Утаа гаргадаггүй түлш

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Утаа гаргадаггүй түлш

Агаарын бохирдлын талаар дээр, дооргүй ярьдаг. Их ярихын хэрээр их ч мөнгө зарцуулдаг болсон. Их ярьж, их мөнгө зарлагадаж байгаа хэдий ч утаа хэмээх гайхал алга болсон нь үгүй. Агаарын бохирдлын 23 хувь нь автомашин, тээврийн хэрэгсэл, 47 хувь нь түүхий нүүрс, 30 хувь нь бага оврын уурын зуух, цахилгаан станц, тоос тоосонцор, барилгын материалын үйлдвэрээс бохирдож байгааг Германы тусламжтайгаар олж тогтоожээ. Мөн өдөр бүр агаарын бохирдолын хэмжээ ямар байгааг хөтөлж байдаг болсон гэх. Бодит байдал харин үүний эсрэг байгаа юм. 2007 оноос хойш 8,2 тэрбум төгрөг зарцуулж үр дүнд нь хотын утаа 20 хувиар өссөн байна. Ингээд хотынхон утаа хэмээх гайхлыг “давраагаад” байгаа гол буруутан нь түүхий нүүрс гэж үзлээ. Тэгээд түүхий нүүрсийг “устгах” зорилгоор Шарын гол, Хялганатад био түлшийг гаргадаг үйлдвэрийг барьчихаад байна. Гэтэл Агаарын бохирдолтой тэмцэх дэд хорооны дарга, НИТХ-ын гишүүн Б. Төмөрчулуун “Шахмал түлш утааг багасгахгүй. Сүүлийн 4, 5 жил ингэж “эргүүтэж” явсан. Нүүрсийг нунтаглаад шахахаар утаа нь алга болно гэж байхгүй. Ийм төөрөгдлөөс гарах хэрэгтэй. Ямар ч зүйл шатсан утаа үүсгэнэ. Хамгийн чухал нь хор багатай байх хэрэгтэй” гэж нэгэн сайтад ярилцлага өгчээ.
Тэгвэл 2007 оноос хойш зарцуулсан 8,2 тэрбум төгрөг юунд хэрэгтэй байсан юм бэ?, тийм л юм бол яагаад утаагүй түлш гэж нэрлэсэн юм бэ? Хотынхон утаатай тэмцэхийн тулд түүхий нүүрстэй тэмцээд байдаг. Гэтэл ард нь үлдсэн актлагдсан машин, барилгын материалын үйлдвэрийн хаягдал, бага оврын уурын зуухыг яах гэж байгаа юм бүү мэд. Тэд утаанд нөлөөлдөггүй гэж үү?
Одоогоос долоон жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ. Нөгөө Япон доктор дөрвөн жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ “-Танай монголчууд гурван жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ. Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ.Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн гурван жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэж дүгнэлт гаргасан гэдэг.
2008 онд нэг тэрбумын хөрөнгө оруулалтыг аваад “Төгрөг нуур энержи” гэх компани алга болжээ. Хэн, хэзээ, мөнгийг нь хуваарилж өгч, хяналт тавьсан юм бүү мэд. Тэр нэг тэрбумыг өнөөдөр хэн ч төлөөгүй л байна. Хулхидуулсан нэртэй хотын захиргаа, хулхидсан нэртэй огт байдаггүй компани л өнөөдөр үлджээ. Харин Хялганат, Шарын голын үйлдвэрийг барьсан “Хос гарьд” компани ажлаа гайгүй хийсэн гэнэ. 3,2 тэрбумын хөрөнгө оруулалтаар үүнийг хийсэн. Одоо бидэнд “утаагүй” түлшний асуудал яаж шийдэгдэхийг харж л суух үлдлээ.
       Албаны хүмүүсийн хэлж байгаагаар одоо оруулж байгаа хөрөнгө оруулалт нь багадаж байгаа юм байх. Гэр хорооллыг өөрчлөн байгуулж, шугам сүлжээг нь засахад 150 сая доллар хэрэгтэй гэсэн судалгааг гаргажээ, тэд. 8,2 тэрбум төгрөгөнд үр дүн гарахгүй байгаа юм чинь, 150 сая доллараас үр дүн харагдах уу гэдэг эргэлзээтэй.
Одоогоос хоёр жилийн өмнө Агаарын бохирдолтой тэмцэх дэд хорооны дарга Б.Төмөрчулуун “Ирэх жилээс өөрчлөлтүүд мэдэгдэж эхэлнэ. Утаанаас салах арга олдсон” гэж ярилцлага өгч байсан юм.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж