
-Та хэд дэх удаагаа Нансалмаад тоглож байна вэ?
-Яг тоолж байгаагүй юм байна. Сүүлийн үед би Нансалмаад ховорхон дуулж байгаа. Хоролмаад л дуулаад байсан юм. Жилдээ нэг хоёр л удаа Нансалмаад дуулж байгаа болов уу. Ямар ч байсан 12 дахь жилдээ дуулж байна.
-Анх Нансалмаад хэдэн настайдаа дуулж байсан бэ?
-Би анх 17 настайдаа Булганы театрт Нансалмаад дуулж байсан. Дуурийн театртаа ирээд дүрийн уралдаанаас “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн тэргүүн байрын шагнал авч байсан. 1999 онд байх даа, театрт ороод нэг жил болж байсан юм байна.
– Нансалмаагийн дүрийн дуулалтын хамгийн хүнд хэцүү хэсэг нь…?
-“Учиртай гурван толгой” дуурь чинь өөрөө хөгжимт драм, хөгжмийн чиглэлээр дуулалт жүжиг хэлбэрээр бичигдсэн дуурь. Хүнд хэсэг гэхээсээ илүү дүр характераа л гаргах нь чухал. Хөгжим бол угаасаа гоё, монгол ахуй, намба төрх бүхнийг харуулсан сайхан хөгжимтэй ш дээ.
-Тийм ээ, хөгжим нь үнэхээр гоё?
-Ерөөсөө л монгол ахуйг илэрхийлж байгаа биз дээ, хурим найр гээд л. Балганыг орж ирэхэд ямар хөгжим эгшиглэдэг билээ дээ.”Учиртай гурван толгой” дуурийн хөгжим бол үнэхээр гайхалтай. Энэ дуурь гол нь монгол хүний хайр дурлал, үнэнч сэтгэлийг харуулдаг юм.
-Нансалмаа, Хоролмаа хоёрын дүрийг монголчууд сайн мэднэ л дээ. Гэхдээ та аль дүрдээ илүү хайртай вэ?
-Нансалмаа бол үнэнч намбалаг сайхан монгол эмэгтэйн дүр. Хоролмаа хайрынхаа төлөө өөрийн болгож авна гэж бодож бүх л хүч, эмэгтэй хүний ов заль хэрэглэж байгаа юм. Хайрынхаа төлөө их тэмцнэ, гялалзсан сэргэлэн, хурц дүр гаргах хэрэгтэй байдаг. Ер нь бол би Нансалмаагийн дүрд нь илүү дуртай, их хайртай. Эвтэйхэн, хоолойнд ч, дүр характер талаасаа ч надад таардаг юм болов уу гэж боддог.
-Та хичнээн Юндэнтэй хамтран дуулж байсан бэ?
-Анхны маань Юндэн гавьяат жүжигчин М.Болд байсан юм. Мөн гавьяат жүжигчин А.Дашпэлжээ багштайгаа, талийгаач н.Гантөмөр, Ц.Баттөр, одоо хамгийн сүүлийн залуу дуучин Э.Амартүвшинтэй дуулж байна.
-Тэгвэл таны мөрөөдлийн дүр юу вэ?
-Нэг их мөрөөдөөд байхгүй ч, надад дуулаагүй хоёр гурван дуурь байгаа. П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татъянагийн дүр, Дж.Вердийн “Риголетта” дуурийн Жильда гээд дуулаагүй дүрүүд байгаа. Өөрөө бэлтгэчихсэн гэхдээ дуулаагүй хэдэн дүр байгаа юм. Удахгүй дуулах байх. Би анх Дж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Санд дуулахыг их хүсдэг байсан. Тэгээд 2008 онд хүслээ биелүүлж дуулсан.
-“Чио Чио Сан” дуурийн ариг дуучдын хоолой шаардсан хүнд ари гэдэг байх аа?
-Үнэхээрийн сапрона хоолойтой дуучдын цар хүрээ, чадал шаардсан байдаг. Дж.Пуччинийн хөгжим гайхалтай ч, хэцүү хөгжим байдаг. Бүтэн гурван үзэгдлийн турш Чио Чио Сан ганцаараа дуулдаг. Тийм учраас маш хэцүү л дээ.
-Ялангуяа хоёрдугаар үзэгдэл дээр…?
-Тийм. Ганцаараа дуулсаар байгаад л дуусч байгаа биз дээ. Тэгэхээр үнэхээр хэцүү байдаг юм. Ер нь бид бүтэн номыг үгтэй нь хөгжимтэй нь цээжилж байж тоглоно шүү дээ. Тэгэхээр ой тогтоолт байхгүй бол болохгүй л дээ. Ер нь бол сийрэг толгойтой байж л дуурийн дуучин болно шүү. Тоглолтын үеэр ганц хоёр удаа үг мартах тохиолдол байсан.
-Зарим хүн дуурийг ойлгоход хэцүү гэдэг юм?
-Хүмүүс дуурийг ойлгохгүй, хэцүү гээд үзэхгүй байж болохгүй. Театрт ирж үзээд хөгжмийн сайхныг мэдрээд үз, эхэндээ ойлгохгүй ч мэдэрч эхлэнэ. Тэгсээр байгаад ойлгодог болж, дурлаж эхлэнэ дээ. Нэг л удаа ирээд үзэх хэрэгтэй.
-Харин тайзан дээр гараад дуулахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Ямар нэгэн тоглолтод дээр дуулахад арай л хэцүү байдаг. Жүжгэнд дуулахад илүү амар байдаг юм. Учир нь би жүжгэнд дүр бүтээж байгаа учир жүжгийн турш бүтэн тоглолт хийнэ, дүрдээ уусна. Ингэснээр өөрөө тайвшраад дуулахад их сайхан болдог.
-Сапрона хоолой дотроо их задардаг байх, таны хоолой их өвөрмөц санагддаг?
-Миний хоолой сапрона дотроо их нарийхан нь. Олон сапрона байна. Дж.Пуччинийд дуулсан Г.Эрдэнэтуяа бол драматик талдаа. Минийх бол бүр нарийнхан уянгын талдаа юм.
-Театрт ер нь хэдэн сапрона байгаа вэ?
-Манайд сапрона их олон шүү. Надаас доош тав, дээшээ хоёр сапрона байгаа.
-Сүүлийн үед манай залуу дуучид үнэхээр чадварлаг болжээ, та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Манай залуучуудыг магтахад бүр багадмаар болчихсон байна. Үнэхээр мундаг өрсөлдөөнтэй, чадварлаг, боловсролтой болж байна. Мэргэжлийнхээ төлөө их зүтгэлтэй. Чадварлаг шүү манай дуучид.
-Театрт орж ирэхээр нэг л гоё байдаг, та энэ их урлагийн ариун сүмд ажилладаг гэхээр бахархмаар санагддаг байх?
-Тэгэлгүй яахав. Бид нар чинь театраа ягаан байшин гэж нэрлэдэг. Хоорондоо бид нар ерөөсөө энэ ягаан байшинд насыг барж байна даа гэж ярьдаг юм. /инээв/
М.Дөлгөөн, Г.Даша