
Энэтхэг улсад үргэлжилж буй Хамтын нөхөрлөлийн орнуудын спорт наадмын эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд аваргын алтан медаль хүртсэн Олудамола Осаемигийн сэргээшийн шинжилгээний В дээжээс мөн стимулант гэх бие махбодийг сэргээгч чанартай хориотой бодис илэрсэн тул алтан медалиа хураалгажээ. Уг нь энэ төрөлд Австралийн спринтер Сэлли Пиерсон шигшээ уралдаанд түрүүлсэн боловч гарааны үеэр алдаа гаргасан хэмээн түүний амжилтыг хүчингүйд тооцсон учир Осаеми алтан медалийн тавцанд гарсан юм. Харамсалтай нь, тэрбээр сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн учир алтан медалиа хураалгажээ. Ингэснээр Сент Винсент болон Гренадин улсын тамирчин Наташа Мейерс Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмаас эх орондоо анхны алтан медалийг авчирлаа. Харин шигшээ уралдаанд дөрөвдүгээрт бариалсан Английн Катерин Эндакотт мөнгө, Камеруны Дельфин Атангана хүрэл медалийн эзэн болж байна.
С.Цэлмэг