-Япон улсын иргэдийг визээс чөлөөлөх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр хэзээнээс эхэлж мөрдөгдөх вэ?
– Япон Улсын иргэдийг 30 хоногийн хугацаанд визгүй зорчуулах ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахаар болж байна. Япон улсын иргэдийг визээс чөлөөлсөн гол үндэслэл нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Монгол Улсад жилд Японы 12-14 мянга орчим иргэн жуулчлан ирсэн гэсэн статистик мэдээлэл бий, сүүлийн арван жилийн судалгаагаар. Хамгийн оргил үе нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор буюу 2006 онд Япон улсын иргэдийг визээс чөлөөлснөөр тус улсын жуулчдын тоо өсч, 20 мянгад хүрч байсан. Нэг жуулчин дунджаар 350 орчим долларыг Монгол Улсад зарцуулдаг гэсэн судалгааг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хийсэн байдаг. Түүгээр тооцохоор 13-14 сая орчим долларыг аялал жуулчлалаар олох бололцоо бий. Нөгөө талаас Япон улс Монгол Улсын гол хандивлагч. Мөн иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх ач холбогдолтойн зэрэгцээ бизнес харилцааг хөгжүүлэх үр дүнтэй.
-Монгол иргэдэд Япон улс хөнгөлөлттэй виз олгох болов уу. Энэ тал дээр ярилцаж байгаа зүйл бий юу?
-Монгол Улсаас Япон улсад олон удаа зорчдог соёл урлаг, спорт, бизнесийн салбарын иргэдийн визийг олон удаагийн нөхцлөөр олгохдоо хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байх асуудлыг манай талаас тавьж, дараагийн шатанд хэлэлцэн шийдвэрлэх саналыг тавьж байгаа. Мөн албаны визийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох саналыг тавьж байна.
Нэг зүйлийг онцолход, Ази тивд БНАСАУ, Бирм, Монгол Улс гурав л Япон улсын иргэдийг визтэй зорчуулдаг юм байна. Дэлхийн 50 гаруй улсад японы иргэд визгүй зорчдог. Энэ нь япон иргэн байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, гэмт хэрэг, зөрчил гаргадаггүй. Монгол Улсад үлдээд харлана гэх ч юм уу, ийм зөрчлийг гаргадаггүй.
Г.Дарь