Ажлын хэсэг байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг байгуулав

 УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн  хуралдаанаараа Эрүүл мэндийн тухай хууль,  Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцээд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Гантөмөр нараар ахлуулсан хоёр ажлын хэсэг байгуулсан байна. Бүлгийн гишүүдийн хувьд “Эрүүл мэндийн салбарт зөвхөн байгууллагын эрх мэдлийн хэмжээг тогтоохоос гадна тогтолцооных нь хувьд шинэчлэлт хийж, иргэд үйлчлүүлэгч рүү чиглэсэн эрх зүйн харилцааг боловсронгуй болгох шаардлага байна гэж үзэн төслийг сайжруулахаар ажлын хэсэг байгуулсан нь энэ аж. Ажлын хэсэг ирэх долоо хоногийн даваа гариг гэхэд дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор гаргасан гишүүдийн саналыг нэгтгэн, бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн байна.

  Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гаргасан зарим саналыг дурдвал, иргэд өвддөг, төр эмчилдэг байх биш, хувь хүн эрүүл мэнддээ анхаардаг байж, тэр нь даатгал санхүүжилтын тогтолцоогоор үнэлэгддэг систем рүү шилжих нь чухал гэдэг талаас олон чухал саналыг дэвшүүлсэн юм байна.

    Мөн өнөөдрийн хуралдаанаар бүлэг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн бол Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Хятад улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжжээ.

    Харин Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал дээр Ардчилсан намын бүлэг албан ёсоор завсарлага аваагүй байгаа гэдгийг  бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдэгдлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс “Хууль зүйн байнгын хороо нь энэ асуудлаар гишүүдээс санал хураахдаа нууцаар явуулсан нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болохыг хэлж, асуудлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Энэ дагуу УИХ-ын даргын зүгээс УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн байнгын хороонд хуулийн хүрээнд асуудлыг зохицуул гэсэн үүрэг өгсний дагуу энэ асуудал түр хугацаагаар хойшлогдоод байгаа. Бүлгийн хувьд энэ асуудлыг нууц санал хураалтаар шийдэх ёсгүй гэсэн байр суурь хэвээрээ байгаа” гэсэн тайлбарыг хийсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж