МАХН-ын шинэхэн гишүүн гавьяатууд

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

МАХН-ын шинэхэн гишүүн гавьяатууд

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан, Б.Дашдондог, найруулагч Н.Наранбаатар, гавьяат дасгалжуулагч, боксчин Н.Энхбат нар өнөөдөр МАХН-д элсч бат илэрхийлэхээ МАХН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Баяр нараас гардан авлаа. Тэднийг МАХН-д элсээд Ерөнхий сайдын өрөөнөөс гарч ирэхэд нь товч ярилцлаа.

Гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч дуучин Д.Жаргалсайхан:

-МАХН өнгөрсөн 90 жилийн хугацаанд маш том түүхэн гавьяа байгуулсан. МАХН-ын 90 жилийн ойн өмнө хэсэг нөхдийн хамт энэ намд элсэх нь зүйтэй юм байна гэж ойлгосон. Монгол Улсын сүүлийн 90 жилийн хөгжлийг энэ намгүйгээр яасан ч төсөөлж чадахгүй нь ойлгомжтой. Бидний бага нас, бидний аав, ээжийн амьдрал энэ намтай холбоотой байсныг үгүйсгэхгүй. МАХН-ын шинэ удирдлага 2010 оноос эхлээд “Шинэчлэл, манлайлал, хөгжил” гэсэн тунхаг гаргаж өөрийн уугуул нэр болох МАН гэдэг нэрээ эргүүлж авах асуудлыг дэвшүүлэн тавилаа.Одоо болох МАХН-ын түүхт их хурлаараа Монгол Улсын ирээдүйн 20 жилийн хөгжлийг цогц байдлаар төлөвлөх гэж байгаад нь маш их баяртай байгаа. Өнөөдөр энэ их сайхан өдөр МАХН-ын гишүүнээр элссэндээ баяртай байна.

Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа:

-Энэ бол гэнэтийн хийсэн сонголт биш. Энэ сонголтыг сэтгэл зүрхэндээ аль хэдийнэ хийгээд байсан. Хэзээ элсэх вэ л гэсэн асуулт байсан. МАХН-ын сурталчилгаанд явж эхэлсэн үеэс ойр ажилласан. Арван жил сурталчилгаанд нь оролцлоо. Манай аав ч МАХН-ын гишүүн байсан. Миний нас ч, хувь хүний хувьд ч, нийгэмд эзэлж байгаа байр суурийн хувьд ч улстөрийн сонголтоо хийх үе маань болсон гэж үзэж байна. Монголын хамгийн их хүчирхэг, нэр хүндтэй, хамгийн олон гишүүнтэй, түшиг тулгууртай намд элсч байгаадаа сэтгэл хангалуун байна. Бас яг энэ үед элссэндээ баярлаж байна. Намынхаа ажилд зүтгэнэ. Урлагийнханд хамгийн их анхаарал тавьдаг намын нэг нь МАХН. Өмнө нь гишүүн болчихсон байсан бол бүр их сонирхолтой байх байж дээ гэж бодогдож байна. Гэхдээ оройтох юу байх вэ гээд элсчихлээ. МАХН нэр, үзэл баримтлалаа солих гэж байгааг дэмжиж байна. “Ардын намын журамт цэрэг ээ хө” гэж дуу байдаг биз дээ.

Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог:

-МАХН гүйгээр Монгол Улсын хөгжлийг тодорхойлоход хэцүү. Олон урьгалч үзэлтэй намууд байдаг. Гэхдээ энэ дотроос хамгийн он удаан жил байсан намаа л илүү их үнэлж үзсэн. Илүү туршлага, байр суурьтай, олон гишүүнтэй, олон жил Монголынхоо хөгжил, тусгаар тогтнол, ард түмний төлөө зүтгэснийг нь, бас уран бүтээлчидтэй илүү ойрхон байдгийг нь бодоод энэ сонголтыг хийлээ. МАН гэдэг нэрээ одоо авахаар ярьж байгааг дэмжиж байна. Сая бид анхны тамгыг харлаа. МАН гэдэг бичигтэй байна. “Хувьсгалт” гэдэг үггүйгээр, орчин үетэйгээ нийцсэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа гэдэг үүднээсээ уугуул нэрээ авах гэж байгаа болов уу гэж бодож байна.    
 
 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж