
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай оронд айлчилж байгаа ХБНГУ-ын
Тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Петер Рамзауэр тэргүүтэй
төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч
ярианыхаа эхэнд Герман улс Монгол Улсын Европ дахь гол түнш бөгөөд хоёр
орны харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа
илэрхийллээ. Мөн Германы Засгийн газар 1990 онд өрнөсөн ардчилсан
хувьсгалыг анхнаас нь дэмжиж, төрийн сангуудаараа дамжуулан хөгжлийн
тусламж үзүүлж ирсэнд болон ноён сайд өөрөө хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааг биечлэн дэмждэгт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.
1920-иод
онд тусгаар тогтноод анх Германд хандаж, хүмүүсээ тэнд сургаж байсныг
дурсаад монгол хүмүүс германчуудад элэгсэг төдийгүй хүн амд ноогдох
байдлаараа хамгийн олон хүн германаар ярьдаг орон бол Монгол болов уу
хэмээн Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч цааш нь
ярихдаа, ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол Улс орчин үеийн техник,
технологи өндөр хөгжсөн Герман Улсын аж үйлдвэрийн тодорхой салбарыг
ашигт малтмалын түүхий эдээр тогтвортой хангах боломжтойг дурдаад, энэ
чиглэлээр хамтран ажиллах нь Монгол, Германы ашиг сонирхолд нийцнэ
хэмээн үзэж байгаагаа хэллээ. Түүнчлэн Ази, Европын хоорондын худалдаанд
Монгол Улсаар дамжин өнгөрөх төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтойг
тэмдэглээд, монголын төмөр замын дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх,
шинэчлэх, ОХУ-аар дамжин өнгөрөх үнэ тарифийн асуудлаар
Монгол-Герман-Оросын гурвалсан хамтын ажиллагаа чухал байна гэж
Ерөнхийлөгч дурдав.
Ерөнхийлөгч үгийнхээ төгсгөлд энэ айлчлалын
төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Германы Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн
бичгийн дарга орсонд талархалтай байна гээд хөдөө аж ахуйн салбарт шинэ
техник, технологи нэвтрүүлэх, малын гаралтай түүхий эдийг Монгол Улсад
боловсруулж, хөрш зэргэлдээ зах зээлд нийлүүлэх боломж байгааг дурдлаа.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Бундестагийн гишүүн, Холбооны эдийн
засаг, технологийн сайд асан ноён Михаэл Глос болон Бундестагийн бусад
гишүүд манай улсыг дэмжин ажиллаж ирсэнд бас талархаад цаашид ч хоёр
орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна
гэдэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдож итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтад
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Монгол-Германы
парламентын бүлгэмийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд,
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Ерөнхийлөгчийн гадаад
харилцааны бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн болон ХБНГУ–ын Элчин сайд Пиус
Фишер нар оролцлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Германы
худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд
оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ХБНГУ-ын Эдийн засаг, технологийн сайд
асан, Бундестагийн гишүүн ноён Михаил Глосыг “Алтан гадас” одонгоор
шагнасан юм. Уг шагналаа Ерөнхийлөгч уулзалтын дараа гардуулж, ноён
Михаэл Глост баяр хүргэв.
Эх сурвалж President.mn