
-ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцтай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл юу байна?
-Эл асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодорхой мэдээлэл хийсэн, өнгөрсөн долоо хоногт. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь баривчлагдсан шалтгаан болон өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлын талаархи мэдээлэл сонин хэвлэлээр хангалттай гарсан шүү дээ. Харин дараагийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 15-нд болно.
-Ирэх сард болох Б.Хурцын шүүх хурлын өмгөөлөл болон орчуулагчийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ, Гадаад харилцааны яамнаас одоогоор ямар бодит арга хэмжээ авсан бэ?
-Б.Хурцад холбогдох шүүх хурлын үеэр Английн иргэн маш сайн өмгөөлөгч өмгөөлөл явуулахаар ажиллаж байна. Мөн орчуулагчаар хангасан. Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас манай улсын иргэн зохих ёсоор өмгөөлөгч, орчуулагчаар хангагдсан эсэх, цагдан хорьж буй нөхцөл байдал ямар байгаа талаар анхаарч ажиллана. Одоогоор бид манай улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамтай байнга харилцаа холбоотой ажиллаж байна. Харин тухайн улс оронд болж буй шүүх ажиллаанд Элчин сайдын яамнаас оролцох эрхзүйн үндэслэл байхгүй. Учир нь Олон Улсын эрх зүйн гэрээ хэлцэл гэж бий. Харин Консулын газраас Б.Хурцад ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна, тэр хүрээнд ажиллах болно.
-Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаалтны дипломат эрхэнд Их Британийн эрх бүхий байгууллагынхан халдсан нь буруу гэх мэдээлэл их цацагдах боллоо. Тэгэхээр үүнийг Олон Улсын эрхзүйн гэрээ хэлэлцээрт хэрхэн тусгасан байдаг вэ?
-Бид Олон улсын Венийн конвенцийн дагуу ажиллана. Эл конвенцэд хоёр улсын консулын газартай холбогдолтой эрх зүйн бүх асуудлыг тусгасан байдаг. Тэр конвенцийг дагаж мөрдөнө. Түүнээс биш Их Британитай Монгол Улс ялтан солилцоо хийх гэрээ хийгээгүй. Харин Монгол Улс болон Их Британи хоёулаа Венийн конвенцед нэгдсэн улс. Тиймээс хоёр улс тус Венийн конвенцийн дүрмийг дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй. Их Британийн тал өөрийн хуулийн дагуу асуудлыг шийднэ.
-Өмгөөлөлд хэчнээн ам.доллар зарцуулах бол. Зардлыг хаанаас гаргах вэ?
-Одоогоор урьдчилж хэлэх боломжгүй. Өмгөөллийн зардлыг Засгийн газраас гаргах шийдвэр гарсан. Судалгааг хийж байна.
-Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлын шийдвэр гарсан уу?
-Эхний шүүх хурлаар манай улсын иргэн Б.Хурцыг баривчлах эсэхийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцсэн байна лээ. Дараагийн шүүх хурлаар уг хэргийн талаар тодруулах зүйл байна гэж үзсэн юм байна.Тухайн улсын шүүх хурал удааширдаггүй, 10-15 минут болж өнгөрдөг юм гэсэн.
-Тэгэхээр ирэх сард болох шүүх хурал эцсийн шатны шүүх ажиллагаа байж чадах болов уу?
-Мөн л урьдчилж хэлэхэд маш хэцүү. Эцсийн шатны шүүх хурал болно гэж хэлэх боломжгүй. Тухайн улсын хуулиар зохицуулагдана.
-Анх танд нэг асуулт тавьсан даа, дипломат ажилтны халдашгүй эрхэнд халдсан юм биш үү гэж. Өмнө нь тийм тохиолдол гарч байв уу?
-Аль нэг гадаадын улс оронд Монгол Улсын иргэн дипломат ажилтны эрхэнд халдаж байсан тохиолдол байхгүй. Харин дипломат паспорттой иргэний эрхэнд халдсан ганц нэг баримт бий.
-Б.Хурцыг Их Британид баригдсан тухай мэдээлэл Гадаад харилцааны яаманд хэзээ ирсэн бэ. Баривчлагдсанаас хойш 20 хоногийн дараа мэдээлэл ирсэн тухай яриа байсан л даа?
-Монгол Улсын иргэн Б.Хурц Их Британийн хууль сахиулах албанынханд баривчлагдсан талаархи мэдээллийг бид тухайн өдөр буюу өнгөрөгч сарын 17-нд авсан юм.
-Тухайн үед энэ талаархи мэдээллийг яагаад нууцалсан юм бэ?
-Төрийн өндөр дээд албан тушаалтан баригдсан талаархи мэдээллийг бид хэдийд олон нийтэд хүргэх вэ гэдэг өөр асуудал. Шууд олон нийтэд мэдээлэх боломжгүй юм.
Н.Түвшин