
Төрөх эмнэлгийн өргөтгөлийн санхүүжилт, ажлын явцын талаар Нэгдүгээр төрөхийн дарга Д.Энхбаяраас тодрууллаа.
-Төрөх эмнэлгийн өргөтгөлийг “Бороо Гоулд” компани хэчнээн төгрөгөөр санхүүжүүлж байгаа вэ. Барилгын ажил хэзээ дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна?
-Өргөтгөлийн барилга барих ажилд шаардлагатай 7.5 тэрбум төгрөгийг “Бороо Гоулд” компани гаргаж байна. Мөн хуучин барилгыг буулгах болон нөхөн олговорт нийт 500 сая төгрөг шаардагдсан. Үүнийг нь Нийслэлийн Засаг даргын багц болон Эрүүл мэндийн яамнаас тэнцүү хуваан гаргасан. Өргөтгөлийн барилгын ажилд нийт найман тэрбум төгрөгийн санхүүжилт орж байгаа. Өнөөдөр барилгын ажлын талаар хотын удирдлагуудтай хэлэлцэнэ. Төрөх эмнэлгийн өргөтгөлийг ирэх жилийн сүүлээр ашиглалтад хүлээлгэж өгнө. Энэ жилдээ суурийг нь тавьж, зоорьных нь ажлыг дуусгахаар төлөвлөсөн.
Өргөтгөлийн барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Бороо Гоулд” компани Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай бэлтгэл ажлыг санхүүхүүжүүлэхээр гэрээ байгуулсан аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаагаас тодруулсан юм.
-“Бороо Гоулд” компани Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хэдэн төгрөгийн гэрээ хийсэн юм бэ?
-“Бороо Гоулд” ХХК Нэгдүгээр төрөхийн өргөтгөлийг арван тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болсон. Барилгын ажил эхэлсэнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Энэ мөнгийг барилгын суурь болон бэлтгэл ажилд зарцуулах юм.
-Барилгын ажилд 7.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж байсан. Үлдсэн санхүүжилтийг нь яаж зарцуулах юм бэ?
-Үлдсэн 2.5 тэрбум төгрөгийг эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зарцуулна. Нийт арван тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх эмнэлэг бэлэн болох юм.
-Барилгын ажлыг ямар компаниар гүйцэтгүүлэхээр болсон юм?
-Эрүүл мэндийн яам болон санхүүжүүлэгч талаас ажлын хэсэг гаргаж барилгын ажлыг гүйцэтгэгч компанийг шалгаруулна.
Таван хэсэг бүхий зохион байгуулалттайгаар 1963 онд ашиглалтад орж байсан Нэгдүгээр төрөхийн дөрвөн хэсгийг одоо төрөхийн хэрэгцээнд ашиглаж, өргөтгөл баригдах хэсгийг хувийн эмнэлгүүдэд түрээслүүлдэг байсан юм. Харин энэхүү өргөтгөлийн хэсэг нь чанарын шаардлага хангахгүй, төрөх ор хүрэлцэхгүйн улмаас шинэ өргөтгөл барих шаардлага тулгараад байсан юм. Он цагийн элэгдэлд орсон Нэгдүгээр төрөхөд өнгөрсөн оны нэгдүгээр сард хүйн халдвар гарч, “Ачтан” эмнэлэг рүү эн нялхсыг шилжүүлж байсан. Асуудлыг шийдэх үүднээс төрөхийн хэрэгцээнд ашигладаг дөрвөн хэсэгт нийт 2.1 тэрбум төгрөгийн засвар хийж, өнгөрсөн зургадугаар сард хэвийн ажиллагаандаа орсон. Одоогоор 240 ортой үйл ажиллагаа явуулж буй Нэгдүгээр төрөхийн өргөтгөлөөр эмэгтэйчүүдийн 100, нярайн 50 ор бүхий зургаан давхар эмнэлэг барихаар төлөвлөсөн юм байна.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин