Ураны салбарт БНХАУ манай гол өрсөлдөгч байж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Ураны салбарт БНХАУ манай гол өрсөлдөгч байж чадахгүй

Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Гоулдхоукыг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр тус улсаас манай улсад суугаа хоёр дахь Элчин сайд бөгөөд ажлаа хүлээж аваад хоёр сар болж байгаа юм.

-Саяхан манай Ерөнхий сайд танай улсад айлчлахдаа “Канад бол манай хөгжлийн загвар орон байх болно” гэж хэлсэн. Канадын хөгжлийн загварыг та хамгийн товчоор хэрхэн тодорхойлох вэ?

-Юуны өмнө би Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг товч дүгнэж хэлье гэж бодож байна. Энэ айлчлал манай хоёр улс аль аль талдаа ямар чухал ач холбогдолтойг улам тодотгож өгсөн гэж хэлж болно. Ерөнхий сайд С.Батболд Канадын парламентын гишүүд, өндөр албан тушаалтнуудтай уулзсан. Үндсэндээ Монгол Улсын газрын зургийг дэлхийн бөмбөрцөг дээр улам тодруулсан айлчлал болсон. Манай Ерөнхий сайдтай уулзахад нь би дагалдаж явсан.

Энэ уулзалтаар хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд маш их дэвшил гаргах зүйлүүдийг ярилцсан юм. Манай улс нь өргөн уудам газар нутаг, байгалийн арвин их баялаг, цөөн хүн ам зэрэг олон талаараа Монголтой төстэй. Тийм ч учраас манай улсыг хөгжлийн загвар орон гэж тодорхойлсон гэж ойлгож байгаа. Манай улсыг ийн үнэлж, ингэж харж байгаад бид баяртай байна.

-Канад загварыг монголчууд зүгээр л бараа бүтээгдэхүүн шиг шууд импортлох боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс бидний хувьд хамгийн гол анхаарах зүйл юу байх вэ?

-Монголчуудын хувьд Канадаас чухам ямар технологи импортлох вэ гэдгээ эхлээд маш тодорхой болгож, энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй болов уу. Манай хоёр орон олон талаараа адилхан. Тэр дундаа уул уурхайн баялагтаа тулгуурлан хөгжиж байгааг онцолж болно. Тиймээс Канад улс байгалийн баялгаа хөгжлийн үндэс болгон ашигласан туршлагыг юуны өмнө сайн судалж, тэр туршлагаас хуваалцвал үр дүнтэй болов уу гэж бодож байна. Мөн зөвхөн уул уурхайг гэлтгүй түүнийг дагалдах үйлчилгээ болон бусад салбарын хөгжилд анхаарах нь их чухал юм.

-Айлчлалын үеэр олон чухал зүйл ярьсан гэлээ. Дэлгэрүүлж хэлэхгүй юу?

-Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээрийг байгуулсан. Мөн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хөндсөн. Энэ нь манай улсын хувьд Азийн оронтой хийж байгаа анхны хэлэлцээр байх болно. Айлчлын үеэр харилцан ойлголцлын гурван чухал санамж бичигт хоёр Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Нэгдүгээрт, тээвэр, барилгын салбарт стандартжуулалтыг сайжруулах, хоёрдугаарт, төрийн үйлчилгээнд шинэтгэл хийх замаар Монгол Улсад ардчилсан институциудыг бэхжүүлэх, гуравдугаарт, хөдөө аж ахуйн салбарт мэдээлэл, технологи солилцох, худалдаа арилжааг дэмжих тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.
        
-Манай хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 27 жил болж байгаа. Харин Канад улс Монголд Элчин сайдын яамаа ердөө хоёр жилийн өмнө байгуулсан. Ингэж удах шалтгаан юу байв?

-Монгол Улс 1998 оны гуравдугаар сарын 20-нд Торонтод Ерөнхий консулын газраа нээсэн. Харин 2001 онд өргөтгөж, Оттава хотноо Элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн байна. Өдгөө Канадын зургаан мужид Монгол Улсын Өргөмжит консул ажиллаж байгаа. Харин манай улс 1997 онд Монголд ажиллах Өргөмжит консулаа томилж, улмаар 2008 онд Элчин сайдын яамаа байгуулсан байна. Мөн манай улсын Засгийн газар Улаанбаатар хотод Худалдааны төлөөлөгчийн газраа нээх тухайгаа албан ёсоор зарлаад байгаа. Тэгэхээр манай хоёр орны харилцаа цаг хугацаа өнгөрөх тусам улам хөгжиж байна гэж ойлгох хэрэгтэй. Канад улс бол 1990-ээд онд Монгол оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийг тууштай дэмжиж, тусалж ирсэн орнуудын нэг. Манай хоёр орон “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр дээд хэмжээнд тохиролцсон.

-Тэрхүү тохиролцооны үр дүн гарч байна уу?

-Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1990-ээд оны дунд үеэс нэлээд идэвхжиж эхэлсэн. Талууд өндөр, дээд хэмжээнд харилцан айлчлал хийж, хоёр болон олон талын хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээгээ тогтмолжуулж ирлээ. Монгол, Канадын харилцааны ерөнхий зарчмыг тодорхойлсон “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Тунхаглал”-ыг хоёр тал 1998 онд Оттавад байгуулсан. Мөн 2003 онд Канадын парламентад Канад-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулагдсан гээд улс төрийн хүрээнд хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа.
    
-Бусад салбарын хамтын ажиллагааны тухайд?

-Олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий. Ялангуяа, худалдаа, эдийн засгийн салбарт бүр илүү боломж байгаа гэж бодож байна. Хэдийгээр хоёр орны худалдааны хэмжээ тийм их биш ч ахиц дэвшил гарч байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн оны статистикаас үзвэл 165 сая ам.долларын худалдаа хийгджээ. Манай улс Монголоос ихэвч­лэн алт импортолдог. Харин Монгол Улс манайхаас голдуу хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж импортлон авч байгаа.

-Канадын визний нөхцөл нэлээд хатуу. Үүнийг цаашид зөөлрүүлэх үү?

-С.Батболд сайдын айлчлалын үеэр визний асуудлыг тодорхой хэмжээнд ярьсан. Хоёр орны харилцаанд визний нөхцөл чухал гэдгийг ойлгож байна. Хоёр орны төр, засаг үүнд анхаарал хандуулж байгаа. Миний хувьд ч аль болох харилцан ашигтай, хялбар болгохын тулд хувь нэмрээ оруулах болно. 
 
-Канад улс манай хоёр дахь гол хөрөнгө оруулагч гэгдэж байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтын хэмжээ цаашид тогтмол нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Тийм. Ялангуяа, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт байнга өсөн нэмэгдэж байгаа. Зөвхөн уул уурхайн гэлтгүй хөдөө аж ахуйн салбарт оруулах хөрөнгөө нэмэгдүүлэх боломжтой. Жишээ нь, өнөөдөр л гэхэд би танай улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхантай уулзаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа ярилцлаа. Мөн барилга, хот байгуулалт, дэд бүтэц, зам тээвэр, технологийн чиглэлээр ч хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна.

-Аливаа хөрөнгө оруулалтын цаана бизнесийн ашиг сонирхол байдаг. Тэгвэл хамтын ажиллагааны чиглэлд ямар нэгэн биенестэй холбогдохгүй зүйл байгаа юу?

-Бизнесээс  ангид гэх юм бол НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монголоос оролцох цэргүүдэд бид дэмжлэг үзүүлдэг. Үүнээс гадна Явган цэргийг эсэргүүцэх Оттавагийн конвенци гэж байдаг. Энэ конвенцид Монгол Улсыг нэгдэн орох талаар С.Батболд сайдын айлчлалын үеэр ярилцсан. Мөн сайн засаглалыг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч байна. Хоёр орны зөвлөлдөх уулзалт хоёр жил тутамд болдог. Энэ уулзалт ирэх онд Оттавад болно. 

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч маргаантай асуудал их байна. Ялангуяа, “Хан ресурс” компанитай холбоотой маргааны талаар та юу хэлэх вэ?

-Асуудлыг аль болох нааштайгаар шийдэхийн тулд хоёр тал хичээж байгаа. Гэхдээ би ажлаа аваад удаагүй болохоор  тус компанитай холбоотой маргааны талаар нарийн ширийн зүйлийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Хоёр орны харилцаа улам идэвхжиж байгаа гэдэг утгаараа Монголын уул уурхайн салбарт ажиллахыг сонирхох компанийн тоо ч улам бүр нэмэгдэж байна. Тиймээс энэ компаниуд аль аль талынхаа хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна гэдэгт би итгэж байна. “Хан ресурс” компанийн тухайд хоёр тал маш анхааралтай хандаж байгаа. Асуудал эцэслэн шийдэгдээгүй учраас ямар нэгэн тайлбар хэлэх боломжгүй байна.

-Ер нь хууль ёсны лицензгүй хэрнээ тухайн орд газрыг барьцаалж, олон улсын бирж дээр хөрөнгө босгох нь шударга үйл ажиллагаа мөн үү?

-Мэдээж лиценз эзэмших хууль ёсны эрхгүй бол шударга гэж хэлж болохгүй байх. Гэхдээ тухайн компанитай холбоотой яг ямар асуудал үүсэв, асуудал яаж шийдэгдэв гэдгээс их зүйл хамаарна. 

-Монголд хөрөнгө оруулж буй компаниудыг тухайн улсын төр засаг нь дэмждэг. Харин хариуцлагагүй үйлдэл хийвэл төр нь ямар үүрэг хүлээх вэ. Компанийн асуудал гээд л орхих уу?

-Ямар ч улс өөрийн орны аж ахуйн нэгжүүдээ хуулийн дагуу ажиллах шаардлага тавьдаг. Манай улсын хөрөнгө оруулалттай компаниуд ч үйл ажиллагаа явуулж байгаа улсынхаа эрх ашиг, хууль эрх зүйг дээдэлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн уул уурхайн компаниудын хамгийн гол анхаарах зүйл бол байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагаа ухамсарлах гэсэн шалгуур байх ёстой. Канадын компаниуд энэ тал дээр хариуцлагатай байж чадна гэдэгт итгэдэг. 

-Монголын ураны салбарт Канадын гол өрсөлдөгч БНХАУ гэдэгтэй та санал нийлэх үү?

-Монголын ураны салбарт зөвхөн Канад бус, олон орон ажиллаж байна. Уран бол онцгой төрлийн баялаг. Тиймээс түүнийг яаж аюулгүй, үр дүнтэй ашиглах вэ гэдэг чухал асуудал. Миний хувьд Хятад бол Канадын хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй гэж хэлнэ. Яагаад гэвэл улс бүр өөрийн гэсэн туршлагатай байдаг. Манай улсад энэ чиглэлийн чамгүй туршлага бий. Канад бол ураны томоохон үйлдвэрлэгч орны нэг.

-“Айвенхоу майнз”, “Рио Тинто” хоёрын хувьцаа эзэмшилтэй холбоотой маргаан хурцдах болсон. Ер нь “Айвенхоу майнз” “Рио Тинто”-той байгуулсан стратегийн түншлэлийн гэрээгээ зөрчөөд байгаа юм биш үү?

-Бас л тухайн компаниудын асуудал болохоор би тодорхой зүйл хэлэх боломжгүй.

-Торонтогийн бирж олон улсын хэмжээнд томд тооцогдоно. Монголын стратегийн ордуудын хувьцааг уг биржээр арилжаалах боломж хэр байгаа вэ. Монголын Засгийн газар ийм алхам хийхэд бэлэн байгаа. Харин танай талаас ямар дэмжлэг үзүүлэх бол?

-Юуны өмнө энэ салбарын хамтын ажиллагааг сайжруулах нь чухал юм. Монгол Улсын Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэрээ Торонтогийн биржийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ бирж бол дэлхийн уул уурхайн салбарт нэлээд чухал үүрэгтэй төвлөрсөн бирж юм. Цаашид Монголын Хөрөнгийн бирж болон Канадын биржүүдийн хооронд хамтын ажиллагаа тогтоох, хувьцаат компаниудыг давхар бүртгэлтэй болгох зэрэгт анхаарч байна. Гэхдээ энэ чиглэлээр яриа хэлэлцээ эхлэлийн шатандаа яваа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд арай эрт байна. Яваандаа манай улсаас ямар дэмжлэг үзүүлэх, Монголын талаас юу шаардлагатай гэх мэт асуудлууд тодорхой болох байх.

-Та улсаа төлөөлөн манай улсад суугаагийн хувьд, мөн улс төр судлаач мэргэжилтэй хүний хувьд Монголын улс төрийн өнөөгийн байдлыг хэрхэн харж байна вэ?

-Би зөвхөн улс төр судлаач мэргэжилтэй хүн биш. Маш олон чиглэлээр туршлага хуримтлуулсан. Гэхдээ Монголд ирээд ердөө зургаан долоо хонож байгаа болохоор улс төрийн орчныг шууд дүгнэж хэлэх боломжгүй байна. Ямартай ч Монголд оронд улсаа төлөөлөн ажиллах болсондоо маш их баяртай байгаа.

-Гэхдээ Элчин сайд хүний хувьд ямар нэгэн баримжаа байгаа биздээ?

-Монгол Улс нь нэг бодлын нэлээд хуучны чиг баримжаатай ч юм шиг, нөгөө талаас маш шинэлэг үзлийг гаргаж ирж байгаа ч юм шиг санагддаг. Шинэ хуучны хослол болсон улс гэмээр ч юм уу. Харин эдийн засгийн хувьд асар их боломж бололцооны өмнө зогсч байна. Энэ бол Монголын иргэдийн хувьд асар их аз завшаан юм болов уу. Байгалийн арвин баялагтай улсад асуудал байнга тулгардаг. Тэр асуудлуудыг л оновчтой шийдэх нь чухал юм. Ер нь 15 жилийн дараа гэхэд Монгол Улс одоогийнхоосоо эрс өөр болох байх. Тиймээс алсын хараатай хөгжлийг дэмжих хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: " Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж