Орон сууцны тооллогын дараа татвар авна гэдэг худлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Орон сууцны тооллогын дараа татвар авна гэдэг худлаа

Улс орон даяар иргэдийг бу­жиг­­нуул­саар байгаа иргэний шинэ­чил­сэн бүртгэлийг хийж дуус­­гахаар товлосон хугацаа энэ сараар дуусгавар болно. Иргэ­ний шинэчилсэн бүртгэлийг гар­дан явуулж буй хороод, Улсын бүрт­гэлийн ерөнхий газрын Иргэний ба­римтын төв архивын газрын ачаа­лал ойрын өдрүүдэд нэмэгджээ. Бид­нийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиход тус газар урьдын адил бичиг баримтын зөрчилтэй, лав­лагаа авах гэсэн иргэдийн хөлд да­рагдсан байлаа. Тус газрын үүдэнд болон архивын лавлагааг ол­гож буй байрны хоёрдугаар дав­харт “Улсын бүртгэлийн ерөнхий газ­рынхан ажлаа хийхгүй чадахгүй байна. Ажилтнууд нь харьцаа муу­тай. Хөдөөнөөс ирээд хэд хо­нолоо. Лавлагаагаа авч чадахгүй байна” хэмээн бухимдсан иргэд биднийг уг­тав. Иргэдийн хувьд бүртгэл дуу­сах хугацаа ойртсон, “Хүний хөг­жил” сангийн мөнгийг олгож эхэл­сэн, бүртгэлдээ хамрагдахгүй бол торгуультай гэсэн яриа гарсан зэрэг хэд хэдэн шалтгаанаар ийн дугаарлах болсон талаар бид өм­нө нь сурвалжлан хүргэж байсан билээ. Одоогийн байдлаар Монгол Ул­сын нийт иргэдийн 71.2 хувь нь шинэ­чилсэн бүртгэлдээ хамрагдсан мэдээ байна.

Иргэдийн гаргаж буй гомдлыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөн­хий газрын Иргэний ба­рим­тын төв ар­хи­вын дарга Д.Эр­дэнэ­чимэгээс энэ  асуудалд ямар байр суурьтай бай­гааг нь лавласан юм.

-Иргэний баримтын төв архив 24.00 цаг ажиллаж байна. Иргэдийн зүгээс бидний ажлыг ойлгохгүй олон асуудал үүсгэж, хэл ам гаргаж бай­гаа.  Бидний зүгээс өөрсдийн ча­дах, хийж болох ажлаа зохион бай­гуулсан Урт дараалал үүсч, чирэгдэл гарч байгаа нь үнэн. Гэхдээ энэ бүхэн бидний биш цэвэр иргэ­дийн буруугаас гарч буй асуудал шүү дээ. Монгол Улсын иргэн бүр иргэний бичиг баримтаа хадгалж, хам­гаалах хэрэгтэй. Гэтэл иргэд би­чиг баримтаа хаяж, үрэгдүүлснээс гадна хаана, хэзээ, хэнээс төрсөнөө мэдэхгүй явж байна. Дээрээс нь лавлагаа авахдаа төрсөн газар, оноо буруу хэлдэг, насаа дардгаас үүдэн манай ажилчид нэг хүний мэ­дээллийг олохын тулд нэг нь л 200 гаруй хуудастай 20 гаруй архивын баримтыг эргүүлэх шаардлагатай болдог. Тиймээс лавлагаа авахдаа иргэд өөрийн мэдээллээ үнэн зөв хэлэх хэрэгтэй байна. Архивын лав­лагааг хамгийн ихдээ өдөрт 1799 хүнд өгсөн. Нийт 87 мянга гаруй хүн лавлагаа авсан нь иргэдийн ха­риуцлага муу байгааг харуулж байна. Хэрвээ бичиг баримтаа хаяж үрэгдүүлээгүй байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан.

Тэрбээр ийн хариулав. УБЕГ-ын Иргэний баримтын төв архив ажил­лах цагаа уртасгасан төдий­гүй гэрээт ажилчдаар хүчээ нэмэгдүү­лээд байгаа аж. Иргэний баримтын төв архивын дарга Д.Эрдэнэчимэг нэг хүнд лавлагаа олгохын тулд ар­хивын ажилтан юу хийдгийг харуу­лахыг хүссэн. Тиймээс бид тус газрын иргэдийн мэдээллийг хадгал­даг өрөөнд орсон юм. Оройлцоогоор  20 орчим хүн тэнд ажиллаж байв. Тэд дор бүрнээ иргэдийн лавлагаа авахаар өгсөн хуудсан дээр байгаа мэдээллийг үндэслэн ойролцоогоор гурван хуруу зузаан бичиг баримтыг эргүүлэн суух ажээ. Энэ нь зөвхөн нэг аймгийн нэг сумын иргэдийн л төрсөнийг бүртгэсэн баримт аж. Ажилчид нь нэг сумын иргэдийн мэ­­дээллээс шүүгээд гараад ир­вэл бараг л баяртай үйл явдал бол­дог гэнэ. Учир  нь зарим хүний бүрт­­гэлийг олохын тулд тухайн айм­гийн бүх сумын, цаашилбал хэд хэдэн оны олон бичиг баримтыг шүүхээс өөр аргагүйд хүрч байгаа ажээ. Төв архивын ажилчид энэ энэ үеэр ажлаа хийхийн тулд гэр орны асуудлаа ч хойш нь тавьж байгаа талаараа ярьж байв. Мөн  “Хэдийгээр ачаалалтай ажиллаж байгаа ч хажуугаар лавлагаа авч буй иргэдийн мэдээллийг цахим мэдээллийн санд бүртгээд нэг ч гэсэн ажлаа амжуулж байна” хэмээсэн юм.

А.Амарбал: ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО БОЛ ТОМООХОН ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГААНЫ АЖИЛ

Иргэний шинэчилсэн бүрт­гэ­лийг хийх хугацаа дуусах гэж бай­гаа энэ үед хүн ам, орон сууцны тоол­логын урьдчилсан бүртгэл эхлээд байгаа билээ. Үндэсний ста­тистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын тов­­чооны дарга А.Амарбалаас үүн­тэй холбоотой зарим асуул­тад хариулт авлаа.
 
-Иргэний шинэчилсэн бүрт­гэл, хүн амын тооллого хоёрыг хам­татгаж хийх боломж байсан уу. Заавал ингэж давхар ажил бол­гох хэрэг байсан юм уу?

-Иргэний шинэчилсэн бүртгэл, хүн амын тооллого хоёр их ялгаатай асуудал. Иргэний шинэчилсэн бүрт­гэл тасралтгүй үргэлжилнэ. Харин хүн амын тооллого тодорхой, заа­сан хугацаанд үргэлжилнэ. Иргэ­ний шинэчилсэн бүртгэлд хамрагд­санаар тухайн иргэнийг нотлон то­дорхойлох мэдээллээ өгч байгаа. Дээрээс нь нийгмийн харилцаанд орох боломж нь нээгдэж байгаа юм. Хүн амын тооллогын зорилго нь зөвхөн Монгол Улсын иргэдийн тоог гаргах биш шүү дээ. Хүн амын тоог баг, сум, аймгаар нь гарга­на. Хаана төрсөн хүн одоо хаа­на амьдарч байна гээд олон зүй­лийг хүн ам, орон сууцны нэгд­сэн тооллогын үеэр гаргаж ирэх болно. Тэгэхээр тооллого төдийгүй хүн амын амьдралын түвшинг то­дор­хойлох томоохон хэмжээний су­далгаа давхар явж байгаа гэсэн үг юм. Хүн ам, орон сууцны тоол­логоор өнгөрсөн хугацаанд хүн амын амьжиргааний түвшин хэр­хэн өөрчлөгдсөн байна гэдгийг то­дорхойлохоос гадна ирэх 20, 30 жилийн хугацаанд төрөөс баримт­лах бодлогын эх суурь нь болж өгдөг ёстой.

-Энэ талаар тодруулна уу?

-Жишээ нь,  хэдэн метр квадратад хэдэн хүн амьдарч байгаа, хэдэн хүн дундаа нэг бие засах өрөөтэй байна, гэр хорооллын айл өрх ямар түлш хэрэглэж байгааг судлах юм. Тэгэхээр барилгын салбарт цаа­шид ямар ажил хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь тооллогын дараа мэдэгдэнэ.

-Хүн ам, орон сууцны тооллого эхэлсэнтэй холбоотойгоор тоол­логын дараа иргэдээс татвар ав­даг болно гэх яриа гарч байна. Энэ үнэн үү?

-Тийм яриа гарсан байна лээ. Ямар нэгэн татвар авах асуудал байхгүй. Орон сууцанд амьдардаг иргэдийн дунд нэг болгоомжлол бай­гаа нь ажиглагдсан. Тухайн орон сууцанд амьдарч байгаа ир­дэгийн тоог гаргаж байгаа ч байр, хэрэг­лээний мөнгөнд нь ямар нэг өөрчлөлт гарахгүй. Хүн ам, орон сууц­ны тооллогын дүн хуулиар хам­гаалагдана.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж