МАХН-тай хэрэлдэх шалтгаан маш олон бий

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

МАХН-тай хэрэлдэх шалтгаан маш олон бий

Ойрын үед манай улстөр сонирхогчид МАХН-ын дотоодод болж буй үйл явцад арай илүү анхаарал тавьсан юм уу, дараалан “хусуулсан” нөхдүүд жаахан дүргүйцэлтэй байна аа. Тиймээс байдлыг тэнцвэржүүлэх үүднээс Ардчилсан намын дарга нарын тухай бас хэдэн үг хэлхэхгүй бол болохгүй нь. Угаасаа ч энэ хоёр намыг өнөөдөр авч яваа дарга, удирдлагуудын төвшинд дэндүү хол ялгаа гараад байгаа учраас…

Үнэн хэрэгтээ сүүлийн үед Ардчилсан намын дотоодод ч гэсэн багагүй самуунтай байгаа. Энэ нь Ардчилсан хүчний холбоо байгуулагдсанаа зарласан тэр цагаас ил болсон бөгөөд саяхан Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болоод Улсын баатар Э.Бат-Үүл нарын хэвлэлээр хийсэн “зодоон”-оор эхний раунд өндөрлөсөн билээ. Энэ удаад С.Эрдэнэ ялагдал хүлээж, Нийслэлийн Ардчилсан намын даргын ажлыг нааш харж инээж, цааш харж уйлан байж Ш.Түвдэндоржид хүлээлгэж өгсөн. Мөн хоёрдугаар раунд ч хэзээ мөдгүй эхэлж магадгүй учраас энэхүү бичлэгийг зориулж буй хэрэг.
Сонирхолтой нь, Ардчилсан намын дарга Б.Эрдэнэбат сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа намынхаа дотоодод болж буй энэ зөрчилдөөнийг “Манай намд ямар ч хагарал тэмцэл огтоос байхгүй, Шууд  хэлэхэд энэ бол захиалга. Манай намыг үргэлжийн хагарал, хэрүүлд байлгах сонирхол гадна талд байна” гэж хэлэв. Элэг хөшөөх нь ээ. Өнгөрсөн хавраас эхэлж дуугарсан “Ардчилсан нам амьгүй боллоо, МАХН-ын хөлийн жийрэг, гарын алчуур болж дууслаа” гэсэн Ардчилсан Хүчний Холбооныхны шүүмжлэлийг танай намын лидерүүдийн аманд хэн ч аваачиж чихээгүй гэдгийг санах хэрэгтэй. Саяхан хэвлэлээр нэг цацагдсан Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын хэрүүл ч ялгаагүй. Хэрвээ тэд өөрсдийнхөө хэлж ярих зүйлийг мэдэхээ больчихоод хэн нэгний хатгаасаар дуугардаг болсон юм бол энэ ч гэсэн танай л намынхны асуудал. Таны хэлээд байгаа шиг ямар ч гадны “хар хүчний” нөлөө байхгүй. Харин үүнд санаа тавих үүрэг нь намын ерөнхий нарийн бичгийн даргад бий гэдгийг сануулах юун. Ялангуяа намын дарга тань танайхны хэлдгээр “МАХН-ын дарга нарт дөрлүүлээд хөдөлж чадахаа больчихсон” ийм үед шүү дээ.

Угаасаа Ардчилсан нам засгийн эрх барьсан, барилцсан бүх үеийн дарга нар намынхаа асуудлыг үргэлж хоёрдугаарт тавьж ирсэн, үүнийхээ ч шанг сонгууль болохоор амсдаг нь гэм биш зан. Гэвч энэ удаад хамтарсан Засгийн газрын ердөө 40 хүрэхгүй хувийг Ардчилсан нам бүрдүүлж, С.Батболдын танхимд зургаахан сайд ажиллаж байгаа. Үлдсэн нь дуртайгаа ярьж, дунд чөмгөөрөө жиргэж яваа болохоор намын ажил хэргийг нэг их хойш татаад байх зүйл ч бага билээ. Харин МАХН эрх барьж байгаа бүхий л цаг үедээ намаа улам бэхжүүлэх бодлого барьж ирсэн, одоо бол түүнийгээ улам бүр лавшруулсаар байна. Үгүй гэвэл МАХН-ын генсек У.Хүрэлсүхийн нүүж буй нүүдэлтэй өөрийнхөө нүүдлийг харьцуулаад нэг үзээрэй л дээ. Ардчилсан намын генсек намынхаа фракциудын дунд өрнөж буй зөрчлийг зохицуулахын оронд өнгөлөн далдлахаар хоёр талд хоёр нүүр гаргаж суухад үргэлж цагийн дүүжин шиг савлаж байдаг У.Хүрэлсүх гэдэг хүн харин муу нэр, модон улаатай МАХН-ын нэрийг цоо шинэ огт өөр төвшинд гаргахаар бүтээлчээр эрэлхийлж, өөрөө ч сайн мэдэхгүй барууны үзлийг намынхандаа тулгаж байна. Энэ нь ч зарим нэгэнд  таалагдаад эхэлчихсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж энэ. Худлаа гэвэл дөнгөж өчигдөр цагтаа Монголын урлагийн “сор” болж явсан гурван гавьяат МАХН-д гишүүнээр элслээ. Тэд хуучны “хувьсгалт” имиджээсээ салсан шинэ үеийн МАХН-ыг сонголоо хэмээн МАН-ын нэртэй шинэ батлахыг МАХН-ын даргаас гардаж байна. МАХН ингэж энэ нийгмийн өнгөтэй өөдтэй бүхнийг ноёны хүүд бэр буулгаж байгаа мэт мөнгөөр богтлон өөртөө нааж, зүйж байхад Ардчилсан нам харин долдугаар сарын 1-ний хэргээс амь дүйж мултарсан иргэний хөдөлгөөний хэдэн залуучуудын орогнох байр болсноос өөр юугаар бүл нэмсэн бэ. Тэд нь ч гэсэн анх гарч ирснээсээ төрөл арилжчихсан амьтад фракциудын хооронд тоглоом болоод л гүйж яваа.

Ийм цаг үед Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга “Манайд МАХН-тай хэрэлдэх шалтгаан байхгүй” гээд гараа хумхин суух эрхтэй гэж үү. Харин ч хамгийн их хэрэлдэх шалтгаан байна аа, Д.Эрдэнэбат дарга аа. Долдугаар сарын 1-ний үймээнд амь үрэгдсэн таван хүний амийг хэн хариуцах вэ гэдгийг хууль хяналтын байгууллагуудаас нэхэх, үүнд анхаарал тавьж байгаа хүн бүхэнд улс төрийн дэмжлэг үзүүлэх, сүүлийн арваад жилийн улс төрийн энэ дампуурлыг бий болгосон сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөх, шүүх хуулийн байгууллагыг улс төрийн нөлөөллөөс гаргах, эрх барьж байгаа бүлэг фракцид биш иргэддээ үйлчилдэг болгох гээд Ардчилсан намын амлаж байсан шинэчлэл бүхэн юунаас, хэнээс болж зогссон бэ гэдгийг МАХН-аас нэхэх шаардлага байна. Үүний төлөө Ардчилсан нам МАХН-тай хэрэлдэх нь битгий хэл зодолдсон ч яадаг юм бэ.
Гэхдээ үүнийг МАХН-ын Засгийн газарт орж, ачааны хүндийг ад шоотой нь хамт үүрч яваа зургаан сайд биш, ард нь байгаа Ардчилсан намын бүлэг, фракциуд өдөр өнжихгүй нэхэх учиртай биш үү. Тиймээс л МАХН-тай хэрэлдэх шалтаан маш олон байна…

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж