Дэд хорооны 12 дугаар хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Дэд хорооны 12 дугаар хуралдаан болов

Монгол Улс, Европын холбооны хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын Дэд хорооны 12 дугаар хуралдаан өнөөдөр Гадаад харилцааны яаманд  амжилттай болов. Хуралдаанд Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Болор тэргүүтэй тус яам,  Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид,  Европын холбооны /ЕХ/ талаас Европын комиссын худалдааны ерөнхий газрын хэлтсийн дэд дарга А.Паренти тэргүүтэй Европын комисс болон Бээжин дэх Европын комиссын төлөөлөгчийн газрууд ажилтнууд оролцлоо.

Дэд хорооны хуралдаанаар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, Монгол Улсын аж үйлдвэр, уул уурхай, эрдэс баялаг, аялал жуулчлалын  салбарын хөгжил, Европын холбоотой хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар мэдээлэл, санал солилцлоо. Монгол Улсын эдийн засаг, экспортод чухал үүрэг гүйцэтгэж буй уул уурхайн салбарын хөгжил, эрх зүйн орчныг Европын комиссын төлөөлөгчид ихээхэн сонирхож, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эрх зүйн тогтвортой орчин нэн  чухал болохыг онцлон тэмдэглэв.

Монгол Улс, Европын холбоо хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн бүрэлдэхүүн хэсэг болох худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлаар явагдаж буй хэлэлцээний явц, үр дүн, цаашдын алхмын талаар хоёр тал байр сууриа илэрхийллээ. Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт тусгах Түүхий эдийн худалдааны асуудлаарх заалтын талаар хоёр тал урьдчилсан тохиролцоонд хүрсэн нь энэхүү хуралдааны томоохон амжилт болов.

Түүнчлэн Европын комиссын төлөөлөгч түүхий эдийн худалдааны асуудлаар Европын холбооны хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлж, түүхий эдийн экспортод учирч буй хориг саадыг багасгах байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасах чиглэлээр Европын комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээ, процедурын талаар Европын комиссын төлөөлөгчид мөн мэдээлэл хийж, Монгол Улсад зах зээлийн эдийн засагтай орны статусыг аль болох ойрын хугацаанд олгох талаар хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын Дэд хорооны 12 дугаар  хуралдаанаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар энэ өдрийн үдээс хойш болох Монгол-Европын холбооны Хамтарсан хорооны 13 дугаар хуралдаанд танилцуулж, эл хуралдаанаас гарах баримт бичиг болох Хамтарсан мэдэгдэлд тусгах юм хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж