Гавьяатууд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Гавьяатууд мэдээлэл хийнэ

“Амжилтын төлөө хамтдаа” Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нар ирэх баасан  гаригт “Амжилтын төлөө хамтдаа” спортын сэдэвт лекцээ оюутан, залуус, спорт сонирхогчдод зориулан уншихаар болсон билээ.

Энэ сарын 15-нд 15.00 цагаас Соёлын төв өргөөнд болох лекцийн талаар олимп, дэлхийн аваргууд маань өнөөдөр 12.30 цагаас Спортын төв ордны дөрвөн давхарт байрлах Хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.

Олимп, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, цаг наргүй бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааныхаа хажуугаар спортын салбарт хүчин зүтгэж буй бусад тамирчдын ур чадвар, амьдралын баталгаа, хөрөнгө санхүүгийн асуудлаас эхлээд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлд сэтгэл гаргаж яваа гурван гавьяатын энэхүү сонирхолтой лекцийн тасалбар 1000 төгрөг байх бөгөөд тасалбарын мөнгийг хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд зориулан хандивлах юм.

Тэд өмнө нь, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Амжилтын төлөө хамтдаа” байгууллагын нэг жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймагт энэхүү лекцээ уншиж, хөдөө, орон нутгийн хүүхэд залуустай сагсан бөмбөгөөр өрсөлдөж, чөлөөт уулзалт зохион байгуулж байсан билээ.
 
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж