Илээр санал хураахыг дэмжээгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Илээр санал хураахыг дэмжээгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хаалттай авч хэлэлцэн, санал хураалтаа дахихаар болсон ч, гишүүдийн олонх нь илээр санал хураахыг дэмжээгүй юм. Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг хийлээ.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нууцаар санал хураасан нь” УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон” гэж мэдэгдсэний дагуу, Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг дахин авч хэлэлцсэн. Гэтэл яагаад илээр санал хураасангүй вэ?

-Хууль зүйн байнгын хороо нь өмнөх хуралдаанаараа Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокуророос тавьсан саналыг нууцаар санал хурааж, шийдвэрлэсэн нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн, зөрчөөгүй гэх маргаан дагуулсан л даа. Энэ нь эрх зүйн талаасаа их маргаантай асуудал юм. Миний хувьд маргаантай асуудлыг ярихаасаа илүү, Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Асуудал маргаан дагуулсан учраас УИХ-ын даргын зүгээс “Ардчилсан намын бүлгээс тавьсан “Нууцаар санал хураасан нь хууль зөрчсөн” гэсэн асуудлыг дахин нэг нягтлаад байнгын хорооны хурлаараа хэлэлц” гэсэн чиглэл өгсөн. Энэ дагуу бид сая тал талаас нь нэлээд нухацтай ярилцлаа. Гишүүдээс ч  “Илээр санал хураая” гэдэг горимын санал гарсан. Ингээд “Горимын саналыг дэмжиж байна уу” гээд гишүүдээс санал хураалгахад олонх нь дэмжсэнгүй л дээ.

-Хуралд хэдэн гишүүн оролцсоноос илээр санал хураахыг дэмжээгүй юм бэ?

-Манай байнгын хороо 20 гишүүнтэй, тэднээс 14 нь өнөөдрийн хуралдаанд оролцсон. Таван гишүүн илээр санал хураахыг дэмжээд, бусад нь дэмжээгүй л дээ.

-Тэгэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өмнөх долоо хоногт гаргасан “Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн шийдвэр хүчинтэй гэсэн үг үү?

-Тийм ээ, өмнөх шийдвэр хүчинтэй. 

-Ер нь тэгээд танай байнгын хороо энэ асуудлыг заавал Тусгай хяналтын дэд хороо руу шилжүүлж, цаг алдах шаардлага байсан юм уу. Тусгай хяналтын дэд хорооноос гаргасан “Авлигатай тэмцэх газрын дарга нар Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчжээ” гэсэн дүгнэлтийг хүлээж авсангүй шүү дээ?

-УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо дүгнэлтээ гаргах л ёстой шүү дээ, түүнийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо харзнахаас аргагүй. Яагаад гэвэл хуульд зааснаар Гүйцэтгэх ажлын хууль тогтоомжтой холбоотой асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор авч үздэг.

-УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Хууль зүйн байнгын хороо гурван ч удаа хуралдаж, энэ асуудлыг хэлэлцсэн. Тухайн үед гишүүд ямар байр суурьтай байсан бэ. Одооных шиг л “Ч.Сангарагчаа дарга албан тушаалаа хаших боломжтой гэж үзэж байсан уу?

 -Тийм ээ, бололцоотой гэж үзэж байсан, одоо ч  ийм л байр суурьтай байгаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж