
Хүн ам, орон сууцны тооллогыг улс орон даяар арваннэгдүгээр сарын 11-ний 00.01 цагаас эхэлнэ. Тооллогын хугацаанд төрсөн хүүхдийг тооллогод хамруулахгүй юм байна. Иргэд тооллогод хамрагдахын тулд яах ёстой тухай төдийлөн ойлголтгүй байгаа бол энэ хэсэгт анхаарлаа хандуулаарай.
Тооллогын хугацаанд “Хүн ам, орон сууцны тооллого-2010” гэсэн хаягтай цүнх, дэвтэр, бал барьсан тоологч айл бүрт орж тооллого явуулна. Мөн тэд газрын зурагтай явах ба түүн дээрээ тоолсон айл, иргэдийг тэмдэглэгээг хийх юм байна.
Тооллогын хугацаанд иргэд гэртээ хүнтэй байлгаж, тоологчийг нэвтрүүлэхийг зөвлөж байна. Тоологч нь иргэн бүртэй харилцан ярилцах зарчмаар иргэдийг тоолно. Үүнд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй.
ХАОСТ-1 маягтад хүн амын чиглэлээр асуух 26, орон сууцны 21 асуулт байх юм. Тус маягтын эхний нүүрт гадаадад зургаан сараас дээш хугацаагаар оршин суугаа иргэдэд зориулсан асуулга буй. Хэрвээ тухайн өрхийн аль нэг гишүүн гадаадад амьдардаг бол уг хэсгийг бөгөлнө.
Мөнх маягтад, тухайн хүний овог, эцэг эхийн болон өөрийн нэр гэх мэт үндсэн мэдээллүүд байх ба аль улсын харьяат, суурьшлын байдал, 2005 оны нэгдүгээр сард хаана байнга амьарч байсан та ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй юу гэх мэт асуултууд багтжээ. Гэхдээ асуулт бүгдээрээ бүх насынханд хамаатай биш юм байна. 2-39 насны хүнээс Та одоо сургуульд /цэцэрлэгт хүмүүждэг/ үү гэх асуултыг тавих бол зургаа ба түүнээс дээш насны иргэдээс боловсролын төвшин, бичиг үсэг мэддэг үү гэх асуулт байна. НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг шалгах үүднээс энэ хэсэгт хоёр асуулт оруулжээ. Энэ нь та гар утас хэрэглэдэг үү, интернет ашигладаг уу гэсэн мэдээллүүдийг гаргаж ирэх асуулт багтжээ.
Тэгвэл 15 ба түүнээс дээш насныхан гэрлэлтийн байдал, шашин шүтлэг, ажил эрхлэлтийн байдал зэрэг агуулгууд байна.
Энэ удаагийн тооллогоор иргэдийн байр орон сууцны нөхцөлийг судалж гаргаж байгаа. Үүний тулд орон сууцны 21 асуулга гаргасан байна. Энэ хэсгийн асуултыг өрхийн хэмжээнд тавих ба тухайн айлын аль нэг гишүүн нь төлөөлж хариулах ажээ.
Үүнд,
-Танайх ямар төрлийн сууцанд амьдардаг вэ
Танай байшингийн төрөл юу вэ
Танай сууц хэдэн өрөөтэй вэ
Танай сууцын талбайн хэмжээ
Танай сууц гал тогооны өрөөтэй юу
Усанд орох, онгоц, шүршүүртэй юу
Танай сууцын усан хангамжийн төрөл юу вэ гэх мэт асуултууд байна.
Тоологч иргэн бүрт тооллогод хамрагдсан гэрчилгээ олгох юм. Тооллогын хугацаа дуустал иргэн бүр уг гэрчилгээг биедээ авч яваарай.
Тооллогод отроор яваа малчид, хувиараа ашигт малтмал олборлогч иргэн болон гэрээт цэргийн алба хашиж яваа залуус, эмнэлэгт хэвтэж байгаа зэрэг бүхий л хүмүүс хамрагдах юм.
Цэргийн анги болох хорих ангиудад Хууль зүй, дотоод хэргийн яамнаас томилсон тоологч нар тооллого явуулна. Харин орон гэргүй тэнэмэл иргэдийг хаа байгаа газарт нь байнгын оршин суугч гэдгээр тоолох гэнэ.
Б.СҮРЭН