Худалдаа, хөгжлийн банк Азийн хөгжлийн банктай худалдааны санхүүжилтын гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Худалдаа, хөгжлийн банк Азийн хөгжлийн банктай худалдааны санхүүжилтын гэрээ байгууллаа

“Худалдааны Санхүүжилтыг Дэмжих Хөтөлбөр”-ийн хүрээнд 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны төлөөлөгчид  худалдааны санхүүжилтын гэрээнд гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо. Уг гэрээг байгуулснаар АХБ нь ХХБ-нд зээлийн шугам баталсан бөгөөд энэ нь ХХБ-ны харилцагчдын нээж буй аккредитив, баталгааг гадаадын банкаар баталгаажуулах, санхүүжүүлэх боломжийг олгож байна.

Дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгж, пүүс компаниудын хооронд худалдааны гэрээ байгуулан экспорт, импорт хийхэд гардаг түгээмэл асуудлын нэг нь төлбөрийн эрсдэл билээ. Уг хүндрэлтэй асуудлыг шийдэхэд ХХБ болон АХБ-ны хооронд байгуулсан энэхүү гэрээ ихээхэн ач холбогдолтой юм. ХХБ-ны гадаад худалдаа эрхэлдэг харилцагчдын хувьд илүү ашигтай нөхцөлтэйгээр, эрсдэлгүй гадаад худалдаа эрхлэх боломж нээгдэж байна. Мөн энэхүү гэрээг үзэглэсэнээр ХХБ нь АХБ-тай худалдааны санхүүжилтын гэрээ байгуулсан гадаадын томоохон банкуудтай хамтран ажиллах бөгөөд ингэснээр тус банкны гадаад харилцаа улам өргөжин тэлж байна.

Азийн хөгжлийн банк (АХБ) нь хөгжиж буй орнуудын гадаад худалдаа болон түүнд оролцогч талуудыг дэмжих зорилгоор “Худалдааны Санхүүжилтыг Дэмжих Хөтөлбөр”-ийг боловсруулан ажиллаж байгаа билээ. Энэ хөтөлбөр нь дэлхийн олон орны банк, санхүүгийн байгууллагуудыг хамарсан том хөтөлбөр бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улсын гадаад худалдааг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж