Төв банкууд алтны үнийг хянах боломжгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Төв банкууд алтны үнийг хянах боломжгүй боллоо

Олон улсын зах зээл дээр алтны ханш өссөөр байна. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар Лондонгийн Түүхий эдийн бирж дээр нэг унци алт 1341.50 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн пүрэв гарагт ханш нь 1364.77 ам.долларт хүрч байсныг бодоход бага зэрэг буурсан дүн юм. Гэхдээ цаашид өсөх хандлагатай байгаа билээ. Саяхан хэвлэлүүд нэг унци алт 1300 ам.доллараас давж, түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоолоо хэмээн шуугиж байсан нь бий. Гэхдээ зарим эдийн засагчийн  таамаглаж байсанчлан алтны ханш 5000 ам.долларт хүрэх нь цаг хугацааны асуудал гэдгийг түүхий эдийн зах зээлийн нөхцөл байдал улам бүр баталсаар байгаа юм. Сүүлийн өдрүүдэд алтны ханш огцом өсөх болсон нь юун түрүүнд валютын арилжаатай холбоотой юм. Улс орон бүр экспортод түшиглэн эдийн засгаа тогтворжуулахын тулд үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүний өртгийг багасгах зорилгоор валютын ханшаа хүчээр унагахыг санаархах болсон.

Энэ нь хөрөнгө оруулагчдын цаасан мөнгөнд итгэх итгэлийг сулруулжээ. Тэд үүний оронд алтыг сонирхож, худалдан авах нь ихэссэн байна. Түүхэнд болж байсан эдийн засгийн хямралуудыг алт дажгүй даваад гарчихсан. Тиймээс энэ удаагийн валютын дайныг өөртөө хал палгүйгээр өнгөрүүлэхийн тулд алтад түшиглэх нь хөрөнгө оруулагчдад үнэхээр ашигтай бололтой. Үүнээс болж, олон улсын зах зээл дээр уг үнэт металлын эрэлт нэмэгдэж, ханш нь өссөөр байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний тэлэх бодлого баримтлах тухай сураг гарснаар алтны үнэ мөн л нэмэгджээ.

Тэгэхээр энэхүү үнэт металлын үнийн хөөрөгдлийг хязгаарлаж чадах юм байхгүй гэж үү. Төв банкууд юу хийгээд байна. Түүхэнд алтны зах зээлийг хяналтдаа оруулж байсан тохиолдол байжээ. 1960-аад оны үед Европын орнуудын төв банк АНУ руу валютаа их хэмжээгээр нийлүүлж, оронд нь алт авч байв. Энэ нь тухайн үед еврогийн ирээдүйд итгэхгүй байсантай холбоотой юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсон энэхүү “нүүдлийг” зогсоож, улсын нөөцөөсөө 12 мянган тонн алт гаргаж, Атлантын бүс нутаг руу худалдаж байж. Р.Никсоны бодлого үнэхээр үр дүнгээ өгсөн. Тухайн үед олон улсын зах зээл дээрх алтны үнийн тасралтгүй өсөлт зогссон. Гэвч ихэнх орон ам.долларыг нөөц валютаараа сонгох болсноос ханш нь чангарчээ. Нөгөө талаас энэ нь ам.долларт “дархлаа” тогтоож, газрын тос зэрэг эрэлт ихтэй түү­хий эдийн худалдааг ам.доллараар хийх болсон байна.

Харин үнэт металлын зах зээлд нөлөөлж чадаагүйн улмаас асар богино хугацаанд үнийг нь хөөргөчихсөн тохиолдол бий. Өмнө нь 1971 онд нэг унци алт 42.35 ам.доллар байснаа ганцхан жилийн дотор ойролцоогоор 2.5 дахин өсчээ.
Хамгийн сүүлд еврог хэрэглэж эхэлсэн үед Ев­ропын орны төв банкууд ойрын таван жил дэх алтны худалдан авалтад хязгаар тогтоох тухай гэрээнд га­рын үсэг зурсан байна. Ерөн­хийдөө бол өнгөрсөн оныг хүртэл алтны зах зээл төв банкуудын хяналтад байсан гэхэд болно. Алтны худалдаа 2009 оны эцэс хүртэл буурсан байна. Бүгд л ам.долларын дараа, хоёрдугаарт орох нөөц валют хэмээн еврод итгэж байв. Энэ үед төв банкууд ханшийг нь хэт унагахгүйн тулд алтны худалдааг дэмжсэн бодлого явуулж эхэлжээ. Гэвч олон улсад эдийн засгийн хямрал эхэлж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дампуурсан билээ. Цаашлаад евро бүсийн орнуудын га­даад өр хэрээс хэтэрсэн их дүнтэй гарч, цаасан валютын найдвартай, итгэл даахуйц чанар нь алдагдаж эхэлсэн гэ­­хэд болно. Үүнээс болж төв банкууд алтны нөөцөө нэмэх болжээ. ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин төв банкны нийт нөөцийн 10 хувийг алт болгохоор шийдвэрлэсэн юм. Хятадын хувьд ямар нэг мэдэгдэл гаргаагүй байгаа ч агентлагууд дамжуулж, эзэмш­дэг алтны хувь хэм­жээгээ өсгөж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон байна. Хэрэв тэд алтны нөөцөө нэмэгдүүлэх болсон тухай зарлавал энэ нь ханшид огцом өөрчлөлт ав­чирч мэднэ. Тиймээс эхлээд үнэт металлаа хурааж байгаад дараа нь энэ талаар мэдэгдэхээр шийдсэн болол­той хэмээн ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн оноос алт­ны зах зээлд Ойрхи Дорнодын төв банкны тоглог­чид орж ирсэн. Тэд бас л нөөцөө нэмэхийг хүсчээ. Энэ нь алтны эрэлтийг улам ихэсгэсэн байна. Ямартай ч ажиглагчдын үзэж буйгаар өнөөдрийн байдлаар хөгжин­гүй орнуудын төв банк алтны зах зээлийг хянах, үнийн хөө­рөгдлийг нь зогсоох боломжгүй болжээ. “Эрх мэдэл” хурдацтай өргөжин тэлж буй зах зээл бүхий орнуудад шилжсэн аж. Харин тэдгээр орны хувьд нөөц дэх алтны хэмжээгээ нэмэх болсон шалтгаан, сонирхол нь өөр өөр байж болох талтай. Гэхдээ бүгд л нэг зүйлийг сонирхож, алтны төлөөх тэм­цэлд эргэлт буцалтгүй оржээ. Төв банкаар зогсохгүй бусад хөрөнгө оруулагчдын хувьд мөн л уг үнэт металлыг сонирхох болсон тухай дээр дурьдсан. Бүгд өөрийн эрх ашгийг дээдэлж байгаа цагт алтны үнийн өсөлтийг хурд саарахгүй бололтой.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж