Алтны үнэ өсч, мөнгө 30 жилийн өндөрлөгт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Алтны үнэ өсч, мөнгө 30 жилийн өндөрлөгт хүрлээ

Ам.долларын ханш еврогийн эсрэг буурснаас болж үнэт металлын хэрэгцээ дахин нэмэгдэж байна. Ингэснээр алтны үнэ дахин өсч, өмнөх рекорд үнэд дөхөж очсон бол, мөнгөний үнэ сүүлийн 30 жилд харагдаагүй өндөр төвшинд хүрсэн байна. Унц алт 0,5 хувиар өсч, 1353.15 ам.доллар болоод байгаа юм. Харин мөнгөний үнэ 1980 оноос хойшхи хамгийн өндөр үнэ буюу унц нь 23.6325 ам.доллар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ажилгүйдлийн төвшин тооцоолж байснаас муу гарсны дараа төв банк болох “Federal Reserve”-ийн зүгээс эдийн засгаа сэргээхийн тулд Засгийн газрын зээлийн хэмжээг нэмэгдүүлж болзошгүй байгаа нь үнэт металлын үнэ өсөх гол шалтгаан болж байна хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Алтны үнэ ихэнхи тохиолдолд ам.долларын ханштай урвуу хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш буурч байхад алтны үнэ өсч байдаг бол ханш өсөхөд алтны үнэ огцом нэмэгддэг.

Бирж дээрх урьдчилсан захиалгат үнэ ч мөн адил 0,8 хувиар өсч, унц нь 1356,30 ам.доллар болоод байгаа юм. Ерөнхийд нь авч үзвэл унц алтны үнэ 2010 оны байдлаар даруй 24 хувиар өссөн бөгөөд аравдугаар сарын 7-нд1366 ам.доллар болж, өмнө харагдаж байгаагүй хэмжээнд хүрсэн билээ.

Блумберг агентлагийн явуулсан судалгаанд 18 шинжээч, хөрөнгө оруулагч болон арилжаалагчдын 12 нь буюу 67 хувь нь алтны үнийг энэ долоо хоногт өссөн хэвээрээ байна гэсэн бол тав нь үнэ буурна, нэг нь яаж ч магадгүй гэсэн хариулт өгсөн байна. Мөн санхүүгийн зарим байгууллагын үзэж буйгаар унц алтны үнэ ирэх онд 2000 ам.доллар давна гэжээ.

Түүнчлэн “Macquarie Bank”-ны хувьд алтны дундаж үнэ 2011 онд 1265 ам.доллар, харин мөнгө 19,50 ам.доллар байна гэж тооцоолсон байна.

Бусад үнэт металлын хувьд, цагаан алт 0,2 хувиар буурч, унц нь 1703,25 ам.доллар, паллади 0,7 хувиар өсч, 591,25 ам.доллар болоод байна.

Одоогийн байдлаар Нью Йоркийн бирж дээр нэг ам.евро 1,3970 ам.доллартай тэнцэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж