Нэг хууль, гурван тогтоолын төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Нэг хууль, гурван тогтоолын төсөл өргөн барив

УИХ-ын гишүүд болон Засгийн газраас санаачлан боловсруулсан нэг хууль, гурван тогтоолын төслийг төсөл санаачлагчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр үдээс хойш өргөн барилаа.

Нөөцөлсөн бүтээгдэхүүнийг нефьт импортлогчдод худалдана
Засгийн газраас санаачлан боловсруулсан Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт өргөн барив. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмээний тухай УИХ-ын 2008 оны 48 дүгээр тогтоолын дагуу мөн оны найм, есдүгээр саруудад нийтдээ 28.29 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 44 тэрбум төгрөгөөр худалдан авч нөөцөлсөн агаад одоогийн байдлаар хадгалалтын болон бусад зардалд нийтдээ таван тэрбум гаруй төгрөгийн нэмэлт зардал гаргаад байгаа аж. Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зардал өндөр, чанар нь муудаж болзошгүй, түүнчлэн Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан Засгийн газар нөөцөлж хадгалсан дээрх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүнийг нефьт импортлогчдод худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр УИХ-ын тогтооолын төсөл боловсруулжээ.   

Ажлын хэсэг тогтоолын төсөл боловсруулжээ
УИХ-ын даргын 2009 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 180 тоот захирамжаар УИХ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсад уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулан 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
    Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үе дэх техник, тоног төхөөрөмж, материалын үнийн бууралт, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хүчингүй болсон зэрэг хүчин зүйлүүдийг үндэслэн Эрдэнэтийн зэсийг хайлуулах үйлдвэр байгуулах ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Зэс хайлуулах үйлдвэр байгуулснаар өнөөгийн “Эрдэнэт” үйлдвэрийн үр ашгийг 4-5 дахин нэмэгдүүлэх боломжтой төдийгүй шинжлэх ухааны өндөр түвшинд хөгжиж буй электрон техникийн болон бусад чиглэлийн шинэ технологи эзэмших, мэргэших, шинээр ажлын байр бий болгох бололцоо нээгдэж, улс орны дэд бүтцийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэж ажлын хэсгийн гишүүд үзээд Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.
     Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, шаардагдах хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газарт тодорхой хугацаатай үүрэг өгч, биелэлтийг УИХ-аар хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.

Мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих нөхцөлийг хангахад анхаарна
Монгол Улын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр заасны дагуу УИХ-ын даргын 2009 оны 123 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд Өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.
     Тогтоолын төслийг боловсруулахдаа манай улсын өрсөлдөх чадвар, эдийн засгийн бүтэц, үйлдвэржилтийн судалгаанууд, аж үйлдвэрийн салбаруудын цаашдын хөгжлийн эрэлт хэрэгцээ, шинжлэх ухаан технологийн салбарын чадавхийн нэгдсэн судалгаа, дэлхий дахины технологи, инновец, аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагыг үндэс болгосон.  Энэ нь зөвхөн өндөр технологийн төдийгүй үндэсний эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх чадвар бүхий үндэсний боловсрол, судалгаа хөгжил, технологи, аж үйлдвэр, санхүү, борлуулалтын сүлжээг бүрдүүлж хөгжүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих нөхцөлийг хангахад чиглэсэн стратегийн тулгуур баримт бичиг болсон гэж үзэж буйгаа тогтоолын төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба танилцууллаа.

         Төрийн дээд шагналын нэр төрөл, эрэмбийг зохистой болгоно

    УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Ц.Даваасүрэн, З.Алтай нар Төрийн дээд шагналын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн барилаа.
    Төрийн дээд шагналын нэр төрөл, эрэмбийг зохистой тогтоож хуульчлах, шагналын нэр хүндийг дээшлүүлэх, шагнах үндэслэлийг тодорхой, оновчтой болгож,  ардчилал, зах зээлийн эдийн засгийн бодлого, цаг үеийн шаардлагад аль болохоор нийцүүлэх, монгол төрт ёс, соёл иргэншлийн түүхэн уламжлал, ард түмний сэтгэл зүйн онцлогийг харгалзах үүднээс эрхэм гишүүд ийм хуулийн төсөл боловсруулснаа төслийн танилцуулгад дурьдсан байна.
    Долоон бүлэгтэй уг хуулийн төсөлд төрийн дээд шагналын тогтолцоо нь Монгол Улсын цол, төрийн шагнал, одон, медалиас бүрдэж байх, одоогийн олгож буй алдар цол, одонгийн тоог цөөрүүлж зохистой тогтоох замаар шагналын нэр хүндийг өргөх, төрийн дээд шагналд дагалдуулан олгох мөнгөн урамшууллын хэмжээг нэмэгдүүлэхээри тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж