Х.Лхагвасүрэн “Гүн цэнхэрхэн далай ээж”-ийг амилууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Х.Лхагвасүрэн “Гүн цэнхэрхэн далай ээж”-ийг амилууллаа

УИХ-ын гишүүн Л.Гүндалайн нууц авьяас тодорч муугүй зохиолч, бас шүлэгч гэдэг нь илэрч байна. Тэрбээр өнгөрсөн жил Хөвсгөл нуурын хөвөөнд өнгөрөөсөн бага нас, Германд үдсэн оюутан цагаа дурсан “Хайрлахгүй байхын аргагүй” гэсэн дурсамж ном хэвлүүлсэн билээ. Хэн хүний сонирхол татахаар хөнгөн, эвлэгхэн бичсэн тэр номыг эрхэм гишүүд гар дамжуулан уншицгаасан. Бусад шиг биеэ магтан хийсэн ажлаа тайлагнах бус, бага залуу насны хөөр хөгжөөн, гэнэн цагаахан алдаа, дэггүй сурагч хөвгүүний дэврүүн мөрөөдөл бүхнээ дурсан бичсэн нь уншигчдын сонирхлыг татаж байсан юм. Тэгвэл эрхэм гишүүн Л.Гүндалай саяхан “Гүн цэнхэр Хөвсгөл далай ээж” гэсэн дууны шүлэг бичиж Г.Гантөрөөр ая хийлгэжээ. Хараахан олны хүртээл болоогүй, удахгүй сюрприз болгон дэлгэх эл дууг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн амилуулсан байна.

Жинхэнэ мэргэжлийн дуулаачдын хоолойн цараа шалгахуйц эл дууг хэр баргийн дуучин барж дуулахгүй байгаа гэнэ. “Би яахав нэг муу ля хүргэдэг л юм” гэж биеэ “чамласан” дуучин Х.Лхагвасүрэн “Гүн цэнхэрхэн далай ээж”-ийг сонссон хүн уярч догдолтол үнэхээр чадал заан дуулжээ. Түүний дуулсан дуунаас эх дэлхийгээ хайрлах гүн их омогшил ундарч цээж огшоод, хөлгүй хөх цэнхэр далайн чийглэг сэрүүн сэвшээ үлээх шиг санагдаж байлаа. “Сонссон хүний нүд чийгтдэг л юм даа” гэж Л.Гүндалай гишүүний туслахууд хэлсэн нь үнэн байв.

Хөвсгөл далайн хөвөөнд хувь заяагаар төрж дээ
Хөл нүцгэн гүйлдсээр хүүхэд насаа өнгөрүүлж дээ
“Эх болсон зургаан зүйл хамаг амьтан”-ыг умдаалсан
Эзэн Монголын рашаан минь-Далай ээж минь
Ижий минь ээж далайдаа даатгаж дээ
Аавын минь аав тэнгэртээ залбирч дээ
Эр биеийг минь гүйцээж энх тунхтай золгуулж дээ
Ижий цэнхэр далай ээж минь-эзэн Монголын амин сүнс минь
    Уул уулсын эзэн Хорьдол сарьдаг минь
    Ус усны хатан гоо эх далай ээж минь
    Энэ Монголдоо ганц, эх дэлхийдээ ганцхан
    Гүн цэнхэрхэн далай ижий минь
Мөнх хөх тэнгэрээ тольдсон мөнх тэнгистээ мөргөе
Мөнхөд орших нутгийн минь мөнхийн амьдрал минь
Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд цэлэлзээрэй
Ижий цэнхэр Далай минь- эзэн Монголын амин сүнс минь

Уул уулсын эзэн Хорьдол сарьдаг минь
    Ус усны хатан гоо эх далай ээж минь
    Энэ Монголдоо ганц, эх дэлхийдээ ганцхан
    Гүн цэнхэрхэн далай ижий минь
Гүн цэнхэрхэн
Гүн цэнхэрхэн
Гүн цэнхэрхэн далай ижий миньгэсэн үгтэй энэ дууг Х.Лхагвасүрэнгийн хоолойн энг гүйцэж дуулах дуулаач цөөн тул Л.Гүндалай гишүүн дахин зохиолын дуучид, олон нийтэд зориулж аялгуу хийлгэхээр хөгжмийн зохиолч Т.Сэр-Одод ханджээ. Т.Сэр-Од ч талархалтай хүлээж авсан гэнэ. Дууны үгийг зохиосон Л.Гүндалай гишүүнээс яагаад нэг бадагт зургаан удаа “мөнх” гэдэг үг оруулсны учрыг асуухад “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд” хэмээхийн мөргөл залбиралд мөнх гэж зургаантаа ордгоос улбаатай хэмээн хариулав. Ингэж нэг үгтэй, хоёр аятай дуу мөдхөн нийтийн хүртээл болох гэж байна. Мэргэжлийн дуулаачид Г.Гантөрийн, олон нийт Т.Сэр-Одын туурвисан аялгуугаар “Гүн цэнхэр далай ээж”-ийг удахгүй аялах нь ээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж