Монгол залуус нислэг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Монгол залуус нислэг саатуулжээ

Москва-Улаанбаатарын чиглэлд энэ сарын 8-9-нд шилжих шөнө нислэг үйлдэж байсан ОХУ-ын “Аэрофлот” авиакомпанийн “А-320” онгоц гэнэт нислэгээ зогсоох шаардлагатай болжээ. Учир нь уг онгоцонд зорчиж явсан гурван монгол иргэн хоорондоо муудалцаж зодолдсоны улмаас яаралтай газардахаас аргагүйд хүрсэн байна. Ийнхүү ОХУ-ын Пермь мужийн “Большое Савино” нисэх буудалд шөнийн 01 цагийн орчимд буусан бөгөөд энэ талаар  “Монголын рейс Пермьд саатуулагдлаа” гэсэн гарчигтайгаар Оросын мэдээллийн зарим сайтад мэдээлжээ. “Азаар газардахад ямар нэг хүндрэл гараагүй” хэмээн Пермь мужийн Тээвэр хариуцсан газрын дарга Ильдар Салахиев мэдэгдсэн байна.

“Большое Савино” нисэх буудлын ажилтнууд дээрх гурван монгол иргэнтэй холбоотой асуудлыг шийдүүлэхээр холбогдох хууль, хяналтын байгууллагынханд хүлээлгэн өгсөн байна. Энэхүү онгоц нь Стамбулаас Мосвагаар дайрч Улаанбаатарт ирэх байсан бөгөөд монгол иргэд ОХУ-ын визгүй байсан  нь асуудлыг улам хүндрүүлж журмын дагуу Пермьд саатуулагдсан байна. Харин тэднийг яагаад хилийн байцаагч нар саатуулаагүй нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Дээрх гурван монгол иргэнийг онгоцны даргын шаардлагыг биелүүлээгүй, нислэгийн үеэр архидан согтуурч танхайрсан хэмээн буруутгаж байгаа ажээ. Монголын гурван иргэнийг  өнөөдөр Москвад хүргэж хэргийг нягтлан шалгахаар болжээ.

ОХУ-ын өдөр тутмын хэвлэлүүдэд өчигдрийн байдлаар энэ талаар мэдээлээгүйгээс харвал энэ явдлын талаар төдийлөн шуугьж эхлээгүй байгаа бололтой. Гэсэн хэдий ч монгол иргэд ийм хэрэгт холбогдсон нь улс орны нэр хүндэд халтай төдийгүй тус улсын хуулийн байгууллага нислэг саатуулсан этгээдүүдэд холбогдох хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэх нь ойлгомжтой. Үүний дараа хууль хяналтын байгууллагынхан онц ноцтой гэж үзээгүй тохиолдолд Улаанбаатар руу буцаана хэмээн мэдээлжээ.

Ийнхүү гадаадын орны агаарын хөлгөөр зорчихдоо эх нутагтаа нийслэлийн гудамжинд байдаг шигээ архидан согтуурч хоорондоо зодолдсон энэ гурван монгол иргэн Монгол Улсынхаа нэр хүндийг унагаж улс орноо сөргөөр сурталчиллаа. Тэд үүнийхээ өөрсдөө үлэмж хэмжээний төлбөрт унах нь тодорхой болоод байна. ОХУ-ын авиакомпаний зүгээс хэдийгээр урьд нь онгоцон дотор жижиг маргаан гардаг байсан ч нислэг саатуулах хүртэл хэмжээнд зодолдох явдал гарч байгаагүй гэнэ. Манай улсын Гадаад хэргийн яаман дээр энэ талаархи мэдээлэл амралтын өдрүүдэд ирээгүй байгаагүй бөгөөд хэргийг шалгасны дараа асуудал гарвал албан ёсоор мэдэгдэх учиртай. Харин МИАТ-ийн лавлахаас энэ тухай асуухад “SU-563” рейсийн уг нислэг өнгөрсөн бямба гарагийн өглөөний 10 цагт амжилттай газардсан гэсэн мэдээлэл өгсөн юм.

Саяхан манай улсын иргэн 30 гаруй насны нэгэн залуу Турк улсад хүний наймааны золиос болсноо мэдээд арайхийн амь мултарч гарсан тухай амралтын өдрүүдэд зарим телевизээр мэдээлж байсан. Тэр залуугийн ээж хүү нь үе үе холбоо барьж байгаа ч яг одоо хаана ямар байдалтай байгааг мэдэхгүй байна хэмээн нулимс дуслуулан ярьж байгаа нь сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй байв. Гадаад харилцааны яамнаас Турк дэх Элчин сайдын яамтай холбоо барьж иргэнээ хайж эхлээд байгаа. Энэ мэтчлэн сүүлийн үед гадаадад зорчин яваа иргэдтэй холбоотой онц ноцтой асуудлууд шил дараалан гарсаар байгаа нь нийгмийг түгшээж эхэллээ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж