Willy Wonka-гийн өвөрмөц бохь бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Willy Wonka-гийн өвөрмөц бохь бүтээжээ

Их Британийн Норвичийн их сургуулийн хүнсний судалгааны институтын эрдэмтэн, судлаачид тун өвөрмөц нэгэн бохь бүтээжээ. Жүжигчин Жонни Деппийн тоглосон бидний сайн мэдэх “Charlie and the Chocolate Factory” кинонд олон тансаг, гэхдээ тун өвөрмөц амттан гарч, үзэгчдийн арааны шүлсийг асгаруулдаг. Харин тэдгээрийн нэг болох гурван төрлийн амттай бохийг эрдэмтэд бүтээсэн байна. Нано технологи ашиглан бүтээсэн уг бохь нь гурван өөр төрлийн амттай бөгөөд эхлээд амандаа хийхэд нэг амт, зажилж эхлэхэд өөр амт, хэсэг хугацаанд зажилсны дараа дахин өөр амт амтагдах аж. Тэгэхдээ бүр огт өөр санаанд оромгүй, улаан лоолийн шөл, шарсан мах, нэрсний бялуу амтагдах гэнэ. Тэгэхээр ганцхан бохь зажлаад л нэг, хоёрдугаар хоолыг дессерттэй нь хамт амтлах боломжтой гэсэн үг юм. Энэхүү бохийг бүтээсэн профессор Дейв  Харт шинэ бүтээлээ Willy Wonka хэмээн нэрлэсэн бөгөөд “Willy Wonka-гийн гайхамшигт амттангууд дэлхийн сая сая хүүхдүүдийн мөрөөдөл байсаар ирсэн. Харин шинжлэх ухаан болоод технологийн ололт дэвшил ирээдүйн хоол хүнсийг өөрчилж байна. Энэхүү гурван өөр амттай бохь бол үүний илрэл юм” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж