Ардчилсан намынхны бүсчилсэн задрал

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхны бүсчилсэн задрал

Ардчилсан намынхан энэ сарын эцсээр хуралдана. Тус нам дахь хоёр том бүлэглэл фракциудаа тог­тоон барих операцид шилжлээ. Учир нь “Алтангадас” фракцийнхан “Кроун”-аас өөр түших бүлэглэлгүй болчихоод байсан бол өнгөрсөн зун МоАХ-тай учраа ололцсон. Ардчилсан хувьсгалын партизанууд голдуу тус холбооныхон намдаа бол гол цөм нь. Харин Ардчилсан хүч­ний холбоог анх байгуулагдахад нэгдсэн МоАХ хамтарсан Зас­гийн газрыг хэвээр үлдээх эрх ашгийн үүднээс Н.Алтанхуяг нар­тай хүч хавсрах болсон билээ. “Алтангадас”, МоАХ хамтарс­ны үр дүнд нийслэлийн Ардчилсан намыг гартаа оруулж, Ардчилсан хүчний холбооныхон улс төрийн хүчээ барж тамирдсан удаатай. Намын төв аппарат, баруунтны хол­боо хэмээн хоёр хуваагдаж, “Ард­чил­сан намд хоёр нам бий боллоо” гэдгээ өөрсдөө зарлачихсан тус на­мынхан дотроо дахин хэд, хэд задрах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, тэд бүсчилсэн уулзалтыг тус, тусдаа хийснийхээ үр дүнд бүсчил­сэн задралыг намдаа явуулж байна.

Ардчилсан намын дарга Н.Алтан­хуяг МАХН, Ардчилсан нам дахь Увсын төлөөллүүдээс бүрдсэн UBS бүлэглэлийн гол кандидат. Тиймээс “Алтангадас” фракцийг Увс төдийгүй баруун аймгийнхан хөшүүрэгдэх нь тодорхой.

Тэгвэл Ардчилсан хүчний холбооныхныг тун сонирхолтой дүр зураг угтаж байгаа юм. Тус хол­боонд МҮДН, соцдек, “Зүүн хойд Ази”-ийнхан нэгдсэн. Мөн өнгөрсөн хавар болсон ротацийн сонгуулиар Үндэсний зөвлөлдөх хороонд 50 кан­дидат шинээр орж ирсний 30 ор­чим нь Ардчилсан хүчний хол­бооных. Үүнээс гадна Гүйцэтгэх зөв­лөлд 24 хүн шинээр сонгогдсоны 16 нь тус холбооных байсан юм. На­мын удирдах байгуул­лагуудад З.Энхболд  нар ийн хүчээ зузаатгасан нь “Алтангадас”-ынхны толгойны өвчин болчихоод байна. Үнэхээр ч Үндэсний зөвлөлдөх хорооны хур­лын үеэр Н.Алтанхуяг нарыг иймэр­хүү дүр зураг угтана гэдэг аюул. Нөгөөтэйгүүр З.Энхболд “Ард­чилсан намын даргад нэрээ дэв­шүүлнэ” хэмээн мэдэгдсэн нь тоо­цоолоогүй тоглоом биш би­лээ. Тэгэхээр намдаа засгийн эрх барих удаахь хувилбарыг тэд Үндэсний зөвлөлдөх хороо, Гүй­цэтгэх зөвлөл дэх их хүч, мөн бүс­чилсэн улстөржилтөөр хийх нь то­дорхой. Зарим эх сурвалж “Ба­руун аймгийнхан Н.Алтанхуягийг дэмждэг юм гэхэд төв, хангай, зүүн бүсэд баруунтнуудын гол хүч төвлөрсөн” гэж байна. Ардчилсан хүчний холбооныхон ч ийм тооцоо хийж, баруун хязгаарт өнгөрсөн ам­ралтын өдрүүдэд ажиллалаа. Ба­руун аймгуудад “Алтангадас”-ынхны хүч, нөлөө их учраас тэд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг дөхүүлж байгаад эцсийн цохилтоо хийсэн нь энэ. Тэдний эцсийн зорилго нь хамтарсан Засгийн газрыг хөшиж унагах юм.
“Монголын улс төрийн хүчтэй сөрөг хүчин” хэмээх имижээр нэг хэсэг гоёсон Ардчилсан намын­хан өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлд­сээр хүч тамираа алдаж байна. Гэвч бүлэглэлүүд удирдлагын эр­хийг гартаа оруулснаар асуудал дуу­сахгүй. Тус намынхан өөрсдийгөө “Барууны үзэл баримтлалтай” гэдэг ч өмнөх сонгуулиудын үеэр зүү­ний үзэл баримтлалтай нам шиг халамжийн шинж чанартай амлал­туудыг сонгогчдод өгсөн нь бодлогын том алдаа байв. УИХ-д олон суудалтай болохын тулд ийм тактик хэрэглэсэн нь ойл­гомж­той ч тэд “Өөрийн гэсэн үзэл баримтлалгүй нам” хэмээн цол­луулаад байгаа юм. УИХ Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхлэх энэ агшинд тус намынхан дотроо учраа ололцож чадахгүй байгаа нь 2012 оны сонгуулиар парламент дахь суудлынхаа тоог алдахад хүргэж мэднэ. Сөрөг хүчнийхнээ “байлдаж” тоглох зуур МАХН-ынхан 26:50 хэмээх хувилбар дэвшүүлчихээд давс, хужрыг нь тааруулж сууна. Сонгуулийн тухай хуулийг өмнө нь шинэчлэхэд Ардчилсан намынхан МАХН-д далаараа цэвэр тавиулж байсан. Энэ удаад тэр түүх давтаг­дах нь ойлгомжтой.

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж