Уурхайчдыг аврах өрөмдлөг амжилттай дуусчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Уурхайчдыг аврах өрөмдлөг амжилттай дуусчээ

Чилийн 33 уурхайчдын хоригдож буй хэсэгт өрөмдлөг хүрч, дэлхийн хэмжээнд газар дор хамгийн удаан хугацаагаар амьдарсан хүмүүс ийнхүү аврагдах боломтой болж, тэд нарыг газар дээр татан гаргах мөч бүрдсэнд гэр бүлийнхэн, эрх баригчдын хувьд ч баяр баясгалан авчирсан байна.

Өрөмдлөг 622 метрийн гүнд хүрч, уурхайн гадна талд байсан бүх машин тэрэг дохиогоо дуугаргаж, 32 чили, нэг боливи уурхайчныг аврах боломжтой болсныг тэмдэглэсэн байна.

Газрын гүнд хоригдсон нэгэн уурхайчны ээж “Ямар аз жаргалтай байгаагаа илэрхийлж чадахгүй байна. Удахгүй хүүтэйгээ уулзана” гэсэн ажээ.
33 ажилчин уурхайн гүнд дарагдснаас хойш 17 хоног өнгөрсөн хойно тэд нарыг амьд байна гэдгийг мэдэж, Чили орон даяар баяр хийж байсан удаатай билээ.

Атакамын цөлийн гүнд орших алт, мөнгөний энэ уурхайн ажилчид өнгөрөгч 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн лааны гэрлийн дор өдөр хоногоо өнгөрөөж, амьд үлдэж, аврагдахын төлөө тэмцэж, чили төдийгүй дэлхийн хүмүүсийн анхаарлын төвд байсан юм.

Чилийн уул уурхайн сайд Лауренсе Голборне үүрээр уг уурхайд хүрэлцэн ирж, “Өнөөдөртөө багтааж, уурхайчдыг газрын гүнээс яаж татан гаргах талаар тодорхой мэдээлэл өгөх болно” гэж сэтгүүлчдэд ярьсан аж. “Уурхайчдыг татан гаргах ажлыг Засгийн газрын нэр хүнд бүхий албан тушаалтан эхлүүлэх болно” гэж мэдээлсэн  байна.
Тэрээр “Уурхайчид хэвлэл мэдээллийнхнээс ч илүү тайван байцгааж байна” гэсэн аж.

65 хоног газрын гүнд хоригдсон уурхайчид газрын гүнд амьдарсан хүмүүсийн хувьд дэлхийн дээд амжилт тогтоосон бөгөөд халуун чийглэг байдлаас болж, хагас нүцгэн, сахал үс нь ургасан уурхайчид санасныг бодвол эрүүл чийрэг, сэтгэл санааны уналтад ороогүй байгааг видео бичлэгээр үзүүлсэн байна.
Уурхайчдыг 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хоёр хоногийн туршид татаж гаргахаао төлөвлөжээ.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж