-Ерөнхийлөгчийн зүгээс бүх шатны шүүхийн шүүгчдийн томилгоон дээр ямар зарчим баримталж байгаа вэ. Байсхийгээд аль нэг шатны шүүхийн шүүгчдийн томилгоо явуулдаг. Ямар тохиолдолд шүүгчдийг шинээр томилдог вэ?
-Шүүгч нарын томилгооны хувьд аль нэг шүүгч тэтгэвэрт гарсан юм уу, ажлаасаа чөлөөлөгдсөн нөхцөлд шинэ хүн нэр дэвшиж орж ирдэг. Анхан шатны шүүхийн шүүгчид хуульч мэргэжилтэй хүн нэрээ дэвшүүлэх эрхтэй. Давж заалдах шатны шүүхийн шүүгчид гол төлөв шүүгч байсан хүн анхан шатны шүүхээс дэвшиж нэр дэвшдэг. Дээд шүүхийн шүүгчид мөн ялгаа байхгүй шүүгч байсан хүмүүсээс томилдог. Байнга үргэлжилж байдаг процесс. Шүүгч нарыг хугацаагүй томилдог учраас үндсэндээ тэтгэвэрт гарсан нөхцөлд л нөхөн томилдог юм.
-Энэ зарчим бүх шүүгчид хамаатай юу?
-Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч нарыг зургаан жилийн хугацаагаар томилдог. Зургаан жилийг дуусгаад улираан томилж болно. Хэрэв чөлөөлөгдвөл шинээр ерөнхий шүүгчийг томилдог. Монгол Улсын Ерөнхийлөгч ямар бодлого баримталж байгаа вэ гэвэл анхнаасаа л шударга ёсыг тогтооно гэж хэлсэн. Тэр л шалгуураар шинээр томилогдож байгаа шүүгч, дэвшиж байгаа шүүгч нарыг шалгаруулж томилж байна. Арав гаруй шүүгчийг томилоод байгаа. Цөөн тооны хүнийг томилохоос татгалзаж буцаасан. Зарчмын хувьд арай ил тод байх, шүүгчээр хэнийг томилов гэдгийг олон нийт мэдэж байхуйцаар ил тод журам нэвтрүүлж байна.
-Тэр нь ямар агуулгатай журам бэ?
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн хүний нэрийг дэвшүүлэн ирүүлж байгаа нөхцөлд шүүгчид нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчийн веб сайт дээр илээр тавьдаг болсон. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр ч мэдээлж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч нэг сарын дотор нэр дэвшигчдээс сонгож шүүгчээр томилох хуультай. Тэр нэг сарын хугацаанд иргэд, төрийн бус байгууллагууд ямар санал бодолтой байна вэ гэдгийг хүлээж авч, шаардлагатай нөхцөлд өргөдөл ирвэл сахилгын хороо, өөр бусад холбогдох газарт явуулж шалгуулдаг. Иргэд, олон нийтийн санаа бодлыг авч байгаа. Ийм байдлаар шүүхийн томилгоог харьцангуй ил тод нээлттэй хийдэг болсон. Хуучин бол шүүгчийн туслах голдуу хүмүүс их төлөв шүүгчээр томилогддог байсан. Тийм практик явж ирсэн. Түүнийг өөрчилж аль болохоор өөр бусад хуульч мэргэжлийн хүмүүс, өмгөөлөгч, прокурор нараас шүүгчээр томилж, шүүхийн цус ойртсон харилцааг саармагжуулж, гаднаас хүмүүс оруулж ирж байна. Шүүх дотор гэр бүлсэг харилцаа үүсчихсэн нь нууц биш. Ах дүүс, төрөл садан, үр хүүхэд нь томилогддог. Тэр байдлыг өөрчилж байна. Аль болохоор шүдарга байдлаар томилгоо хийх зарчим баримталж байна.
-Энэ жил шүүгчдийн хэдэн хувь орчим нь шинэчлэгдэж байгаа бол?
-Жилд дунджаар 15-16 орчим шүүгч шинээр томилогддог. Одоо бол Дээд шүүх, анхан шат, давж заалдах шатны шүүхээс тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон шүүгч нар бий. Тэднийг тэтгэвэртээ гарахтай зэрэг тэр орон тоон дээр шинэ шүүгч нар томилно. Өнөөдөр гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1,2-т заасныг баримтлан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн зарлиг гаргаж, Цэвэгмидийн Зоригийг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Нопын Болормааг Дорноговь аймгийн шүүхийн шүүгчийн, Гунаагийн Сүрэнг Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгчийн, Намжилцэрэнгийн Дэлгэрмааг Завхан аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилоод байна.
Холбоотой мэдээ