Сайн түнш байж чадахаа Францын сайд илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Сайн түнш байж чадахаа Францын сайд илэрхийлэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай улсад айлчилж байгаа Франц улсын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны сайд хатагтай Анн-Мари Идракийг өнөөдөр хүлээн авч уулзав.
     Манай улсын хувьд Европын орнуудаас эртнээс харилцаатай нь Франц улс. Монгол Улсын ардчилсан сонголтыг Франц улс анхнаас нь дэмжиж, тал бүрийн туслалцаа үзүүлж ирсэнд монголчууд талархалтай байдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлов.
      Парламент хоорондын харилцаа нь хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэрбээр онцлоод Монгол, Францын парламентын харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж гишүүд арга туршлагаа хуваалцах, санал бодлоо солилцохын зэрэгцээ Тамгын газруудын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг тэмдэглэв.
     УИХ улс орныхоо хөгжлийн хэтийн чиглэлд ихээхэн анхаарч, Европын парламенттай ойр дөт холбоотой ажиллах, Европ стандартыг хөгжлийн түлхүүр болгон ашиглах зорилт тавьж буйг УИХ-ын дарга дурьдаад энэ талаар манай эртний түнш, Европын Холбооны нөлөө бүхий орны хувьд Франц улс тусална гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Мөн хоёр орны хооронд цөмийн эрчим хүч, ураны салбарт хамтран ажиллах боломж тавигдсаныг онцлоод Гадаад худалдааны сайдын энэхүү айлчлалын дараа хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа улам эрчимжиж илүү ахиц үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа хэллээ.
     Хатагтай Анн-Мари Идрак цаг гарган хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлсэнд нь УИХ-ын даргад  талархал илэрхийлээд Монгол Улсад хийж буй айлчлал нь амжилтттай эхэлсэнд сэтгэл хангалуун байгаа, мөн цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт маргааш гарын үсэг зурах гэж буйгаа дурьдав.
     Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг улам эрчимжүүлэхэд энэ удаагийн айлчлал нь чухал алхам болно гэдэгт итгэж буйгаа тэрбээр хэлээд ардчилал, хүний эрх, сайн засаглалын хүрээнд Монгол Улстай улс төрийн туршлагаа хуваалцахад францын тал бэлэн байгаа, мөн ашигт малтмалын орлогоос олсон ашгийг ард иргэддээ тэгш хуваарилах, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах чиглэлд монголчуудын сайн түнш байж чадахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж