн  ярилцлагадаа “Олборлолт хийж үйл ажиллагаа жигдрэх хүртэл гадаадын санхүүгийн байгуулагаас зээл авч санхүүжүүлэх нь зүйтэй. Учир нь үйл ажиллагаа нь жигдэрч, борлуулалт хийгээд эхэлчихсэн хойноо биржид гарвал хувьцаагаа үнэ хүргэх боломжтой. Фрийдландад зээл олгохгүй олон  улсын санхүүгийн байгууллагууд Монголын Засгийн газарт бол зээл олгох нь гарцаагүй” гэж хэлсэн нь үнэхээр авууштай санаа.

   Гэтэл Төрийн өмчийн хороо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулах ажлаа хийлгүй гурван сарыг үдээд байна.

Эхний ээлжинд Монголын аж ахуйн нэгжүүдэд хувьцаагаа нэрлэсэн үнээр нь худалдах ажиллагааг хэрэгжүүлснээр олон улсад хүлээн  зөвшөөрөгдсөн стандартаар ордын нөөцийн үнэлүүлэх, сорчлон ашиглахаар тооцож Канадад  зориулан Канад компанийн хийсэн Техник-эдийн засгийн үндэслэлийг биш, Тавантолгойн ордын нөөцийг аль болох бүрэн дүүрэн, зөв зохистой ашиглах Техник-эдийн засгийн үндэслэлийг нэр хүндтэй байгууллагаар хийлгэхэд шаардагдах 15 орчим сая долларыг  богино хугацаанд төвөггүй олж чадна.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасны дагуу хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжих ажиллагааг дараагийн ээлжинд хийх шаардлагатай бөгөөд эндээс олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх, эхний 1-2 жил үйл ажиллагаа явуулахад  шаардагдах хөрөнгө босгох боломжтой.
 
Энэ ажлыг Засгийн газар бүү хэл Монголын компаниуд хийж чадна гэдгийг Ухаа худагт олборлолт явуулж байгаа “Энержийн ресурс”-ийнхэн харуулаад байна.

Монголын уурхайн корпораци /Mongolian Mining Corporation буюу бидний мэдддэгээр “Энержи ресурс”/ Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа худалдах үйл ажиллагаа эхэлчихээд байна. Нэр хүндтэй санхүүгийн шинжээчид энэ үйл ажиллагаа амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Монголын томоохон компаниудын консорциумаас Тавантолгойн ордын лицензийг буцааж аваад “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлсэн.
Уг ордын нэг хэсгийг эзэмшиж үлдсэн монгол компаниудын нэгдэл болох “Энержи ресурс” олборлолт, зам тавих ажил, цахилгаан станц барих ажлаа аль хэдийнэ эхлээд өмний говьд монгол уурхайчид тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлсэн тохилог тосгон босгоод амжжээ. Одоо хот байгуулалтын ажлаа эхэлчихсэн байна. Тэнд Монгол инженерүүдийн ур ухаанаар, монгол ажилчдын гараар бүтээн байгуулалт хийгдэж байна. Мэдээж гадаадын өндөр мэргэшилтэй зөвлөхүүд байгаа.

Хөрөнгийн биржээс босгосон мөнгөөрөө төмөр зам тавьж, бүтээн байгуулалтын ажлаа үргэжлүүлэх гэж байна.

Гэтэл “Эрдэнэс МГЛ” юу ч үгүй хоосон сууж байна. УИХ юу хийх ёстойг нь тодорхой заасан тогтоол гаргаж, эрх мэдлийг өгөөд гурван сар болчихоод байхад бүх ажлыг толгойноос нь биш хойноос нь эхлээд л. Төр хамгийн муу менежер гэдгийн хамгийн сонгодог жишээ болж түүхэнд үлдэх гэж хичээж байна уу гэмээр санагдах юм.
 
УИХ-ын тогтоолын дараагийн заалт нь: “Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг  барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх” гэсэн заалт байгаа.

Ил уурхайн аргаар нүүрс олборлосон 50 жилийн туршлага  монголчуудад бий. Гэтэл ил уурхайн аргаар олборлолт хийх гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахаар “Эрдэнэс МГЛ” компаниас зарласан тендерийн материалаас үзэхэд түүнийг зөвхөн гадаадынханд тэр ч бүү хэл тодорхой нэг компанид зориулсан гэж үзэж болохоор байна. Уг тендерийн сонгон шалгаруулалтын материалын нэг хэсгээс иш татаад үзье.

“Гэрээт олборлолтын чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх. Энэ шаардлагыг хангахын тулд мэдүүлэг ирүүлэгч 3 ба түүнээс дээш улсад уул уурхайн төсөл хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг ирүүлэх шаардлагатай” гэсэн байна.

“Эрдэнэс МГЛ” ХК уурхайд олборлолт хийх гүйцэтгэгчийг шалгаруулах гэж гадаадынхныг урьж байхаар Цанхийн хэсэгт олборлосон нүүрсийг баяжуулах, сортлон ялгах, улмаар түүнийг гүн боловсруулах үйлдвэр барих зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, Ухаа худаг ба Цанхийн хэсгийн баяжмалыг худалдан авах замаар үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэх талаар нэр хүнд бүхий компанийг сонгон шалгаруулж, хамтран ажиллах нь арай илүү урагштай алхам болох биз.
Үүний зэрэгцээ шаардагдах дэд бүтцийг барьж байгуулах ажилд анхаарлаа хандуулан ажиллаж баймаар юм.

  Гэтэл энэ бүхнийг хийлгүй монголчууд өөрсдөө чадаад ирсэн ажлыг заавал гадаадынхнаар хийлгэхээр сонгон шалгаруулалтыг хууль зөрчин байж яаран зарлаад байгаа “Эрдэнэс МГЛ” ХК болон Төрийн өмчийн хорооны удирдлага хэнд үйлчлэхийн тулд УИХ-ын тогтоолыг зөрчсөн үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ гэдэг асуулт гарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж