Халаалт доголдсон хатуу өвөл болох нь

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Халаалт доголдсон хатуу өвөл болох нь

“Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК –иас албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг энэ сарын 1-нээс өгч эхлээд 10 гаруй хонож байна. Гэвч Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны 146, V цэцэрлэг, 30 дугаар сургууль, “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК, “Оранж” угаалгын газар, “Монгол Масс Медиа” ХХК зэрэг зургаан байгууллагын халаалт одоог хүртэл ирээгүй байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад, дээрх байгууллагуудад  очих дулааны шугам хоолой цоорсоноос халаалт өгөх боломжгүй болсон гэнэ.  Тиймээс халаалтыг зогсоон нилээд хэд хоног гэмтлийг хайсны эцэст “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК ний хашаан дотор байрлах дулааны шугам цоорсон байсныг олжээ. Гэмтлийг засварлахын тулд төрийн болон хувийн хэвшлийн  зургаан байгууллагаас  адил хэмжээтэй мөнгө татаж засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байна. Учир нь төвлөрсөн шугам сүлжээнээс 50 метрээс цаана гарсан гэмтлийг тухайн  аж ахуйн нэгжийн хөрөнгөөр засварлана гэсэн журмын дагуу гүйцэтгэдэг аж.

Халаалт доголдсоноос сургуулийн сурагчдыг хичээлдээ дулаан хувцаслаж ирэхийг сануулсан бол цэцэрлэгийн удирдлагууд багачуудыг  хэд хоногийн чөлөө авч болохыг санал болгосон байна. Гэвч эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгээс чөлөөлөх хүсэлгүй байгаа тул бүгд ирсээр байгаа гэнэ. Тиймээс бага насны хүүхдүүд болон сургуулийн сурагчид хүйтэн ангид хичээллэж нь ханиад томуугаар өвчлөх эрсдэлтэй гэж үзэн Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсээс засварын ажлыг түргэвчлэхийг хичээж байгаа аж. 

Энэ талаар тус дүүргийн Боловсролын хэлтэсийн дарга Д.Отгонжаргалаас тодруулахад “Тендер зарласны дагуу гурван байгууллагаас шугам солих засварын ажлыг хийж гүйцэтгэх санал ирүүлсэн байгаа. Дээрхи саналыг үндэслэн “Даян  трейд” компани   ажил гүйцэтгэгчээр шалгарсан. Халаалтгүй байгаа хувийн хэвшлийн байгууллагууд мөнгөө эхэлж өгсөн тул засварын ажлыг өчигдрөөс эхлүүлсэн. Харин  улсын хоёр цэцэрлэг, нэг сургуулийн хувьд шаардлагатай төсөв  мөнгийг баталж, нийслэлийн Боловсролын газарт танилцуулсан байгаа. Боловсролын яаманд хэлэлцэгдээд төсөвт мөнгө нь сууна. Ямар ч байсан хүүхдүүдийг зутраалгүй, дөрөв хоногт засварын ажлыг хийж, тав дахь өдөр халаалт өгсөн байхаар гэрээ хийсэн” гэлээ.

Юутай ч, энэ удаагийн засварлах гэж буй шугаманд өнгөрөгч 2008 онд шинэчлэл хийж байжээ. Тухайн үед сургууль цэцэрлэгүүдэд  халаалт хүргэх шугаманд гэмтэл гарсан тул төрөөс зардлыг нь гаргаж байсан аж. Харин энэ удаад өмнө шинэчилж байсан шугам хоолойноос урагш 102 м шугамыг сольсноор дээрх зургаан байгууллагын халаалт ирэх гэнэ.  Гэвч  хэсэгхэн газар шугам шинэчилж халаалтаа авч болох ч  төвийн нэгдсэн шугам хоолойнууд ихэнх нь зэвэрч хуучирсан тул дахин өөр газраа хагарч, цоорохыг үгүйсгэхгүй, Ер нь нийслэлийн дулааны шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажлыг сайтар төлөвлөж, эвдрэл гэмтэл эрсдлийг тооцоолохгүй бол өвлийн улиралд шугам гэнэт хагарвал  асуудал илүү хүндрэнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.

Дашрамд дуулгахад, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК –иас жил бүрийн хавар нийслэлийн дулааны шугам сүлжээний зураг төслийн дагуу зуны гурван сард шинэчлэлийн ажлыг хийдэг. Гэвч  өнөөдрийн байдлаар ДЦС-2, 3 , 4 ХК-уудад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг 13 магистраль 290.8 км урт дулааны төв шугам, даралт өргөх насосны найман станцаар дамжуулан 1555 Гкал/ц ачаалал бүхий 6000 орчим барилга обьектийг дулаанаар хангаж байгаа аж. Тиймээс нийслэлийн газар доорхи бүхий л шугам хоолойг бүрэн шалгаж, зуны гурван сард багтаан хийж гүйцэтгэх боломж хомс байдаг гэнэ. Түүнчлэн жил бүр шинээр баригдаж буй шинэ орон сууц барилгуудад халаалт, халуун хүйтэн усны хүрэлцээ, хангамжын асуудлыг зөв шийдвэрлэхгүй бол нийслэл хот хүндхэн байдалд орох бололтой

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж