Урлаг, спортод амжилт гаргасан залуусыг шагнав

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Урлаг, спортод амжилт гаргасан залуусыг шагнав

Москва хотод зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 1-р байр эзэлсэн ДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэгт 29.0 сая, мөн уралдаанд 2-р байр эзэлсэн СУИС-ийн оюутан Ч.Энхтайванд 24.0 сая, Монакогийн Вант Улсын Монте-Карло хотод зохиогдсон олон улсын циркчдийн “Premiere rampe” тэмцээнээс хүрэл цом хүртсэн уран нугараач Н.Номинтуяа, С.Үүрийнтуяа, М.Оюунсүрэн, О.Цэцэглэн, Б.Пүрэвдулам, Г.Нямгэрэл, Ж.Цэрэндулам, Ц.Хонгорзул, О.Уугантуяа нарт нийтэд нь 34.0 сая, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн наадмаас хүрэл медаль хүртсэн уран нугараач Б.Уянга, Н.Төгөлдөрсайхан Г.Энхгэрэл, Б.Алтжин нарт нийтэд нь 34.0 сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгохоор шийдвэрлэв.  
                             
Хуулийн төслүүдийг хэлэлцэв
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд уг хуулийн төслийг тодорхой тооцоо судалгааг үндэслэн боловсруулах, шүүхийн талаар төрөөс баримтлах бодлогын уялдаа холбоог хангаж нэг мөр болгох, шүүхийн тогтолцоо, шүүхийн эрх зүйн байдлын тухай асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэсэн саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
2. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Г.Баярсайхан нарын санаачлан боловсруулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж дараах саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов. Үүнд:
•    Гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэхээр иргэн болон төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тусгасан нь хэт ерөнхий агуулгатай, ямар тохиолдолд нэхэмжлэх эрх нь үүсэх, гэм буруутай этгээд гэдэгт хэнийг / төрийн албан тушаалтан, байгууллага, иргэн, аж ахуйн нэгж/ хамруулах зэрэг хэрэгжих механизм нь тодорхой бус байгааг нарийвчлан тодорхойлж хуулийн төсөлд тусгах,
•    Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан тул ямар тохиолдолд иргэн, төрийн байгууллага нэхэмжлэл гаргахыг нарийн зааж өгөх зэрэг саналыг тусгажээ.
Товчхон:
•    2010 онд Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлав. 2010 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 2 сая 300 мянган төгрөг байхаар тогтоов.
•    Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтын 2009 оны хэрэгжилтийн тайлантай танилцаад зарчмын хувьд зөвшөөрч УИХ-д танилцуулахаар тогтов.
•    Хөвсгөл аймгийн төсөвт байгууллагуудаас “Хөвсгөл дулаан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2010 оны түлш, халаалтын эхний хагас жилийн зардалд төлөх 1.482.0 сая төгрөгийн тооцоог хянасны үндсэн дээр улсын төсвөөс 2010 оны төсвийн жилд багтаан  эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх арга хэмжээ авахаар болов.
•    Монгол Улсын 2011 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, мэдэгдлийн үзүүлэлтийн тухай болон “Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Сангийн сайд С,Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулж Засгийн газрын гишүүд санал бодлоо илэрхийлэв.
•    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 40 дүгээр чуулга уулзалтад оролцож, Европын Холбоонд айлчлал хийсэн дүнг хэлэлцээд ҮАБЗ-д оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.
•    БСШУ-ны сайд Ё.Отгонбаярыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Соёлын сайд нарын 7 дугаар чуулга уулзалтад 2010 оны гуравдугаар сарын 25-29-ний өдрүүдэд оролцуулах,  БНСУ-д 2010 оны гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд томилон ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэж, хуралдаанд оролцох хөтөлбөр болон айлчлалын удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
•    БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын Бүгд Найрамдах Франц Улс, ХБНГУ, ИБУИНВУ-д айлчлал хийсэн тухай мэдээллийг Засгийн газрын гишүүдэд танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
2010.03.24
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж