Ардчилсан Нам зүүн үү эсвэл баруун уу?

Хуучирсан мэдээ: 2010.10.09-нд нийтлэгдсэн

Ардчилсан Нам зүүн үү эсвэл баруун уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр Монголын улс төрийн гэгдэх намууд юуны тулд яах гэж ажилладаг зорилгоо танилцуулахын хажуугаар өөрсдийгөө чухам хэн гэдгээ таних гэж оролдож эхэллээ. Хамгийн түрүүнд МАХН өөрийгөө толинд харж хэн гэдгийгээ таних гэж хичээж захиалгат нэвтрүүлгүүд явуулж нэрээ солино, үзэл баримтлалаа өөрчилнө ч гэх шиг байж боломгүй үймээн шуугиан цацаж, нам дотроо замбараагүйтэл үүсгэж, хэвлэл мэдээлэлд зөрөөтэй алдаатай мэдэгдэлүүд өгсөөр. Ямарч л гэсэн МАХН зүүн төвийн үзэлтэй гэхдээ баруун үзлийг дэмждэг гэж олон нийтэд болон сонгогчиддоо ойлгуулах гэж оролдох тийм ч муу зүйл биш. Цаашид хэн болохоо удахгүй хуралдах Их хуралаараа харуулна биз.

    Тэгвэл АН тэгээд одоо ямар нам бэ? АН дотроо ийм зөрчилүүдтэй юу? АН яг л МАХН-тай адил бас хэнийгээ ч олж тодорхойлоогүй нам уу? Тодорхойлоогүй бол тэгээд хэзээ тодорхой болгох гэж зарлаж мэдээлэх вэ? АН ядаж зүүний нам уу эсвэл барууны нам уу? Зүүний эв хамт социал демократ тал руугаа юу эсвэл барууны ганцаараа салангид либертар тал руугаа юу? Энэ асуултуудыг АН-ын улс төрийн мэргэжилтэнүүд товч тодорхой, муруйж хазайхгүй, тэвдэж сандрахгүй, тайван даацтай хариулбал олон сар дуугүй суусаны ач тус гарах бүрэн боломж ирлээ.

    АН баруун эсвэл зүүн гэж хатуугаар улс төрийн үзлээ тодорхойлж тэр замаараа явж чадвал Монголд жинхэнэ улс төрийг буцааж авчирах сайхан нөхцөл бүрдчихээд байна. Мэдээж АН-ын дотор олон олигархууд барууныг л барих гэнэ. Тэнд бас улс төрийн либертар үзлийг сахидаг баруунжсан урсгал бүрэн байраа эзэлсэн. Тэр нөхөд АН-ыг баруун луу л чангаана. Харин барууныхнаас холдож зүүн зам руу явах гэсэн хэсэг дийлэнх байх ёстой. Яагаад гэвэл зүүн үзэл олонхийг төлөөлдөг. Ардчилал өөрөө зүүний илэрхийлэл. Эндээс харахад АН дотор яг МАХН-тай адил улс төрийн үзэл тодорхойгүй хэвээрээ байна. АН дотроо ямар нэг хэмжээгээр илүү ардчилалтай тул энэ үзэл баримтлалын зөрчил илүү хүчтэй явагдах болов уу.

    Сүүлийн 20 жилд хийсэн АН-ын нэг том алдаа гэвэл улс төрийн хамгийн их ач холбогдолтой “оппозиц” сөрөг хүчин гэсэн улс төрийн соёлыг Монголын хөрсөн дээр буулгах үүргээ биелүүлж чадаагүй явдал. Хэрвээ АН сөрөг хүчний үүргээ ойлгож түүнийг эзэмшиж чадсан бол өнөөдөр ийм идэвхигүй хэтэрхий наймааны дэндүү олигархи нам болохгүй байх боломж байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл сөрөг хүчин байна гэдэг МАХН-ыг эсэргүүцдэг эсрэг нам биш гэдгээ харуулна. Нөгөөтэйгүүр шууд нийлээд наймаа хийхгүй харин ч ардчиллын жинхэнэ шинж чанараа улам баталгаажуулна. Өнөөдөр нэгэнт улс төрд сөрөг хүчингүй болсон тул хаана ардчилал байна гэх вэ. Монголын улс төрд сөрөг хүчин үгүй гэдэг Монгол оронд ардчилал алга гэсэн шууд ойлголт.

    Их хурал дотор АН нэгэнт сөрөг хүчин биш тул өнөөдөр Засгийн газрыг хэн ч шүүмжлэхгүй. Хамгийн осолтой нь хэн ч Засгийн газрыг хянах боломжгүй байна шүү дээ. Үүнтэй адил бас ямар ч хяналтгүй ямар ч шүүмжлэлгүй парламентыг ямар парламент гэх вэ. Ийм амьд биш ийм ноомой парламентын танхим дотор одоо л АН сөрөг хүчин гэдгээ харуулж мэдлэг чадвар гаргах ёстой бус уу. АН юу сурч мэдсэнээ ард түмэндээ харуулж тэдний итгэлийг олж авах хугацаа нэгэнт болжээ. Хэн хугацаагаа мэдрэхгүй хоцорно вэ түүнийг амьдрал шийтгэнэ гэж үг бий. АН жинхэнэ биеэ даасан эрийн цээнд хүрч чадсан нам л юм бол одоо энэ МАХН-ын хямралаас ашиг олж бөөн бөөн олзтой үлдэх ёстой. Энэ чинь улс төрийн наад захын сурах бичигт бичигдсэн шүү дээ.

    АН насаараа бол эрийн цээнд хүрчихсэн мэдлэг чадвараараа харин арван жилийн хүүхэдийн хэмжээнд мэтээр ажиглагдаж болохгүй. Энэ нам цус солилт хийх чухал асуудалыг анхаарахгүй орхисоор. Улс төрийн өндөр боловсролтой ёстой л мэдлэг чадвар нь ханачихсан тийм хүмүүсийг намын удирдлагад олшруулахгүй харин ч явцуурч ердөө л фэнүүдээ намын эгнээнд авч харин шүүмжилсэн засаж залруулах гэсэн хүмүүсийг гадуурхсаар. АН-ын фэнүүд бол магтаж хөлөө хугартал дагаж гүйхээс биш намыг чанаржуулж эрийн цээнд хүрэхэд тийм ч тус болох хүмүүс биш.

    АН ерөөсөө ардчилсан гэсэн өөрийн жинхэнэ мөн чанараа буцааж авахыг хүсвэл мөнгөтэй хүмүүсээсээ салах хэрэгтэй. Мөнгө ардчиллыг унагадаг. Мөнгө ардчиллыг багалзуурддаг. Мөнгө ардчиллыг булшилдаг.

    АН-ын энэ идэвхигүй дэндүү улс төрийн наймаан дээр тогтсон зан характер Монгол оронд улс төрийг бойжиж ард иргэдийн жирийн асуудал болох сайхан боломжид хор нөлөө учруулсаар. Улс төрийн морал, хариуцлага, улстөрч хүний шулуун шударга зан төрх бүгд үгүйлэгдсээр. АН залуучуудад буруу үлгэр дууриал болсоор. Залуучууд ардчилсан үзлийг эрхэмлэж социалист үзлийг хоцрогдсон мэтээр ойлгож буй нь үргэлж ажиглагддаг. Гэтэл улс төрийн утгаараа ардчилал чинь зүүн үзэлтэй адилхан ойлголт шүү дээ. Ардчилал ерөөсөө өөрөө зүүн. Зүүн гэдэг чинь шууд л залуучуудынх гэсэн улс төрийн ойлголт. Харин консерватив барууных тул хуучинсаг үзэл шүү дээ.

    АН-ын анхнаасаа л зарлаж тунхагласан “Ардчилал” бол жинхэнэ зүүнийх. Яагаад гэвэл зүүн гэдэг нэгд олонхийг төлөөлдөг хоёрт шинэ зүйлийг үзэж алддаг. Маш шинэлэг реформ хийх дуртай хүмүүсийн шинж төрх. Харин МАХН баруун байх ёстой. Яагаад гэвэл тэд хуучин нэрээ авна гэж хуучинсаг үзэлтэй бас үндэсний ардчилал гэж ёстой барууны үзлийг дэмжиж буй тул консерватив бөгөөд алдаа ч гаргахаас айдаг шинийг хийхээс ухардаг үзэл.

    АН Монголын улс төрийн газрын зургийг шинэчилж түүхэн нам болох боломжоо алдаж хэт их улс төрийн буурь суурьгүй загнаснаар улс төрийн намын шинэ сайхан соёлыг Монголын хөрсөн дээр буулгах гол үүргээ биелүүлээгүй. Монгол орон шиг намуудын туршлаггүй, улс төрийн онол орж ирээгүй ийм онгон оронд нам байгуулах тийм ч хүнд төвөгтэй байх учиргүй. Швейцар гэх мэт намын болон улс төрийн хэт их аюулуудыг түүхэндээ үзээгүй орнууд намын тухай маш уян хатан хуультай тул тэнд нам байгуулахдаа заавал бүртгүүлж хүнд сурталддаггүй. Ердөө л төрийн бус байгууллага гэдгээрээ ямар ч хүндрэлгүй явагддаг. Гэтэл Герман орон хэт барууны намууд гарч ирэн үндсэрхэг үзлийг даваргасан намууд тус орныг ямар аюулд учруулдаг байсан гашуун туршлагатай тул тэр оронд намыг заавал бүртгэж хуулийн хараанд байлгадаг. Герман мэтийн орнуудын намын тухай хэт хүнд сурталтай хуулийг Монгол орон заавал хуулж авах шаардлагагүй л байсан.

    Монгол оронд улс төрийн болон намуудын соёлтой, ухамсартай оюунлаг орчиныг АН хийж бүтээж чадалгүй өөрөө өөртэйгээ зууралдсаар өнөөдөрийг хүрлээ. Удирдлагууд олон олноороо Америк орон луу зоридог хэдий ч улс төрийн боловсрол авсан уу гэдэг тийм ч оцойж гозойхоор харагдахгүй л байна. Ер нь Европын хүн ам цөөтэй авсаархан донжтой амьдардаг Скандинавын болон Швейцар гэх мэт орнуудаас улс төрийн соёл болон намуудын ёс зүйн мэдлэгүүдийг авч хэрэгжүүлсэн бол улс оронд өнөөдөр ажилгүйдэл тархаж, газрын наймаа гаарч, улс орны хөгжилд чухал ач холбогдолтой боловсролын хямрал нүүрлэж бас шинжлэх ухааны академийн ялзралууд явагдахгүй л байсан. Намууд ямар вэ улс орон яг л тийм байдаг шүү дээ.

    Ардчиллын үнэт зүйлүүд гэгдэх эрх чөлөө, тэгш байдал, ахан дүүсэг гэх мэт хаана байна. Ганцхан эрх чөлөө юу ч бүтээхгүй. Хүн бүрийн тэгш байдал мөн ахан дүүсэг ажил хөдөлмөр улс орныг хөгжүүлнэ шүү дээ. АН өөрөө ардчиллаа умартсаны баталгаа гэвэл иргэний хөдөлгөөнүүд олноор үүсэж жижиг намуудтай хамтран ардчилалын орон зайг эзэлсэн явдал. Үүнд АН улс төрийн дүгнэлт хийх ёстой. Хэрвээ АН алсын хараатай алхам хийхийг зоривол зүүний үзлийг авах ёстой. Яагаад гэвэл МАХН зүүний орон зайгаа орхих гэж байна. Гуравдагч зам эсвэл төвийг барина гэж нагаржунайтах хэрэггүй л болов уу.

    Ерөөсөө Монгол амьдралд энэ барууны либертар үзэл таарч тохироход тун бэрхшээлтэй. Олон зуун сая хүн амтай олон үндэстэнүүд нийлж амьдарсан Америк оронд энэ либертар үзэл ургах хөрстэй. Яагаад гэвэл энэ үзэл чамтай ямар ч хамаагүй би ганцаараа хүн тусдаа салангид явах гэсэн үзэл. Харин адилхан хэлтэй, нэг л уламжлалтай, нэг л түүхтэй, адилхан хүсэл эрмэлзэлтэй Монгол оронд энэ либертар үзэл даанч тохирохгүй.

    Яагаад АН өнөөдөр Их хурал дотор сөрөг хүчний үүргээ биелүүлэхгүй номхон даруухан сууна вэ гэдэг олон зүйлийг бодогдуулна. Улс төрийн намын эцсийн зорилго эрх мэдлийг алсдаа авах байдаг. Ердөө л үүний төлөө ажилладаг. Яагаад гэвэл эрх мэдэл авсаны дараа л тухайн нам ард түмэндээ амласнаа биелүүлнэ бас сонгогчдынхоо сонгосон итгэл найдварыг биелүүлэх боломжтой. АН сөрөг хүчний боломжоо ашиглахгүй байна гэдэг нэг бол юу ч хийх хэрэггүй гэж одоогийнхоо нөхцөл байдалд эвлэрч тохиролцсон эсвэл зориод байх дээдийн дээд улс төрийн эрмэлзэл дутагдсаных.

    АН өнөөдөр хэн бэ гэдгээ үзүүлэх хугацаа иржээ. АН гэж хэн бэ? Баруун уу эсвэл зүүн үү? Олонхийг төлөөлдөг хэвээрээ юу эсвэл цөөн хэдэн ашиг сонирхолын бүлэглэлүүдийн орогнол уу? Анх гарч ирж байсан эрч хүч хайчив? Ардчиллыг булшлах уу эсвэл дахин сэргээх үү? АН урагшлах уу эсвэл ухрах уу?

    Доктор профессор С. Молор-Эрдэнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж