Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Дундговь Алдартан

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгаас төрөн гарсан төр, нийгмийн болоод урлаг, соёлын алдартнууд олон бий. Тухайлбал, Зууны манлай уртын дууч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзад, Ардын жү­жигчин Г.Хайдав, хүү Төмөр баатартар, ах дүү гурван гавьяат А.Нэргүй, Адилбиш, Дүнжмаа, зууны манлай балетчин Ганбаатар гавьяат жүжигчин Нансалмаа, Өлзий-Орших, Чулуунцэцэг, шог зураач Ц.Байды, зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Чимэддорж гээд 120 гаруй гавьяат төрөн гарсан байдаг.

Н.Норовбанзад: Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай дуучин Н.Норовбанзад нь 1931 онд Дундговь аймгийн Дэрэн сумын Сүүдэртийн улаан овоо хэмээх газарт төржээ. “Норовбанзад” сангаас санаачлан 2006 онд 75 насны ойд зориулж түүний нэрэмжит Уяхан замбуутивийн наран цогцолбор буюу төрж өссөн нутаг болох Их газрын чулуу байгалийн задгай театрыг байгуулжээ. 1950-иад онд уугуул нутаг Дэрэн сумынхаа улаанбулангийн намхан тайзнаас урлагийн аугаа хүн болох замаа эхэлсэн Н.Норовбанзад гуай 1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойн өмнөхөн Бүх ард түмний урлагийн их наадамд шалгаран оролцож, алтан медалийн эзэн болсон бол түүнээс ганцхан жилийн дараа Москвад болсон Дэлхийн залуучууд оюутны их наадамд монгол ардын уртын дуу “Сэрүүн сайхан хангай”-гаар мөн л алтан медаль хүртэж байжээ. Энэ нь Монголын урлагийнхны дэлхийн чанартай арга хэмжээнээс хүртсэн анхны алтан медаль байлаа. Түүнээс хойш Монголын Норовбанзад гэх нэр дэлхийн тавцанд дуурсаж эхэлсэн гэж хэлж болно. Н.Норовбанзад Азийн соёлын сангийн шагнал хүртсэн Монголын цорын ганц хүн нь. Бас түүний бүтээлийн дээжийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэн авсан юм.
Г.Хайдав: Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав нь Дундговь аймгийн уугуул. Тэрээр 60 гаруй жил урлагт хvчин зvтгэхдээ ари, романс, ардын гээд 600 гаруй дууг амилуулж, 30 гаруй дуурьт тогложээ. Манай дуурийн урлагийн анхдагч тєдийгvй хєгжилд нь асар их хувь нэмрээ оруулсан тvvнд ард тvмэн ч хайртай. Тvvний ууган шавь нь 70 шvргэж яваа ардын жvжигчин Д.Жаргалсайхан, зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Ч.Мєнхшvр, Г.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан, У.Далантай, Х.Vнэнхvv, С. Жавхлан гээд 120 гаруй дуучин бэлтгэжээ.

Цогт-Очирын Өлзий-Орших: Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул. Тэрбээр урлагт 40 гаруй жил дуугаараа амьдарч, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгатай уран бүтээлээрээ холбоотой явсан ард түмний хайртай гавьяатнуудын нэг. “Учран золгохын ерөөл”, “Сургууль минь баяртай”, “Арав дахь хавраа үдье”, “Хавар болжээ хонгор минь”, “Үүлэн цэнхэр хангай” гээд олон дуугаараа өдий хүртэл ард түмний зүрх сэтгэлд хоногшуулан, амилуулж яваа дуучин.

Нямын Дагийранз: Тайз, дэлгэцийн урлагийн нэрт мастер,  Монгол улсын гавьяат жүжигчин Нямын Дагийранзыг киноны олонд танил дүрүүд,  өвөрмөц содон дуу хоолойгоор нь танихгүй хүн ховор. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Н.Дагийранз тавин жилийн тэртээ Хөхөө Намжилын болон Уулган шар ингэний тухай говийн ард түмний дунд яригддаг домгийг шүлэглэн туурвиж морин хуурын эгшгэнд аялгуулан уншиж Монголын Залуучууд оюутны их наадмын алтан медаль хүртэж байв. Төдөлгүй аймгийн соёлын ордноос Монгол кино үйлдвэрт татагдсанаар Монголын уран сайхны тавь гаруй киноны гол болон туслах дүрд тоглон гадаадын 300-гаад кинонд дуу оруулсан нь түүнийг улам ч алдаршуулсан билээ.  “Тунгалаг тамир” киноны Цахиур Төмөр, “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноён нарын дүрд “Ам барьж” дуу оруулсан нь ард түмний сэтгэлд хоногшсон юм. Өдгөө наян настай энэ буурлыг хаана явна гэж сураглах хүн цөөнгүй.  Н.Дагийранз ерээд оны эхээр төрөлх нутагтаа ирж амины мал ахуйгаа бөөцийлж байхдаа  хожуухан “Гавьяат” алдар цол хүртсэн юм. Одоо Н.Дагийранз Булган аймгийн Сайхан суманд төрсөн охиныхоо асрамжинд аж төрж байгаа бөгөөд уугуул нутгийнхан нь түүнд “Монгол улсын Ардын жүжигчин” цол  олгуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид уламжлаад байна.

Жанлавын Наранцацралт: Улс төрч, Монгол Улсын 20 дахь ерөнхий сайд асан. Тэрээр 1957 оны зургадугаар сарын 10-нд Улаанбаатарт төржээ. 1975 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Москва хотын Газар зохион байгуулалтын их сургуулийг газар зохион байгуулагч инженер мэргэжлээр дүүргэсэн. Газар зүйн ухааны доктор, МУИС-ийн зөвлөх, профессор байлаа.

Тэрбээр 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд БОЯ-ны Газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1991-1996 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Хот байгуулалт, төлөвлөлтийн газар хэлтэс, албаны дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны даргаар ажиллаж байсан юм.

1996-1998 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд
1999-2000 онд Монгол Улсын Их Сургуульд багш
2000 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн /Дундговь аймгаас сонгогдон/
2004-2006 онд Дэд бүтцийн байнгын хорооны дарга
2006 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж