Ирэх жил 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил болон 1921 оны Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ой тохиох учраас Улаанбаатарт болдог Улсын баяр наадамд 1024 бөх зодоглох нь тодорхой. 2003 оны зургадугаар сард анх баталсан Үндэсний их баяр наадмын тухай Монгол Улсын хуулийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган бөхчүүдэд улсын цол олгож буй. Улсын наадамд 512 бөх зодоглоход 5, 6, 7 давсан бол начин, харцага, заан, 8 давж үзүүрлэсэн бөх гарьд, 9 давсан түрүү бөх арслан цол хүртэнэ. Харин 1024 бөх барилдахад 9 давсан бөх нь түрүүлж бус үзүүрлэсэн амжилтаар арслан болдог, 10 давж түрүүлсэн нь шууд аварга болдог. Хуульд,
7.1.Улсын баяр наадамд дараахь амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно:
7.1.1. тав давсан бөхөд улсын начин
7.1.2. зургаа давсан бөхөд улсын харцага
7.1.3. долоо давсан бөхөд улсын заан
7.1.4. найм давсан бөхөд улсын гарьд
7.1.5. ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан
7.1.6. улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга
7.1.7. улсын аварга түрүүлсэн бол улсын далай аварга
7.1.8. улсын далай аварга түрүүлсэн бол улсын даян аварга
7.1.9. улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга.
7.2.Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно гэж заажээ.
2006 оны наадамд 1024 бөх зодоглоход улсад өмнө нь дөрвөн удаа 8 давж үзүүрлээд байсан гарьд Д.Сумьяабазар 9 давсан тул арслан, улмаар 10 давж түрүүлэн аварга болсон юм. Тэрээр ийнхүү нэг түрүүлээд байгаа.
А.Сүхбат 2000 онд 512 бөх барилдахад 9 давж түрүүлэн арслан, 2001 онд 1024 бөх барилдахад 10 даван түрүүлж аварга, 2004 онд 512 бөхөөс 9 даван түрүүлж далай аварга болсон байв. Түүний 2001 онд 10 давсан амжилтыг үнэлээд, харин 9 давсан арслан цолны чансаатай амжилтыг нь үнэлээгүй хохироосон байна. Иргэн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй байхын нэгэн адил бөх бүр ҮИБН-ын тухай хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг үндэслэн далай аварга А.Сүхбатыг зодог тайлсны хойтон нь буюу 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг нь нэгэн шат ахиулж даян аварга цол хүртээсэн түүхтэй.
Хуулийн 7.2-т хамааруулж хэлэхэд 2001 онд А.Сүхбат нь арслан цолтойгоор 9 давсан тул үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлэхэд нь далай аварга цол олгох ёстой байж. Хожим 2004 онд далай аварга А.Сүхбатыг 9 даван түрүүлэхэд нь хуулийн 7.1.8-д зааснаар даян аварга цол олгох байж хэмээн дүрэм журам нь нөхөн ойлгогдож байна.
Г.Өсөхбаяр 2002 онд 512 бөхөөс 9 даван түрүүлж арслан, 2003 онд 9 даван түрүүлж аварга, 2005 онд 9 даван түрүүлж далай аварга, 2008 онд 9 даван түрүүлж даян аварга болсон байна. Тэрээр тувт 512 бөх барилдсан наадамд түрүүлснийг анзаараарай.
Тиймээс А.Сүхбат нь гурав түрүүлсэн, Г.Өсөхбаяр нь дөрөв түрүүлсэн хэрнээ адилхан даян аварга цолтой бөхчүүд, ам авах болбол А.Сүхбат нь эхэлж авах эрэмбэтэй юм.
ҮИБН-ын тухай хуулийн хэрэгжилтээс харахад нэг удаа 9 давах нь арслан цолтой дүйх агаад арслангаас дээш цолтонд цолыг нэг ахиулах үнэлгээ болдог байна. Тиймээс ирэх зун буюу 2011 оны улсын наадмаар 1024 бөх барилдахад даян аварга Г.Өсөхбаяр 9 даваад (арслан цолны чансаатай амжилт) үзүүрлэхэд л дархан аварга болох нь ээ.
Д.Ганхуяг, Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал нарын дөрвөн арслангийн хэн нь ч бай хуулийн хэрэгжилтийн жишгээр 9 давахад (үзүүрлэх!) аварга, 10 давж түрүүлбэл далай аварга болно (яг А.Сүхбат аварга шиг). Тэр ч бүү хэл 2006 онд начин цолтой байхдаа1024 бөх барилдахад 9 давж үзүүрлэсэн амжилтаар улсын арслан болсон Д.Азжаргал заавал түрүүлэх шаардлагагүй дахиад 1024 бөхөөс 9 давж үзүүрлэхэд шууд аварга болох боломж нээгдэж байгаа юм.
“Таныг түрүүнд нь 9 давахад барилдааны амжилтыг чинь хуулийн дагуу үнэлж арслан болгосон энэ удаа арслан цолны чансаатай амжилтыг чинь үнэлэхээ больё” гэлтэй биш. Ийм тохиолдолд тэрээр улсын наадамд хоёр үзүүрлээд, нэг ч түрүүлэлгүй Монгол бөхийн дээд цолонд хүрэх болно.
512 бөх барилдсан таван удаагийн наадамд тавантаа 8 давж үзүүрлэсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнх-Эрдэнэ арслан сүүлийн дөрвөн жилийн турш ганцхан удаа улсад үзүүрлэсэн Д.Азжаргалын дараа эрэмбэлэгдэн буйрт босч, ам авч байгаа билээ. Эрэмбэний тайлбар маш амархан, тэрээр нийт 12 удаа шөвгөрөхдөө нэг ч удаа 9 даваагүй байна, нөгөө арслан нь улсад нийт хоёрхон удаа шөвгөрөхдөө нэг удаа 9 давжээ гэх. Дэлхийн аваргын нэг алтыг арван мөнгөн медалиас дээгүүр тавьдаг олон улсын жишгээр, яг ингэж амжилтын үзүүлэлтээр нь эрэмбэл гээд ҮИБН-ын тухай хуульд заачихсан тул ямар ч арга байхгүй, хууль бол хууль.
Үүнээс харахад одоогийн мөрдөж буй ҮИБН-ын тухай хуулиар улсын наадамд түрүүлээгүй атлаа 1024-т хоёр үзүүрлэсэн бөх аварга цолонд хүрч болох нөхцөлтэй, харин 2,5 дахин амжилт гарган 512-т таван удаа үзүүрлэхэд арслан цолонд ч хүрэлгүй гарьдаараа (үзүүрлэж 8 давсан бөхийн цол) дуусах юм байна. Д.Мөнх-Эрдэнийн тухайд Ерөнхийлөгч бус МҮБХ цол олгодог байхад 1995 онд улсын арслан болсон бөх. Бөх сонирхогч миний бие ах, дүү алдарт аварга Лувсанжамбаа, Намхай нарын тав дахь үеийн удам Д.Азжаргал арсланд дургүйдээ, эсвэл Д.Мөнх-Эрдэнэ арслан болон ҮИБН-ын тухай хуулийн ойлгомжгүй хэсгийг тоохгүй байгаа УИХ-ын эрхэм түшээдийг хооронд нь арсалдуулан маргаан дэгдээх гэсэн юм биш. Бусдад ойлгуулахын тулд том цолтой бөхчүүдийг жишээ татахаас аргагүйд хүрлээ.
Улсын наадамд 512 бөх барилдана уу, нэгийн даваанд 512 цэрэг нэмж бүртгээд 1024-ийг барилдуулна уу, ялгаа огт байхгүй, бөхийн хорхойтнуудын тааварт үргэлж явдаг тэр л хүчтэнүүд шинээр цол авч, бас цолоо ахиулж дээд даваануудад барилдан наадамчин олноо баясгадаг билээ. Тэгэхээр тооноос чанарт шилжинэ гэсэн ойлголт байхгүй, нэг даваа хөнгөрч нэг шатаар цол ахиж, харин ч эсрэгээрээ урвуу хамааралтай болдог. Жишээлбэл, 512-т 8 давж үзүүрлээд гарьд болох байсан бөх 1024-т 9 давж үзүүрлэн арслан, 7 давж их шөвгийн дөрөвт шалгараад заан болох нь 8 давж гарьд гэх мэтээр цааш үргэлжилнэ. Энэ бүхэн нь ҮИБН-ын тухай хуульд даваагаар үнэлэн цол олгохоор заасантай уялдаатай юм. Тиймээс 1024 бөх зодоглосон жилийн наадамд харьцангуй олон бөх цолонд хүрч, цолоо ахиулдаг.
Би түүхт ой давхацсан 2011 оны улсын наадмаар 1024 бөх барилдахыг эсэргүүцээгүй. Бусад үзэгч, бөхийн хорхойтон, наадамчдын нэгэн адил энэ асуудлаар шийдвэр гаргах ямар ч эрх мэдэлгүй хэрнээ харин ч хоёр гараа өргөн дэмжиж буй. Гэхдээ Шадар сайд М.Энхболд даргатай Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон “хойтон жилийн наадам хол байна даа, хол байна” хэмээн сууж байгаад ирэх оны зуны наадамтай тулах вий гэдэгт санаа зовниж сууна.
1024 бөх зодоглох улсын наадамд амжилттай барилдан дархан аварга, даян аварга (Д.Сумьяабазар аваргад боломж бий), далай аварга, аварга цолонд хүрэхээр сэтгэл шулуудан бүтэн жилийн турш хөлсөө урсгаж, хөдөлмөрлөхөөр зэхэж эхэлсэн том цолтой хүчит бөхчүүдэд хууль нь ойлгомжтой, түрүүлбэл ийм цолонд хүрнэ, үзүүрлэвэл тийм цолонд хүрнэ гэдэг нь тодорхой байгаасай гэсэндээ ийнхүү хэдэн өгүүлбэр тавилаа.
Үндсэн хуулиас бусад хууль, дүрэмд тайлбар хийх эрхтэй Дээд Шүүхэд хандаж ҮИБН-ын тухай хуулийн бөхийн цол олгох заалтад, ялангуяа 9, 10-ын даваа тойрсон хэсэгт тайлбар гаргуулан бөхчүүд төдийгүй бөхийн хорхойтон бид бүгдийг нэгэн мөр ойлголттой болговол яасан юм бэ. Бөх бүр ҮИБН-ын тухай хуулийн өмнө тэгш эрхтэй. Д.Сумьяабазар, Д.Азжаргал нарт үйлчилсэн 9-ийн давааны үнэлгээ хожим ч гэлээ А.Сүхбатад үйлчилсэн билээ. Ирэх зун арслан, аварга цолтонгуудад бас үйлчлэх ёстой.
Ер нь энэ хуулийн бөхийн цол олгох заалтад цоорхой байгаа эсэхийг дархан аварга Б.Бат-Эрдэнийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга хийж байгаа өнөө үед магадлавал зөв бус уу. Хэрвээ цоорхой байхгүй, бөхийн хорхойтон бид буруу бодсон бол сайн л биз!
“ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИНЫ СЭТГҮҮЛЧ
Б.ЕРЭНТЭЙ