
ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн сарын эхээр болсон бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэн С.Батцэцэг өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин цолныхоо найрыг хийх гэж байна.
Монголын түүхэн дэх чөлөөт бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга болсон түүний амжилтыг үнэлж, тэмцээнээ дуусгаад эх орондоо ирсний дараа Ерөнхийлөгчийн зарлигаар С.Батцэцэгт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгосон билээ. Харин шинэхэн дэлхийн аварга, залуу гавьяат маань гавьяатынхаа найрыг өнөөдөр орой “Баянгол” ресторанд хийхээр болсон байна. Түүний найранд спортын салбарын зүтгэлтнүүд, үе үеийн шилдэг тамирчин, дасгалжуулагчдаас гадна улс төр, урлагийн салбарын алдартнууд уригджээ.
С.Батцэцэгийн дасгалжуулагч З.Дүвчин мөн өчигдөр “Баянгол” ресторанд гавьяат дасгалжуулагч цолныхоо найрыг хийсэн юм.
Ш.Тэргэл