Хүүхдийн жүжгийн анхдугаар уралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Хүүхдийн жүжгийн анхдугаар уралдаан эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүүхдийн төв театр үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг угтан ардын жүжигчин, төрийн шагналт Цагааны Цэгмидийн нэрэмжит “Хүүхдийн жүжгийн улсын анхдугаар уралдаан”-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарлажээ. Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд тус уралдааны ерөнхий зохион байгуулагч “Хүүхдийн хөгжил үндэсний урлаг” ТББ-ийн захирал С.Энхбат болон ардын жүжигчин А.Очирбат, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар хэвлэл мэдээллийнхтэй уулзлаа.

    Тус уралдааны ач холбогдол нь сургуулийн хичээлээс гадуур зохион байгуулагдаж байгаа ажлууд тэр тусмаа урлагийн ажлуудыг идэвхжүүлэн хүүхэд багачуудыг бага наснаас нь урлагт татан оруулах, авьяасыг нь нээхэд чиглэж байгаа юм. Мөн өнөөдрийг хүртэл татан буугдаагүй ч харьяалалгүй байгаа Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид, байрыг нь худалдсан театрын дарга асан, найруулагч И.Нямгаваа болон түүнтэй үгссэн эрхэмүүдээс Хүүхэд залуучуудын театрын статусыг нэхэж байгаа юм.

    Уг уралдааны нэгдүгээр шатны шалгуур Улаанбаатар чуулгын байрнаа аравдугаар сарын 23,24-нд, хоёрдугаар шат буюу шилдгийн шилдгүүдээ арваннэгдүгээр сарын 6,7-нд шалгаруулан шагнах ажээ. Хоёрдугаар шатанд шалгарсан багуудаас эхний гурван байранд шалгарсан багуудад хүүхдийн зохиол, дурсамжаар урамшуулан мөнгөн шагнал олгох юм байна. Нэгдүгээр байрыг нэг сая 200 мянган төгрөг, хоёрдугаар байрыг нэг сая төгрөг, гуравдугаар байрыг 800 мянган төгрөг болон үлдсэн баг тус бүрийг 400 мянган төгрөгөөр урамшуулан шагнах юм байна.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж