Ажилгүйдэл буурсан гэв үү?

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Ажилгүйдэл буурсан гэв үү?

Гадуур дүүрэн ажилгүй хүмүүс байна. Айл өрх бүрт ажилгүй хүмүүсийн талаарх яриа өрнөнө. Ажил хийхгүй юм бол юунд сургууль төгссөн юм, заавал өндөр цалин хүлээх хэрэг байна уу залуу хүн ямар ч ажил хийсэн яахав дээ гэхчилэн зэм сургамжийг зэрэг сонсох хүн олон болжээ. Гэтэл гэртээ ажилгүй гиюүрч суугаа хүмүүсээс дутахааргүй олон ажлын байр эзнээ хүлээж байна гэх юм. Яг одоогийн байдлаар 13 мянга орчим сул ажлын байр байна гэсэн мэдээллийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар хэлж байсан. Ажил нь эзнээ хүлээж, ажилгүйчүүд нь ажил хайсан зөрүү тавиланг нэгэн зүгт эргүүлж огтлолцуулах л үлдээд байна. Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулсан. Хөдөлмөрийн яармагийн үеэр 60 гаруй компанийн 1080 ажлын байр зарлагдсан. Гэвч энэ бол 1080 хүн ажилтай болсон гэсэн үг биш юм. Харин 1080 ажлын байран дээр хэчнээн мянган хүн бүртгэж авсан байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр “ажилгүй” гэх тодотголтой иргэдийн олонх нь залуучууд. Их дээд сургууль төгсөгчдийн цөөнгүй хувь нь 2-2,5 жилдээ ажил хөдөлмөр эрхэлж амждаггүй гэсэн судалгааны дүн ч үүнийг батална. Гэтэл хөдөлмөрийн яармаг руу ажлын байр хайж очсон хүмүүсийн дунд залуучууд тун цөөн харагдсан. Ихэнх нь ахимаг насныхан байх бөгөөд тэд өөрсдөдөө ажил хайгаад зогсохгүй хүүхдүүдээ ч давхар бүртгүүлчих санаатай зорин очсон байсан юм.

Улсын хэмжээнд ажилгүйдэл хичнээн хувьд хүрээд  байгааг  нарийвчлан гаргасан баттай тоо өнөөдөр алга. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр бол 11 хувьд хүрсэн ажилгүйдлийн төвшинг мэргэжлийн яам нь 3-4 хувь болгон бууруулж мэдээлдэг. Үүнийгээ аргачлалын зөрүү хэмээн тайлбарладаг ч 2015 он гэхэд ажилгүйдлийн төвшинг 2,5 хувьд хүргэх үүрэг амлалтаа биелүүлэхэд хол байгаа нь харагдана. Дэлхий нийтээрээ өртсөн санхүү эдийн засгийн хямралын үеэр АНУ-ын долоон мужид ажилгүйдэл 8,2 хувьд хүрсэн бөгөөд ажилгүйдлийн төвшин одоо ч буураагүй гэсэн мэдээлэл хэвлэлүүдэд олонтаа гарсан. АНУ-д ажилгүйдэл дээд тал нь 12 хувьд хүрч байсан гэх мэтчилэн тив алгассан мэдээллийг хэн хүнгүй сайн мэддэг. Гэтэл манай улсын ажилгүйдэлд эдийн засгийн хямрал хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг мэдээлэл өнөө хэр алга. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны мөн үед 40146 байсан бол энэ онд 39599 болон буурсан гэж саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас мэдээлсэн. Бусад улс оронд одоо ч өссөөр байгаа ажилгүй хүний тоо манайд буурч байгаа гэнэ. “Манайхан сүрхий юм болохоор хүмүүсээ ажилгүйдлээс авран хамгаалж чадсан” гэсэн бодол надад л лав төрөхгүй байна.  Зарим эдийн засагчид ажилгүйдлийн төвшинг таван хувиас хэтрүүлээгүй тохиолдолд хэвийн гэж үздэг. Салбарын яамнаас гаргасан статистикаар бол манай улсад ажилгүйдлийн төвшин хэвийн мэт харагдана. Гэвч харамсалтай нь амьдрал дээр хэвийн бус байна. Тогтсон ажил хөдөлмөр эрхлээгүйгээс болж хүмүүс орлогогүйдэж, орлогын хомсдлоос сэтгэхүйн хомсдолд шилжиж байна гэвэл дэгс дүгнэлт болохгүй. Олоон жилийн дараа уулзаж буй танилууд хүртэл “За ямар ажил алба хашиж байна даа” асуудаг нь ёс. “Ажилгүй ээ хө, гэртээ л сууна” гэдэг үгийг сонссон хэний ч дуу нь сулраад ирдэг гэж ажлын эрэлд хатсан нэгэн өгүүлсэн юм. Үнэхээр ч ажилгүй байна гэдэг хамт олонгүй, найз нөхөдгүй байна гэсэнтэй утга нэгэн болжээ. Арга ядсандаа “Хувиараа л нэг юм аялуулж байна даа” хэмээн хүмүүсийн ам таглаж яваа хүн олон. Хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд ч хүндрэл бэрхшээл мундахгүй. Тэдэнд хамгийн түрүүн  хувийн бизнесээ хөгжүүлэх санхүү, эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй болдог. Гэтэл банкны зээлийн хүү өндөр, барьцаа шаардлага нь тэнгэрт хадсан байдгаас тэд 6-8 хувийн хүүтэй мөнгө зээлэн түүнийгээ өсгөх гэж үйлээ үзнэ. Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн жижигхэн худалдааны төвд л гэхэд 100 гаруй хүн лангуу түрээслэн ажилладаг. Гэтэл тэдэн дунд өөрийн хөрөнгө мөнгөөр бизнес эрхэлж байгаа нь хуруу дарам цөөн байгаагаас олны дунд “Ногоон карт” гэж нэрлэгдсэн зээлийн үйлчилгээ газар авчээ. 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийг 50-80 хоногийн хугацаанд 6-8  хувийн хүүтэйгээр зээлдүүлдэг нэгэн төрлийн мөнгө угаах бизнес тус худалдааны төвд дэлгэрээд удаж байна. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зөвхөн энэ онд л гэхэд ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр долоон тэрбум төгрөгийн зээлийг бизнес эрхлэгчдэд бага хүүтэйгээр зээлүүлсэн байна. Тэр зээл нь эзнээ олж очиж чадаж байна уу гэдгийг эргэн хянадаг нягталдаг нь юу л бол.

Ажилгүйдэл гэдэг тулгамдсан асуудал болоод байгааг ойлгосон гүйцэтгэх засаглалынхан энэ оноос арга барилдаа бяцхаан өөрчлөлт оруулж, шат шатны Засаг дарга нарын ажлыг дүгнэхдээ хэд хичнээн ажлын байр бий болгосныг нь харгалздаг болж байгаа сурагтай. Үнэхээр харгалзаад эхэлбэл ганц нэг хүн ч болтугай ажилд орох нь мэдээж. Гэвч аливаа тогтоол шийдвэр, захирамж даалгаврын биелэлтийг бодит амьдралаас бус цаасан дээрх тоогоор дүгнэж сурсан манай улсад энэ заалт биелнэ гэдэг эргэлзээтэй.

Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн зах зээл дээрх харилцаанд доголдол их байна. Ажил олгогч, ажилтан ажиллагсдын хэн нь ямар эрх үүрэгтэйг Хөдөлмөрийн хуулинд заачихсан байдаг ч мөрддөг нь үгүй. Ажил олгогчийн эрхийг ажилтан, ажиллагсдаас дээгүүрт тавьсан байгууллагын дотоод журам гээчийг зохион түүнийгээ мөрдүүлэн ажилладаг болсоор удаж байна. Ийн ажил олгогч, эздийн зохиосон тоглоомын дүрэм хуулиас дээгүүр үйлчилж байгаа нөхцөлд ажилчдад эрх ашиг гэхээсээ зөвхөн үүрэг л ногддог.  Ялангуяа хувийн хэвшлийнхэнд Хөдөлмөрийн тухай хууль,  дүрэм журам яриад ч нэмэргүй. Ажлын цагаа барьж ажилладаг газар нэгээхэн ч үгүй. Илүү цаг, шөнийн цагийн нэмэгдэл олгохоор амладаг ч  тооцоод томъёолоод өгдөг өгөөмөр ажил олгогч бараг үгүйгээс хүмүүсийн итгэл алдарч ажил хайхаас ч төвөгшөөхөд хүрдэг байна.

Төсөвт байгууллага, төрийн албаныхан ч ялгаагүй ажлын найман цагтаа ажиллах нь ховор.  Тэднийг шөнө дөл болтол ажилдаа зүтгэлээ гээд дарга нарынх нь хангамж, зэргэмж өсөхөөс эгэл жирийн албан хаагчид илүү цагийн мөнгө ч олдохгүй. Ийм шударга бус харилцаа үйлчилж буй тохиолдолд ажилгүйдлийн төвшин буурах болов уу. Зогсвол зоос, хөдөлбөл хөлсөөр хэмжигддэг болсон өнөө цагийн алхааг хөдөлмөрийн харилцаа нь гүйцэхгүй доголдчихоод байгаа энэ цаг үед “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулган”-ыг шат шатнаас нь эхлэн зохион байгуулж байгаа нь олзуурхууштай. Ямартай ч хөдөлмөрийн зах зээлд шударга ёсыг тогтоож байж л ажилгүйдлийг бууруулах боломж бүрдэх юм.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж