Ариун хайрын аз жаргалтай төгсгөл

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

Ариун хайрын аз жаргалтай төгсгөл

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хөдөө тал цэлийнэ. Гүвээний цаана чимээгүйхэн хоржигнох гол, нов ногоон зүлгээ дэвссэн байгаль эхийн үзэсгэлэнг чимэн  намуухан ая эгшиглэнэ. Үдшийн намуунд үрээ тэвэрсэн эх бүүвэйн дуу аялахад, хослон дуулах бүсгүйчүүдийн дуу хоршин энэ дэлхийг аргадах мэт. Сэтгэлт хос Юндэн Нансалмаа хоёр тэдэн дээр ирэн,  бяцхан хүүг өхөөрдөн зогсосхийнэ.

    Тэнгэрт одод түгжээ. Дурлалт хосууд шөнийн нам гүмд болзонхон, хайр сэтгэлээ илчлэн…

    “Ижил хоёр шувуу шиг
    Ижилдэн хоёулаа сууя”…

    Хоролмаа сэтгэлт хүү Юндэнгээ амраг бүсгүйгээ үдэн хамтын амьдралынхаа төлөө холын аяныг зорьсонд атаархан хорон муу санаа өвөрлөдөг.
    Үдэгчид явсны дараа Нансалмаа амраг хүүгээ алсын замд нь үдэхдээ тэвчээртэй хүлээхээ андгайлан  алчуур бэлэглэн үлддэг. Юндэн ажлаа хурдан амжуулан амрагтаа түргэн ирэхээ амлан эргэн харан харан яван одно.
    Хагацаж ядан байгаа хоёрыг харан атаархсан Хоролмаа гэнэт овжин арга олон түүнийгээ хэрэгжүүлэхээр гүйн одно.

    Авд мордоод олз ч үгүй ганзага хоосон омогтой яваа Балган дээр Хоролмаа гүйж очин амдан уулзаж амар мэндийг нь мэдэн уур уцаараа дарах сайхан боломж байгаа тухай ярин сэтгэлийг нь сэргээнэ. Хоролмаа өөрийн санааг хэрэгжүүлэн Насалмааг Юндэнгээс салгахын тулд Балганд түүнийг өөрийн болгохыг зөвлөдөг.  Балган зарц нартаа Насалмааг авчрах тушаал буулгаснаар хүчинд автсан хөөрхий бүсгүй ирнэ. Учрыг үл ойлгон, гайхах Нансалмааг харсан Балган өөрийн болгохоо хэлдэг ч  Нансалмаа  амраг хүүтэй түүндээ үнэнч, хүлээнэ гэдгээ хэлдэг. Харин энэ үед Хоролмаа Нансалмааг дуудан уулзаж хол явсан хүнийг юуг гэж хүлээхэв хошуу ноёноо танихгүй хайр энхрийллийг нь бодооч хэмээн ятгадаг ч хөөрхий бүсгүйн гоо үзэсгэлэнд мансуурсан Балган Хоролмаагийн зөвлөснөөр эрх ямбаараа далайлган хүчээр гэрийн зүг авч одно.

    Балганы өргөө дүнхийнэ. Балган бол нутагтаа зартай баяны хүү ажээ. Хүний эрхэнд орсон хөөрхий Нансалмааг ордны эхнэр, хатад элдэв чимэг, баялгаар хууран тайтгаруулах гэж оролдоно. Хайртай амрагаа хоёр сар хүлээсэн Нансалмаад хатдын гайхуулах гоёл сэтгэлийг нь үл хуурна. Гэтэл гэрийн гадаа танил дуу сонсогдоход Нансалмаа Юндэнг хэмээн баярлан хаалгаа нээхийг гуйдаг  ч хүрээнээс ирсэн панзчинг хараад урам нь хугарна. Худалдаа дуусан хүүхнүүд гарсан хойгуур Нансалмаа панзчинг дуудан аминчлан уулзаж амраг  Юндэнгээ сурагладаг. Овжин панзчин залжинаар уулзаж байлаа хэмээн худлаа хэлэхэд  итгэсэн Нансалмаа хэл хүргэн хурдан ирж авруулахыг хүсэн сувдан ээмгээ шанд нь өгдөг. Худал хэлж хишиг хүртсэн панзчин  гарахаар явахдаа Балгантай таардаг. Баян Балган Нансалмаад зориулан хоргой торго мөнгөн ембүүгээр авч өгөн өнөөх л өөрийн санаагаа гүйцэлдүүлэхээр  эхнэрээ болохыг гуйхад бүсгүй амрагтаа үнэнч хүлээхээ хэлж түүний хутгыг сэм сугалан, хайргүй хүнтэйгээ ханилан сууснаас өөрийгөө хөнөөх нь дээр хэмээн хутга далайвч Балган амжиж шүүрэн хүүхэн сөхрөн унана.

    Юндэнгийн нутгийн зах харагдана. Хоролмаа гунигтайхан гэрээсээ гарч ирэн хоёр хувин барин  усанд явах хооронд Юндэнг тосон хорлох даалгавар авсан Балганы хоёр барлаг гарч ирэн хоорондоо хэлэлцсэн ёсоор бүхнийг хийхээр тохирно. Тэд Юндэнг алсын аянаас ирхэд идээ будаа дэлгэн, тосож уулзан, хууран суулгаад сэм хүч хэрэглэн цочиж унагаад зугтан одоцгооно. Энэ үед хувинтай усаа барьсаар харьж явсан Хоролмаа муужран унасан Юндэнг харан гүйн очин сэргээнэ. Юндэн сэргээд Хоролмааг харан цочин гайхна. Хоролмаа Юндэнд сүйт бүсгүй нь сэтгэл хувиран баян ноёны эхнэр болж байгааг хэлэн, хүлээж суусан өөртэйгөө гэрлэхийг гуйн ятгасаар явах гэсэн түүнийг хориглон гэртээ аргалан оруулаад “Минийх боллоо” хэмээн баярлан дуу алдана.

    Балган ноёны хашаанд ханхайн сүндэрлэнэ. Хуриманд уригдсан зочид гэрт орохыг Балган урина. Ноёд баячуудын эхнэр Наснсалмааг хуримд бэлтгэн эхнэр дээлээр гоён элдэв чимэг зүүлгэсээр гарч ирнэ. Хөөрхий бүсгүй хайртай амрагаа хүлээн гэгэлзсэн сэтгэлээр гэргий болох хүсэлгүйгээ учирлавч тэдэн дундаас хэн ч эс ойлгоно. Юндэн хайртай бүсгүйгээ эрэн Балганы ордонд ирэхэд Нансалмаа ордны тагт дээрээс алсыг ширтэн, амраг хүүгээ сангалзан, гунигийн дуу аялахыг харан харилцан дуулж хайрт амрагаа үдэш найр хавтгайрахад  хэсэг нөхдийн хамт ирэн сэм оргуулахаар тохиролцог. Тэднийг ийн ярилцахыг  найрыг зорин явсан Хоролмаа санамсаргүй сонссон ч уурлан, баярлан Балганд болох бүгдийг тоочин хэлнэ. Орой Юндэнг нөхдийн хамт ирэхэд Балган тэднийг отон барьж шоронд хорино. Зочид найранд эргэн ороход Хоролмаа шоронгийн хуягийг архиар шахан согтоон түлхүүрийг сэм аван Юндэнг нөхдийнх нь хамт суллан өөрийн сэтгэлээ илчилдэг ч Юндэн хайртай бүсгүйгээ аврахын төлөө эцсээ хүртэл эзэн ноёнтой тэмцэнэ, харин элдэв хорон санаа өвөрлөвөл Хоролмааг уучлахгүйгээ хэлдэг.

    Юндэн нутгийн ардуудтай нэгдэн харгис Балгантай тэмцэхээр хүлээн зогсоно. Гэтэл нутгийн нэгэн өвгөн ирж хөөрхий Нансалмааг оргон гарсан хойноос нь  Балганыхан хайн хөөж явааг хэлнэ. Удалгүй оргон гарсан Нансалмаа ирж харгис ноёноос аврахыг хүснэ. Юндэн амраг бүсгүйгээ нуун ардуудтай Балганыг эсэргүүцэхээр хүлээнэ. Балган ноён дагуулуудын хамт ирж оргодол бүсгүйг гаргаж өгөхийг шаардан зарлиг дагахгүй бол толгойг нь тасадна гэж сүрдүүлдэг ч дарлалд зовсон ардууд түүнд бууж өгөлгүй тэмцэлдэн ялан дийлнэ. Хоролмаа жаргах замд нь саад болсон Нансалмааг хорлохоор хутга барин дайрдаг ч Юндэн амжиж амраг хүүхнээ аварна. Хайрт Нансалмаагаа харгис ноёны гараас аварсан Юндэн хотлыг доргиосон найр хийн, баяр хөөр өрнөн дуурь аз жаргалтай төгсөнө.

    Тус дуурийн тайз засал үнэхээр гайхалтай байсан. Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь ч тоглолт дундуур нь хүртэл тайз солигдон, найман тайзаар дуурийг амилуулдаг. Яг л тухайн үед очсон мэт тайз, хувцас, жижиг хэрэгсэл гээд бүгд гоё байсан. Монгол дууриас, монгол орчноо, сонгодог хөгжимтэй нь цогцоор нь мэдрээд гарахад сайхан байлаа.

    Г.Даша


    “Учиртай гурван толгой” гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь
    Удирдаач-Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү
    Нансалмаад-Соёлын тэргүүний ажилтан Б.Туяа,
    Юндэнд-Э.Амартүвшин,
    Хоролмаад-гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг,
    Балганд-Э.Бумхүү,
    Худалдаачинд-Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр,

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж