Хятад бол ганцаардмал түүхтэй их гүрэн

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Хятад бол ганцаардмал түүхтэй их гүрэн

2025 он гэхэд дэлхийн гадаад бодлогод нөлөөлөх хэм­жээгээрээ Хятад улс хоёрдугаар бай­рт бичигдэж, АНУ-аас үл ялиг хойно явах болно хэмээн Америкийн мэргэжилтнүүд таа­­маглаж байна. Гэтэл ОХУ зур­гадугаар байрт байх юм гэнэ. Тэгэхээр Хятад гэж ер нь ямар улс юм бэ   ОХУ-ын геополитикийн хувьд дай­сагналын эх үүсвэр үү, аль эсвэл манай гол хамтрагч уу. Энэ талаар Мэтгэлцээний клу­бын дэргэдэх “Российская газета” сонины вэб хуу­дас болон Валдайскийн клубын хамт төслийн тэр­­гүүн Евгений Шестаков эдийн засгийн доктор, “Аж үйлд­вэ­рийн дараа үеийн нийгэмлэг су­далгааны төвийн тэргүүн Владислав Иноземцевтэй ярилцжээ.

-Америкийн судлаачид 2025 он гэхэд Хятад улс дэлхийн үйл явцад оролцох нөлөөг АНУ-аас хоёрхон хувиар хойно явах болно гэжээ. Гэтэл ОХУ зургадугаар байрт орох бөгөөд өнөөдрийн дүнгээр бол бүр ч байх юм байна. Энэ нөх­цөлд бид Хятад руу чиглэж, Хятадтай найзлах шаардлагатай юу. Ер нь ийм “тэгш” нөхөрлөл боломжтой гэж үү?

-Миний байр суурь ямар үзэл бодол дээр үндэслэсэн бэ гэвэл, АНУ, Хятад мэтийн улс оронтой нөхөрлөх тун хэцүү. Үүнд, хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, тэдний эдийн засаг болон улс төрийн сонирхлын цар хүрээнээс хамааралтай. Хоёрдугаарт,  дээрх улсуу­дын түүх болон өв уламжлалыг анхааралдаа авах нь зүйтэй юм. Хэрвээ АНУ болон Хятад улсын түүхийг сөхөж үзвэл бид эдгээр улсаас хамтран ажиллаж ирсэн уламжлал болон чиг хандлага, тэр тусмаа тэгш нөхөрлөлийг олж харахгүй л болов уу. АНУ үргэлж л олон тооны дагуулуудтай байдаг байсан. Европтой хамтран ажиллаж буйгаас үзэхэд, Америкийн ном хэвлэлд бичиж, тайлбарлаж байгаагаар бол сул дорой нэгнийг аварч буй явдал юм гэнэ. Тэгээд ч Америк хэр их ач хол­богдолтой байгаагаас нь үүдэн холбоотондоо со­нирхлоо хандуулдаг байсан. Хятадын хувьд бол бүр ч ярвигтай. Би Хятадын түүхэнд энэ оронтой нөхөрлөж, хамтран ажиллаж ирсэн ганц ч холбоотон орныг санахгүй юм. Ер нь бол ганцаардмал түүхтэй их гүрэн л дээ.  Уналтын ч бай , сэргэн мандалтын ч бай цаг үедээ Хятад хэзээ ч холбоотонтой байгаагүй. Тийм учраас таны тавьж буй асуултад хариулах маш хэцүү гэж бодож байна. Үнэндээ  бид Вашингтон Бээжингийн холбоотон болж чадахгүй. Асуудлын гол нь бид үүнийг хүсэж байна уу, хүсэхгүй байна уу гэдэгтээ биш юм. Яг хэрэг дээрээ энэ субъектууд бидний өөрсдийн холбоотон болгохыг хүсч байна уу хүсэхгүй байна уу гэж бодохгүйгээр өөрөө өөрсдөөсөө тэд ний хол­боотон болохыг хүсч байна уу л гэж асуугаад байгаа юм.

Миний бодлоор АНУ, Хятад Оросыг өөрсдийн хамт­рагч байлгахыг хүсэхгүй байгаа. Ха­рин дагуул орноор бол, мэдээж дуртайяа зөвшөөрнө. Байгалийн нөөц нийлүү­лэгч орны маань хувьд асуудал байхгүй. Харин яг хамтран ажиллах харилцаа тогтоох сонирхол  эдгээр улсад огтхон ч байхгүй. Миний бодол, мэдрэмж ийм л байна даа.

-2025 онд ганц биш, дор хаяж хоёр их гүрэн гарч ирэн гэсэн нөхцөлд Орос улс бие даасан бодлого явуулах боломжтой юу. Эсвэл Орос улс хэн нэгэн рүү чиглэхээс өөр аргагүй болох уу?

-Манай гадаад бодлогын үзэл  гол төлөв  “Орос улс бол бие даасан хүчний төв” гэж номлодог. Үнэн хэрэг дээрээ та сая Орос улс хэнтэй байхыг хүсэж байна вэ гэсэн асуултыг тавилаа. Нэг ёсондоо бид хэн нэгэнтэй байх ёстой гэдэг ойлголт гарч ирж байна л даа. Энэ бол маш чухал дохио юм. Саяхныг болтол бид ч “Бидэнтэй хэн цуг байна вэ” гэж асуудаг байсан. Жишээ дурдвал Украин бид нартай хамт уу, эсвэл үгүй үү. Казахстан ч юм уу аль эсвэл Киргиз бидэнтэй юү эсвэл Хятад ч юм уу АНУ-тай юу. Энэ асуултуудын хариултуудаас нь шалтгаалан бид өөр өөр дүрмээр тоглодог байсан. Харин та Орос улс өөрөө хэнтэй байх вэ гэж асууж байна. Энэ бол маш чухал үе. Миний бодлоор, өнөөдрийн нөхцөлд Орос аль ч их гүрэнтэй холбоотон болохгүй байх нь хамгийн зөв юм шиг санагдаж байна. Харин хүчний хувьд төвлөрсөн бус бүс нутаг бүхий Европтой хамтрах нь хамгийн зөв гэж бодож байна. Энэ тал дээр бол Орос улсад өөртөө тийм ч итгэлтэй биш тархмал хүчний хуваарилалттай их гүрэнтэй харилцаа тогтоосон нь өөртөө хэт итгэлтэй Оросын тусламжид найдаад байдаггүй тийм орнуудтай харилцаа тогтоосноос хавьгүй хялбар юм.

-Хэрвээ Хятад улсын хүн амын тоог Оросынхоос 10 дахин их гэдгийг анхааралдаа авбал энэ нь манай улсад боломжит заналхийлэл мөн гэсэн үзэл бодол үнэнд хэр нийцэж байна вэ?

-Хятад улс бидэнд заналхийлэх хэмжээ нь, биднээс л шалтгаална. Нэг ёсондоо хятадууд өнөөдөр бөөнөөрөө, эсхүл цэргийн хүчээр аль ч улсын хилийг даваагүй бай­на. Тэд бусад орон руу өөр аргаар нэвтэрч байна. Ямар арга вэ гэвэл, хятадууд тухайн улсад ирээд л биз­нес эрхлээд л, бас болоогүй уг бизнесээ маш шургуу бөгөөд чанартай эрхэлдэг. Тэдний ажил­лах чадвар үнэхээр сайн. Ин­гээд бодохоор хятадууд өөрсдөө амжилтаа олж байгаа нь байгалийн баялаг ч юм уу аль эсвэл ямар нэгэн учир байдлынх ч биш харин тэдний хөдөлмөрийн үр дүн юм. Харин асуудал юунд байна гэвэл, бид өөрсдөө хятадуудыг нэвтрүүлж, Оросыг чиглэсэн нүүдлийг өөгшүүлж байна уу, үгүй юү гэдэгт л байгаа юм. Гэхдээ энэ бол зөвхөн оросын асуудал юм. Яг үнэн хэрэгтээ хятадууд манай газар нутагт санаархаад бид  эсэргүүцэж чадахгүй байна гэж байдлыг төсөөлж болохгүй. Хэрвээ бид хятадуудыг Алс Дорнодод амьдруулахыг хүсэхгүй бол тэд тэнд амьдарч чадахгүй. Энэ зүгээр л ажиллах эрхийг хуурамчаар, виз­тэй нь худалдаж аваад амьдраад байгаа асуудлууд юм. Миний бодлоор Хятад геополитикийн тө­лөвлөгөөгөөр манайд ямар нэгэн аюул заналхийлэл үзүүлэхгүй бай­гаа. Хамгийн чухал бөгөөд цорын ганц байж болох заналхийлэл нь юу вэ гэвэл эдийн засгийн хувьд хятадууд тэлэн өргөжиж  дэлхийн зах зээл дээр аж үйлдвэрлэлийн ёроолыг тэр чигээр нь эзлээд Оросын аж үйлдвэрлэлийн орон болох боломжийг хасах нь л ганц заналхийлэл юм. Нэг ёсондоо бидний зах зээлийг хаагаад байна гэсэн үг. Ер нь Хятад Орос хоёр өрсөлдөгч нар юм. Яагаад гэвэл Орос одоо түүхий эд боловсруулж байна. Гэхдээ уг түүхий эдээрээ аж үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохоор юм. Оросын дараачийн алхам нь шинэчлэлийн хүрээндээ түүхий эдийн засгаас аж үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжих. Харин 50 жилийн дараа аж үйлдвэрийн дараах үеэс шинжлэх ухааны хөгжил болон техник, тех­нологийн шинэчлэл рүү орох ёстой. Энэ үүднээс бид шударгаар Хятадын эзэлчихээд байгаа хөндийг эзлэх хэрэгтэй. Гэхдээ Хятад бидэнд зүгээр алдчихгүй нь ойлгомжтой. Ингээд үзэхээр Хятад улс бол Оросын шинэчлэл, хөгжлийн замд тодорхой хэмжээгээр саад тотгор болж байгаа юм. Гэхдээ шууд цэргийн болон боломжит түрэмгийлэгч их гүрэн гэдэг үүд­нээс бол Хятад за­налхийлэл хийхгүй байгаа.

-“Российская газета” /Оросын хэвлэл/ сонины вэб хуудаст уншигчдын дунд явуулсан санал асуулгаар саналаа өгсөн хүмүүсийн тал орчим хувь нь Хятадыг манай оронд эдийн засгийн болон хүн амын өсөлтийн хувьд заналхийлж буй орон гэсэн үзүүлэлт гарсан байна?

-Дахиад хэлье. Хятад бидний хувьд аж үйлдвэрийн л өр­сөлдөгч. Хятад улстай байгуулсан төрийн гэрээ хэлэлцээрүүдийн да­­гуу бид тус оронд түүхий эд ний­лүү­лэгч л юм. Хэрвээ манай хамтын ажиллагааны төлөвлөгөөг харах юм бол ихэнх нь манай улсад түүхий эд олборлох үйл явцыг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд харин Хятадын газар нутаг дээр дараачийн бо­ловс­руулалтыг хийхээр заасан байгаа.

-Гэхдээ үүгээрээ бид худалдааны зах зээлээ улам тэлээд  Алс дорнодын бүс нутгийг хөгжүүлэх түлхэц өгөөд байгаа юм биш үү?

-Бид эцсийн эцэст хятад ажилчдыг ашиглаж болно. Мөн Хятад руу ямар нэгэн технологи ний­лүүлэх ч юм уу, ямар ч байсан тэгш байдлаар түүхий эд олборлох  түүний аж үйлд­вэрийн боловсруулалтад орол­­­цох ёстой.  Өнөөдрийн байд­лаар, Орос улс бусдын нө­лөөлөлгүйгээр Европын түүхий эд нийлүүлэгч суурь болсон бөгөөд бараг байгалийн хийн нөөцөө зуун хувь, газрын тосны 70 хувь орчим  хувийг нийлүүлж бай­на. Харин одоо Америк бо­лон Европын аж үйлдвэрлэлийн да­галдагч Хятадын хувьд ч гэсэн түүхийн эдийн бааз болж болох эрсдэлтэй байна.

Хята­дуудын нэвтрэн орж ирж буй нь  аюул дагуулаагүй. Ер нь ямар нэгэн төр улс, жишээ нь, ОХУ гаднаас урсан орж ирж буй хүн амын нүүдлийг зохицуулах бүрэн эрх болон боломж нөөцтэй байдаг. Одоохондоо бид энэ зохицуулалтыг тийм ч үр дүнтэй хийхгүй байгаа л даа. Гэхдээ гадны иргэдийг зо­хицуулах бодлогоо чанаржуулж сайн ажиллаж сурах нь чухал юм. Мөн Алс дорнодын бүс нутаг руу ирж буй цагаачдын тоог хязгаарлах ёстой. Гэхдээ энэ бидний том асуудал болоод байна. Учир нь бид юманд хязгаар тавьж чаддаггүй.

-Хятадын үндсэрхэг бодолтой бүлэг хүмүүс Алс дорнодын газар нутгийг Хятадын их хаант гүрний нэгэн хэсэг гэж үздэг нь нэгэнт тодорхой?

-Хаант засаглалтай Орос улс Хятадтай, мөн Зөвлөлт Холбоот улс Хятадтай, мөн одоогийн ОХУ-ын Засгийн газартай Хятадын бай­гуулсан төрийн бүх гэрээг шударга бус хэмээн үздэг үзэл одоо болтол Хятадын нийгэмд оршиж л байдаг. Энэ үзэл бодол Хятадын цэргийнхний сурдаг ихэнх бичиг цаасан дээр тусгагдсан байдаг. Уг үзэл Хятадын цэргийн армийн сурах бичигт болон “Тэнгэрийн” гэж өөрсдийгөө тодорхойлдог улсын цэргийн онолч нарын ажилд ч маш их бичигдсэн байдаг.

Ямар ч байсан Хятадын сонин хэвлэлд энэ талаар маш тодорхой санал онолоо илэрхийлцгээсэн байдаг. Хятадуудад энэ талаар зөн­дөө гомдол, шүүмжлэлтэй л байдаг. Гэхдээ гомдол нэг өөр, бас мөргөлдөөн гэж нэг өөр. Япончуудад ч гэсэн газар нутгийн талаар Орос улсад гомдол байж л байдаг. Гэхдээ манай улстөрчид, улс төр судлаач Японыг арлуудын талаарх асуудлаа шийдэх гээд ОХУ руу дайрч чадна гэж бодохгүй байгаа нь лавтай. Яагаад гэвэл, энэ боломжгүй зүйл юм. Хятад улс бол ойрын жилүүдэд  маш хурдацтай хөгжинө. Ялангуяа эдийн засгийн салбарт. Тиймээс Хятад улсад ирэх 10-20 жилд өөр садаа хэрэггүй. Тус улс удахгүй бидний зэв­с­гийг үйлдвэрлэж олон улсад санс­рын хөлөг худалдаалчихаж мэд­­нэ. Одоогийн байдлаар Хятад Ази­­даа иргэний агаарын онгоц үйлд­­вэрлэлээрээ дийлж байна. Бид Хятад улс руу технологи экс­пoрт­­олно гэж бодож байгаа бол би үүнд  байна. АНУ маш их хэмжээний лиценз, патент зэргийг ашиглаж байна. Гэхдээ энэ технологио худалдаж байгаа нь тус улсын экспoртын дөрвөн хувийг л эзэлдэг.

-Манай улсын иргэншил Ази­тай ойр уу эсвэл Еврoптой ойр уу гэсэн асуулт их байдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Хэрэв Английн соёл болон Хятадын соёлтой харцуулах юм бол манай улс алинтай нь ч адилгүй. Бид бол тусдаа иргэншил, бидний туршлага олон зуун жил дамжиж ирсэн. Еврoпын соёлын нөлөө ч бий. Харин Хятадын соёл манайд огт нөлөөлж байгаагүй. Энэ талаар иргэдээс санал асуулга явуулж болох юм. Манай улсад аль улсынх нь соёл илүү ойр байна гэж. Миний бодлоор ийм санал асуулга огт явуулж байгаагүй байх. Хэрэв энэ асуудлыг гүнзгий авч үзэх юм бол сонирхолтой хариу гарна гэдэгт итгэлтэй байна.

Б.БАТТҮВШИН

Зохиогчийн эрх: "Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж