Цонхоор хараач, сүүлчийн навчис тасарч байна

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Цонхоор хараач, сүүлчийн навчис тасарч байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Бүрх малгай жишүүхэн духдуулж, урт хөх цувныхаа хормойгоос бороо дуслуулан, галын дэргэд намайг цоо ширтэн суугаа намар цаг надтай юу ч үл ярина.

    Үе үехэн сэвэлзүүр салхи нь салхилж, өглөө оройдоо огторгуйн шаргал наран царцчихсан юм шиг илчгүйхэн төөнөнө. Бодлогшир ухаар гэж моддын зоосон шаргал навчис ганц нэгээрээ хаялж, уул ус юугаа орхиж үл тэвдэх усны шувуудын зүрх зүсэм ганганаа сэтгэл сэмлэнэ. Намар цаг чи ийм уйтайсан бил үү.    

    Саяхан л урган нахиалж байсан ургамал модод нүцгэрч, дэгдээхэй юугаа нисгэж сургах гэж ангир шувуу өөрөөсөө ч том болж торнисон үрсээ тэнгэрийн дайд тийшхи уртын урт аялалд бэлдүүлэн хатуужуулж, эвш баавгай бамбаруушуудтайгаа цуг хатуу цагийг давах ичээ бэлдэнэ. Бүх зүйл хорвоо ертөнцийг орхин одох гэж байгаа мэт эзгүй хоосон буйд аглагыг зөгнөнө. Намар цаг чи ийм гаслангуй бил үү.
    Улирч өнгөрснийхөө алдаа эндэгдлийг аргадан зөөллөх, орчлон ертөнц, амьдрал, цаг хугацааны үнэнийг чинхүү сэтгэлээсээ ухаарах алтан агшныг хүмүн бидэнд олгоно. Үргэлжид наран мандаж, үргэлжид сайн сайхан байх юм шиг сэтгэх хүмүнд намар цаг аугаа их ухаарал болон шаргалтана. Хөөрч догдлон, хүсч тэмүүлэх гэж хавар цаг ирдэг байтал ухаарч санааширч, бясалган бод хэмээн намар цаг ирдэг ажээ. Хэнэггүй идэрхэн насны алдаа оноо бүхнийг дэнслэн цэгнүүлэх намар цаг чи уйтай ч гэлээ гаслангуй биш билээ. Чухамхүү сэтгэл сэнсэртэл гэгэлзүүлэх чиний л салхи, бороо, туниа муутай шаргал наран, жиндүү үдшийн чинь аалинд хүмүн төрөлхтөн эрийн цээнд хүрч, оршихуйн утгаа ухаарнам билээ.

    Цонхны цаана шаргал навчис цас адил бударна. Бүүдгэр тэнгэрийн хаяанд ганц нэгхэн од мичид анивалзан их хотод намрын үдэш иржээ. Оньсого мэт түүний араас:

    -Намрын бороо зөөлөн шивэрэхэд аав минь даанч дуртай
    Насыг нь зөөн буцсаар байгаа шувуудад хайртай…
    хэмээн орчлонгийн мөнх бусыг ухааран гуниглан шүлэглэсэн нь байхад,
    Шаргал талын өвс халиурах нь сайхан
    Шанхны үзүүрт салхи сэвэлзэх нь сайхан
    Сартай шөнө бухал дээр унтах сайхан
    Чамайг зүүдлээд, газарт ойчих сайхан… гэж догдлонхон шүлэглэсэн нь бий. Тийм ээ, намар чи юутай таашгүй, юутай оньсого мэт билээ. Нэг л намраар ээжийнхээ гараас хөтлөн анх сургуульд орсонсон. Нэг л намраар амьдралд хөл тавьж ажлын гараагаа эхэлсэнсэн. Нэг л намраар үглэж яншиж, загнаж зандардаггүй ч буруу, зөвийн шүүлтүүр болсон тэр л харц үүрд орхиод одсонсон. Байнга зааж сургаж байгаагүй ч хаа нэгтээ хэлэх "хатуу", "зөөлөн" үгс нь амьдралын чиг шугам, бас "ухаарал” байсан учраас энэ намраас түүнийгээ эргүүлэн нэхнэ. Намар ирдэг, буцаад явдаг болохоор л уул мэт нөөлөг, уужим саруул, холч мэргэн бодол, хал нь гаднаа хайр нь дотроо тэнгэрлэг ухаан бидэнд заяасан ажгуу.

    Олныг эргэцүүлэн ийн суухуй ганцаардал гээч ямархан хүнд гэсгээл болохыг таньж ядна. Бүрх малгай жишүүхэн духдуулж, урт хөх цувныхаа хормойгоос бороо дуслуулан, галын дэргэд намайг цоо ширтэн суугаа намар цаг надтай юу ч үл ярина. Энгэр заамнаас нь хагд цэцэгсийн үнэр ханхийж, урт аяны замд тоосорсон гутал дээр нь өнгөрсөн бүхний дурсамж наалдан хоцорчээ. Удаан тухлахаар ирээд ямар нэгэн тайлбаргүй  яаруу сандруухан буцах зочин шиг намар цаг  надад таашгүй оньсого үлдээн одно. Олон олон намар цаг надад ийм л зөн совин, сэрж мэдрэхүйг үлдээнэ.
    Хүний амьдрал богинохон, хөрст дэлхий уужим болохоор буцахаа мартсан шувууд шиг буурал намраар би буцаж, хүү минь бодлогоширч үлдэнэ.

     Намар цаг аа гэж…      
              

    Л.НАРАНТӨГС

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж