Шинжлэх ухаанд мэдэгдээгүй шинэ хэл нээв

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Шинжлэх ухаанд мэдэгдээгүй шинэ хэл нээв

Америкийн эрдэмтэд шинжлэх ухаанд өнөөг хүртэл мэдэгдээгүй байсан хэлийг Гималайн нурууны бэлээс нээжээ. «Уолл-стрит жорнэл» сонины мэдээлснээр, «коро» гэж нэрлэсэн энэ хэл Энэтхэгийн зүүн хойд нутгийн Аруначал-Прадеш мужийн баруун нутгийн салбар уулын дагуу тархсан байна.

Маш ширүүн урсгалтай голууд, хад цохиотой уулсаар ертөнцөөс тусгаарлагдсан хэд хэдэн тосгоны оршин суугчид коро хэлээр ярьдаг ажээ. Тэд хулсан овоохойд аж төрдөг бөгөөд ан гөрөө хийн амь зуудаг байна. «National Geographic» сэтгүүлийн тусгай төслийн хүрээнд зохион байгуулсан аяллын үеэр энэ хэлийг нээжээ. Төслийн гол зорилго нь устах аюул нүүрлээд байгаа хэлүүдийг баримтжуулах юм.

«Тэдний ярьдаг хэлний авиа, үг болон өгүүлбэрийн бүтэц нь бусад хэлээсээ онцгой ялгаатай» гэж төслийн удирдагч Грегори Андерсон хэлжээ. Тэрбээр шинэ нээсэн хэлнийхээ талаар «Indian Linguistics» сэтгүүлийн ойрын дугаарт тодорхой бичих бодолтой байгаа аж.

Коро хэл нь 400 орчим хэл багттдаг түвд-бирм хэлний төрөлд хамаардаг байна. Зөвхөн Энэтхэгт л гэхэд түвд-бирм төрөлд багтдаг 150 хэлээр ярьдаг ажээ. Коро хэлийг эзэмшигчдэд бичиг үсэг байхгүй байна. Эрдэмтэд тэдний яриаг дуу хураагуурт буулган авсан бөгөөд коро хэлний онлайн толь бичиг бүтээх гэнэ.

Шинжлэх ухаанд мэдэгдсэн 6909 хэлний тал орчим нь энэ зуун жилд устаж магадгүй гэж «Уолл-стрит жорнэл» сонинд бичжээ. Тус сонинд бичснээр, хоёр долоо хоног бүр манай гарагийн ямар нэг хэлийг мэддэг сүүлийн хүн нас бардаг байна.

Эх сурвалж: www.inet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж