Павильонуудыг энэ сарын 18 гэхэд буулгана

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Павильонуудыг энэ сарын 18 гэхэд буулгана

Хотын гудамжаар явган хүний замыг түрж, замбараагүй барьсан ТҮЦ, контейнер, хашаа, хашлага маш их байдаг. Явган хүний замгүй учир хүмүүс автомашинтай сүлжилдэн явсаар удаж байна. Үүний тод жишээ нь “Багшийн дээд”-ийн буудлын хойд талын туслах замыг хэлж болох юм. Энэхүү туслах замаар хүн, автомашин нь зэрэгцэн явж түгжрэл үүсдэг. Хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй энэ газар явган хүний зам байхгүйд гол учир бий. Үүнээс болж хүмүүс маш их бухимддаг. Явган хүний замыг чөлөөлөх аян ид өрнөж байгаа энэ өдрүүдэд хүмүүсийн бухимдлыг бараад байгаа энэ газар явган хүний зам тавихаар болжээ. Ингэхийн тулд буудлын хойно байрлах 16 павильоныг нураах аж. СБД-ийн Газрын албанаас эдгээр павилоныг нураах шаардлагыг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд хүргүүлсэн байна. Павильоны эзэд болон түрээслэгчид шаардлагыг эсэргүүцэн МҮЭХ-нд ханджээ. Иргэд “Хүйтний улирал эхэллээ. Хавар болтол энэ павильондоо үйл ажиллагаагаа явуулж байя” гэсэн утга бүхий өргөдөл гаргасны дагуу тус холбоо нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт бичиг хүргүүлсэн байна. Үүний хариуд “Хавар хүртэл байж болно” гэжээ. Нийслэлийн Засаг дарга ингэж хэлсэн боловч дүүргийн газрын алба хүйтрэхээс өмнө павильонуудыг нурааж явган хүний замыг тавих ажлаа эхлүүлэхээр зэхэж байгаа юм. Харин павильоны эздийг байраа өөрсдөө чөлөөлөх юм бол саяхан барьсан нүхэн гарцанд талбай өгнө гэдгээ дүүргийн Газрын алба мэдэгджээ. Энэнхүү шийдвэрийг павильоны эзэд болон түрээслэгчид хэрхэн хүлээн авч байгааг сурвалжиллаа.

Түрээслэгч Д.Одонтуяа:

-Би энэ павильоныг 15 жил ажиллуулж байна. Явган хүний зам барихын тулд буулгана гэж биднийг сандаргаад байгаа. Уг нь хавар хүртэл байж болно гэсэн боловч дүүрэг л заавал одоо нураана гэх юм. Тухайн үед энэ павильоныг чинь 2,3 өрөө байраа зарж байж авсан хүмүүс ч бий. Шууд нураачихаж болохгүй байх. Биднийг нүхэн гарц руу оруулна гэсэн. Харин үүнийг нь улсын комисс хүлээж аваагүй байгаа юм билээ. Гэтэл дүүргийн газрын алба нүхэн гарц ирэх сарын 1 гэхэд ашиглалтад орчихно. Тэр болтол павильоныг чинь нурааж байя гэж хэлээд байгаа. Энэ нүхэн гарц нь цагтаа ашиглалтад ороо ч уу, үгүй ч үү.

Павильоны эзэн Н.Наранцэцэг:

-Энэ павильонууд анх Ж.Наранцацралт даргын үед зөвшөөрөлтэй барьж байсан. Бид нар ч зөвшөөрлийн дагуу авсан. Бичиг баримт нь ч байгаа. Гэтэл одоо газраа чөлөөл, нураана гээд дайрч болохгүй. Нүхэн гарц руу ор гэж л байна. Тэрэнд нь цэвэр, бохир усны хоолой, агааржуулалт тавиад л болоо гээд байгаа. Халаалт тавихгүй гэсэн. Өвлийн хүйтэнд газар доор халаалтгүй яаж байх вэ. Бас болоогүй 16 эзэнд нэг, нэг метр талбай л ногдож байгаа юм. Нүхэн гарцыг засах ажлаа эхлүүлээгүй л байна. Яадаг юм бүү мэд.

Түрээслэгч С.Отгонтуяа:

-Энд доод тал нь нэг сая дээд тал нь 50 сая төгрөгийн зээл авсан хүмүүс байгаа. Нэг павильоны ард худалдагч түүний хойно тав, зургаан хүн бий. Хүмүүс хохирч байна. Дүүрэг биднийг “Хангалттай мөнгө хийсэн, одоо буух цаг чинь болсон” гэсэн.   Сайн дураараа буувал нүхэн гарцанд талбай өгнө. Үгүй бол талбай өгөхгүй гэсэн. Мөн нөхөн төлбөр гэж юу ч өгөхгүй. Энэ сарын 18 сүүлчийн хугацаа. Шууд түрж буулгана гээд байгаа.
Явган  хүний  замыг  та­вих аяны хүрээнд СБД-ийн газрын алба “Багшийн дээд”-ийн буудлын хойно байрлах павильонуудыг нурааж, газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар тус дүүргийн газрын албаны дарга Ж.Батсайханаас тодрууллаа.

-Эдгээр павильоныг нурааж, явган хүний зам тавих гэж байгаа. Харин павильоны эзэд үүнийг эсэргүүцэж байгаа юм билээ?

-Энэ газар явган хүн, автомашин холилдсон байдаг гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Хотын хөгжлийн ерөнхий бодлогын дагуу энэ газрыг чөлөөлөх гэж байгаа. Энэ сарын 15-18-ны хооронд павилоныг буулгах төлөвлөгөөтэй байна. Учир нь хүйтрэхээс өмнө явган хүний замыг тавих хэрэгтэй. Зам тавих ажилд дүүргээс 20 сая төгрөг төсөвлөсөн. Харин павильонд үйл ажиллагаа явуулдаг иргэдийг хот болон дүүргээс анхаарч байгаа. Эдгээр хүмүүст хажуу талынх нь нүхэн гарцанд талбай өгнө.

-Иргэдийн хэлж байгаагаар нүхэн гарцанд ажиллах ямар ч боломжгүй. Тэгээд ч Улсын комисс хүлээж аваагүй байгаа. Одоо хүйтний улирал эхэллээ. Хавар бид өөрсдөө энэ байраа чөлөөлье гэж байсан?

-Нүхэн гарцын агааржуулагч, гэрэлтүүлэг, цэвэр усны асуудлыг шийдэхээр хотоос 90 сая төгрөг төсөвлөсөн. Энэ ажлыг хуучин гүйцэтгэж байсан компаниар нь хийлгэх гэж байгаа. Ирэх сарын 1 гэхэд дуусна гэсэн. Иргэд хавар болтол байя гээд байгаа. Байж болно л доо. Гэхдээ нүхэн гарцанд орж ажиллах хүсэлтэй маш олон хүн өргөдлөө өгсөн. Эдгээр хүмүүсийг оруулахаас урьтаж 16 павильоны хүмүүсийг л оруулчих бодолтой байна.

-Хэрэв нүхэн гарцанд орохгүй гэвэл нөхөн төлбөр олгох уу?

-Нөхөн төлбөрийн тухай асуудал бол захирамж шийдвэр гарч байж шийдэх асуудал. Гэхдээ би нөхөн төлбөр өгнө гэж бодохгүй байна. Учир нь ажлын байрыг нь өгч байгаа. Цаашлаад ажиллах нөхцөл нь ч сайжирсан гэж болно.

-Павильоныг эзэд нь түрээслүүлсэн байдаг юм билээ. Түрээслэгчдэд талбай өгөх боломжтой юу?

-Боломжгүй. Бид түрээслэгч бус өмчийн эзэдтэй нь л гэрээ байгуулна.

-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байхад нураах эрх байхгүй гэж иргэд үзэж байсан?

-Ийм гэрчилгээ бий. Харин газар нь улсын өмч. Иргэд газар ашигласан төлбөрөө төлөөд явдаг байсан юм. Гэхдээ сүүлийн үед цөөн хүн л төлсөн. Гэхдээ багшийн дээдийн энэ газрыг чөлөөлнө гэж энэ жил ч яриад байгаа юм биш. Олон жил л ингэж ярьж байгаа. Харин энэ жил тууштай ажиллаж, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.      
Энэхүү нүхэн гарцыг улсын комисс чухам яагаад хүлээж аваагүй талаар МХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Ч.Мөнхжаргалаас тод­рууллаа.

-Улсын комисс хүлээж аваагүй ийм нүхэн гарцанд үйлчилгээ явуулж, хүмүүст талбай өгнө гэж байна. Хүн ажиллаж болохгүй биздээ?

-Нүхэн гарцанд хүн ажиллах нөхцөлгүй байсан болохоор манайх хүлээж аваагүй. Одоо дулаан, цахилгаан, агааржуулалтын ажлыг хийхээр улсаас 90 сая төгрөг гаргасан гэсэн. Бидэнд өнгөрсөн дөрөв дэх өдөр хийх ажлуудаа бичгээр ирүүлсэн. Удахгүй зураг нь ирэх байх.

-Шаардлагатай ажлыг хийчих­вэл үйлчилгээ явуулж болох юм уу?

-Дээрх ажлуудыг шаардлага хан­гахуйц хийвэл бидний зүгээс татгалзах зүйл байхгүй. Хамгийн гол нь үйлчилгээ явуулж, хүн ажил­ласнаар нүхэн гарц эвдэж, сүйтгэх зэргээс хамгаалах эзэнтэй болж байгаа юм.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж