Enterprise сансрын хөлөг туршилтын нислэг хийв

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Enterprise сансрын хөлөг туршилтын нислэг хийв

Virgin Galactic компанийн Enterprise сансрын хөлөг Калифорнид анхны туршилтын нислэгээ хийжээ. Сансрын хөлөг нисэх онгоцны тусламжтайгаар далайн төвшнөөс дээш 13700 метрийн өндөрт хөөрч, салаад, буцаад Mojave Air and Space Port руу аажим доошилж, газардсан байна. Enterprise сансрын хөлөг удахгүй бэлэн болмогц 200 мянган ам.долларын төлбөр төлсөн зорчигчдыг дэлхийн агаар мандлаас гадагш сансрын аялалд хөтлөх юм.

Уг төслийг удирдан, санхүүжүүлсэн Британийн тэрбумтан Сэр Ричард Брэнсон энэхүү туршилтын нислэгийг өөрийг биеэр үзэж, сонирхжээ. Энэ үеэр тэрбээр “Virgin-ий түүхэн дэх хамгийн сэтгэл хөдлөм өдрүүдийн нэг тохиож байна. 2004 он анх уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш бид анх удаагаа дэлхийн анхны зорчигч тээвэрлэх сансрын хөлөг Mojave Air and Space Port-д амжилттай газардахыг харлаа. Үнэхээр гайхалтай, ховор агшин” хэмээн ярьжээ.

Virgin Galactic компанийн тухайд зорчигчдыг сансарт аялуулах аялал зохион байгуулж, салбартаа анхдагч нь болохоор шаргуу ажиллаж байгаа бөгөөд өдгөө хэдийнэ 370 зорчигчдын урьдчилсан захиалга, төлбөрийг нь аваад байгаа гэнэ.

Анх 2004 онд ShipSpaceOne хөлгийг бүтээж, тухайн үед хоёр долоо хоногийн дотор хоёр ч удаа далайн төвшнөөс дээш 100 км-ийн өндөрт хөөрч, X-Prize шагналын эзэн болж байсан бөгөөд уг хөлгийн бүтэц, загвар дээр суурилан Enterprise-ыг бүтээсэн юм. Мохавегийн “Scaled Composites” компани Enterprise сансрын хөлгийг бүтээх ажлыг гардан хийж байна. Энэхүү хөлөг нь SpaceShipOne-тай харьцуулахад арай том байх бөгөөд найман хүний багтаамжтай байх аж. Тэгэхээр хөлгийн багийн хоёр гишүүнээс гадна зургаан зорчигчийг нэг удаагийн аялалд авч явах боломжтой юм.

Ашиглалтад бүрэн орсны дараа Enterprise сансрын хөлөг нь Eve гэх нисэх онгоцны тусламжтайгаар агаарт хөөрөх бөгөөд тэндээс салж, өөрийн гибрид пуужингийн хөдөлгүүрийн тусламжтайгаар сансарт гарах ажээ. Өмнө нь Eve болон Enterprise хамтран нэг бус удаа туршилтын нислэг хийж байсан ч өчигдөр болсон туршилтын нислэг нь Enterprise анх удаагаа Eve-ээс салж, бие даан агаар мандалд хөөрсөн явдал байлаа.

Enterprise хөлөг онгоцыг Пете Сьеболд, Майк Элсбюри нар жолоодож, Мохавегийн зурваст амжилттай газардуулсан байна. Туршилтын нислэг 25 минут орчим үргэлжилсэн бөгөөд дараагийн удаад Enterprise-ын пуужингийн хөдөлгүүрийг агаарт ашиглаж турших гэнэ.

Төсөл дээр ажиллаж буй инженер, мэргэжилтнүүд бүх систем, функц бэлэн болсон гэж үзсэн цагт зорчигчид тус сансрын хөлгөөр сансарт аялах боломжтой болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж