Аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллана

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын соёл, аялал жуулчлал хариуцсан орлогч дарга Bai Jinxiang тэргүүтэй төлөөлөгчид Хэнтий аймагт ажлын айлчлал хийгээд буцлаа. Хоёр тал соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.“Бид цаашдаа эдийн засгийн салбарт ч хамтран ажиллах сонирхолтой байна. Миний хувьд танай аймагт анх удаа ирж байгаа болохоор Монголын өргөн уудам тал нутгийг үзээд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг олж харлаа. Улс орны хөгжлөө дагаад манай Хөх хотын хүн амын орлого нэмэгдэж өөр аймаг хотуудад аялан жуулчлах нь ихэсч байна.  Хөх хот 2009 оны байдлаар, гадна дотны 10 сая давсан жуулчдыг хүлээн авсан, орлого хоёр тэрбум 300 сая доллар болсон бол соёлын салбар дахь орлого гурван тэрбум доллар болсон. 2006 онд Хөх хотод агаарын замаар зорчигсод нэг сая хүн байсан бол 2008 онд хоёр сая болж, 2010 онд дөрвөн саяд хүрэх төлөвтэй байгаа. 2014 онд 10 сая хүнийг агаарын замаар тээвэрлэдэг болох зорилтыг бид дэвшүүлсэн. Одоогоор Хөх хотоос төмөр замаар Бээжин рүү 11 цаг орчим хугацаа зарж очиж байгаа бол ирэх жил тавигдах хурдны зам ашиглалтад орсноор дөрвөн цаг л явдаг болно. Алсдаа бол ердөө л нэг цаг 40 минут л зарцуулдаг болно. 2010-2015 оны улсын таван жилийн төлөвлөгөөгөөр аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж улам бүрдэнэ. Хятад улсын далайн дагуух өмнөд нутгийнхан Өвөрмонголд ирж хөдөө нутгийг үзэх сонирхолтой байдаг. Харамсалтай нь, Хөх хот орчмын нутаг цөлжих хандлагатай болсон. Цаашид өмнөдийнхөн Хөх хотод ирээд дараа нь жинхэнэ тал нутгийг үзэхээр Монгол улсын Хэнтий аймгийг зорьдог болох тийм аялал жуулчлалын маршрутыг бий болговол энэ нь манай хоёр талын маш сайн хамтын ажиллагаа болно гэж би ойлгож байна. Богд эзэн Чингисийн нэрээр алдаршсан танай аймагт дэлхийн бусад орны хүмүүс ч аялан жуулчилж ирэх сонирхолтой байгаа, хоёр талын зарчмын чанартай энэ гэрээний дараа салбар хариуцсан албан тушаалтнууд маань харилцан мэдээллээ солилцож төлөвлөсөн зүйлээ ажил хэрэг болгоно гэдэгт найдаж байна” гэж төлөөлөгчдийн тэргүүн Bai Jinxiang ярилаа. Жил бүр Хөх хотод соёл урлагийн олон улсын наадам цэнгүүн болдог бөгөөд 2011 онд болох найм дахь удаагийнхаа арга хэмжээнд тус аймгийн урлагийн байгууллагыг очиж тоглолт хийхийг Bai Jinxiang хүслээ. Түүний тааламжтай цагтаа айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээн авч байгаагаа аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар илэрхийлээд, өмнө нь тавьсан саналууд болох оюутан сургах, эмч нарыг дадлагажуулахаар тохиролцсон төлөвлөгөөгөө ажил хэрэг болгох талаар дурдаж, Хэнтий аймаг бол Монгол улсын зүүн бүсийн тулгуур төв аймаг учраас Хөх хотынхон тус аймагт аж үйлдвэрийн салбарт томоохон үйлдвэр байгуулах, газар тариалангийн жижиг оврын тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээр хамтарч ажиллахыг санал болгов.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж