Бодит өсөлт 5,7 хувь орчим байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Бодит өсөлт 5,7 хувь орчим байна гэв

Үндэсний статистикийн хороо өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал статистикийн байдлын мэдээллийг сэтгүүлчдэд мэдээлэв.

Статистикийн мэдээгээр ДНБ (2005 оны зэрэгцүүлэх үнээр) хоёр триллион 646,5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 156,6 тэрбум төгрөг буюу 6,3 хувиар өсчээ. Уг өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын татварын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний үнийн улсын индекс есдүгээр сард өмнөх сарынхтай харьцуулахад 0,7 хувиар буурч, оны эхнээс 8,3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10,6 хувиар өссөн гэлээ. Ерөнхий индекс өмнөх сарынхаас буурахад хүнсний бараа, усны бүлгийн дүн 2,1 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Цаашид хэрэглээний үнийн индекс өсөх үү, буурах уу хэмээн урьдчилсан төлөв байдлыг сэтгүүлчид сонирхож асуухад, ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хэлэх боломжгүй хэмээх товчхон хариулт өгөв. Юутай ч статистикчдын урьдчилсан төсөөллөөр эдийн засгийн бодит өсөлт 5,7 орчим хувьтай гарна гэсэн таамаг дэвшүүлээд байна.

Хэвлэлийн бага хурлыг ҮСХ-ны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од, Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг, Хүн ам, нийгмийн статистикийн газрын орлогч дарга Б.Саранчимэг нар хийв.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж