
Английн Ерөнхий Сайд, Консерватив намын удирдагч Дэвид Камероны урилгаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 3-8 ны өдрүүдэд Бирминхам хотноо болж байгаа Консерватив намын бага хуралд оролцсон юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Б.Доржпүрэв нар багтаж байгаа юм. Эдгээр бүрэлдэхүүнийг өчигдөр Дэлхийн Ардчилсан холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Эрик Моррин хүлээн авч уулзсан байна. Тэрбээр Бирминхам хотноо зохион байгуулагдсан Консерватив намын бага хуралд Монгол Улс идэвхтэй оролцсонд талархал илэрхийлж, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг 2011 онд болох Дэлхийн ардчилсан холбооны хуралд ирж, оролцохыг урилаа. Мөн энэ оны арваннэгдүгээр сард Дэлхийн ардчилсан холбооны залуучуудын чуулга уулзалт болох ба энэ уулзалтанд монголын талын төлөөлөгчдийг урих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг түүний урилгыг хүлээн авч байгаагаа илэрхийлж “ Монгол Улсад энэ жил Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү баярыг орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж байгаа талаар онцолж, Дэлхийн ардчилсан холбооноос явуулж буй үйл ажиллагаа, бодлого чиглэлийг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлээ. Энэ үеэр мөн тэд хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа ярилцаж, хамтын ажиллагааг улам сайжруулах талаар санал солилцсон юм байна.
Г.Дарь