
Өнөөдөр хүн төрөлхтөний хэрэглэж байгаа бүхий л хүнсний бүтээгдэхүүн, эм, биобэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан эсвэл түүнээс санаа авч хийгдсэн бүтээгдэхүүнүүд байдаг ажээ. Монгол Улс дэлхийн нийт хуурай газрын ердөө л нэг хувийг эзэлдэг бөгөөд улсын нутаг дэвсгэрт ямар төрлийн, юунд ашиглаж болох, хэдий хэмжээний генетик нөөц байгааг өнөөдрийн байдлаар хангалттай хэмжээнд тогтоогоогүй байна. Манай улсад дэлхийн генетик нөөцийн нэг хувь ноогддог хэрнээ дэлхийн генетик нөөцийн зах зээлийн нэг хувь ч ноогдохгүй байна. Учир нь Монгол оронд генетик нөөцийн эдийн засгийн ач холбогдол нь генетик нөөцийг хамгаалах төдийгөөр хязгаарлагдаж, ялангуяа генетик нөөцийн утга учир алдагдсан, ямар ч хяналтгүйгээр байгаль дээрээс хувь хүн, албан байгууллага генетик нөөцийг олж цуглуулдаг, түүнийг чөлөөтэйгээр хил давуулдаг байна. Генетик нөөцийн талаар төрөөс баримталж буй бодлого болон хууль, эрх зүйн орчин хангалтгүйн улмаас судалгаа нэрийн дор генетик нөөцийг гадаад улс орнууд уруу гаргаж, эдгээр нөөцийг цаашид хэрхэн ашиглаж байгаа талаар ямар нэгэн мэдээлэл алга байна.
Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор БОАЖЯ тодорхой ажил төлөвлөж байгаагийн хамгийн эхнийх нь “Генетикийн нөөцийн тухай хуулийн төсөл” боловсруулах юм. Дэлхийн банкны дэргэдэх Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хуулийн төсөл боловсруулах ажлыг энэ оноос эхлүүлээд байгаа юм. Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилгоор олон улсын жишигт нийцсэн генетик нөөцийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад генетик нөөц баялгаас олсон орлогын санг (Биологийн олон янзын Хөгжлийн Сан, БОЯХС) бий болох ба уг сан нь гадаадын хуулийн этгээдэд Монгол орны биологийн нөөц олж авах, түүнийг судалгах эрх олгох болон бүтээгдэхүүний худалдаанаас гарах ашгийн албан татварын орлогоор санхүүждэг эх үүсвэртэй байх бөгөөд нийт сангийн хөрөнгийг генетик нөөц хамгаалал, дархан цаазтай газар, ботаникийн цэцэрлэг, судалгааны санхүүжилт, генетик нөөцийн судалгаа, биотехнологийн чиглэлийн жижиг дунд бизнесийг дэмжих, генетик нөөцөд нэвтэрсэн болон ашигласны татвар, бусад төлбөр, хураамжийг хуулийн заалтын дагуу санд төвлөрүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хувшлийнхэн ашиг хүртэх шударга нөхцөл нээлттэй болно гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын ажилтан Жамбын Сүнжидмаа мэдээллээ.